Өмнөд Африкийн тосгон эрдэнэсийн хайгуулчдаар дүүрчээ

2021 оны 06-р сар 15-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Африкийн КваЗулу-Натал мужийн КваХлати тосгоны ойролцоо алмаз эрдэнэтэй адилхан харагдах чулуу олдсонтой холбоотойгоор тосгонд Өмнөд Африкийн өнцөг булан бүрээс эрдэнэс хайхаар хэдэн зуун хүн цугларчээ.

КваХлати тосгоны малчин хээр талаас нэгэн чулуу ухаж олж авсан ба тосгоныхон уг чулууг алмаз эрдэнэ гэж итгэн, өнгөрсөн бямба гарагаас эхлэн эрдэнэсийн эрэлд гарч, газар ухаж эхэлсэн аж.

Уг үйл явдлын талаар сонссон Өмнөд Африкийн иргэд эрдэнэс хайхаар КваХлати тосгонд зуу зуугаараа ирсэний дийлэнх нь ажилгүй, цагийн ажил хийдэг хүмүүс аж.

Өмнөд Африкийн Уул уурхайн яам дээрх чулууг болон чулуу олдсон талбайг шинжлүүлэхээр геологийн болон уурхайн мэргэжилтнүүдийг КваХлати тосгон руу илгээсэн гэжээ.

Чулууны гарал үүсэл нь тодорхойгүй байгаа нь эрдэнэсийн хайгуулчдыг зогсоосонгүй. Чулуу олдсон газраас холгүй замын хоёр талаар олон тооны автомашинууд зогссон харагдах ба хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гээд хэдэн зуун хүн хүрз, зээтүү, сэрээ зэрэг байж болох бүх төрлийн багаж хэрэгслээр газар ухаж байгааг харж болох юм.

Өмнөд Африкт ажилгүйдлийн түвшин өндөр бөгөөд үүнтэй холбоотойгоор сая сая иргэд нь ядуу амьдарч байгаа ба коронавирусын цар тахлын улмаас нөхцөл байдал улам дорджээ.

КваХлати тосгоны ойролцоогоос олсон чулуунуудаа зарим иргэд 7 ам. доллараас 21 ам. доллар хүртэлх үнээр борлуулаад эхэлжээ.

Эрх баригчдын зүгээс чулуу олдсон газарт шалгалт шинжилгээ хийх хэрэгтэй байгааг онцолж, эрдэнэсийн хайгуулчдыг явахыг шаардаад байна.

Түүнээс гадна олон хүн нэг дор цугларах нь коронавирусын халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/africa/diamond-rush-grips

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.