Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс

2021 оны 07-р сар 04-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Монгол улсад сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 54,600 хүн хорт хавдраар оношлогдсоны 15% нь ходоодны хорт хавдраар өвчилсөн байдаг. Ходоодны хорт хавдар нь тархалтаараа элэгний хорт хавдрын дараа бичигддэг юм.

Ходоодны хорт хавдрын эхэн үед шинж тэмдэг бараг илэрдэггүй тул эрт оношлоход хүндрэлтэй байдаг. Хавдар хэдийн биеийн бусад хэсэгт тархсаны дараа оношлогдох нь бий. Энэ нь эмчилгээний явцад илүү хүндрэл учруулдаг байна. Манай улсын хувьд ходоодны хорт хавдрын 88% нь хавдрын III болон IV шатандаа оношлогддог.

Таны ходоод бол хоол боловсруулах тогтолцооны дээд хэсгийн ердөө нэг хэсэг нь бөгөөд хоол хүнсийг боловсруулан шим тэжээлийг бусад хоол боловсруулах тогтолцооны эрхтнүүдэд хүргэх үүрэгтэй байдаг.

Ходоодны хорт хавдар үүсгэгч хүчин зүйлс

Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээ бага байх, хелико бактерийн халдвар авах, удамшлын генийн өөрчлөлт, амьдралын буруу хэмнэл зэрэг нь ходоодны хорт хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс болдог. Үүний зэрэгцээ ходоодны хорт хавдар нь удаан хугацааны туршид тодорхой шинж тэмдэггүй үргэлжлэн хүндрэх магадлалтай эмгэг тул нас нэмэх тусам хавдрын эрсдэл нэмэгддэг байна.

Ходоодны хорт хавдрын үед таны биед ямар өөрчлөлтүүд мэдрэгдэх вэ?

Ходоодны хавдрын эхний үе шатанд тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Харин ходоодны хорт хавдрын хожуу үед дараах зовуурь, шинж тэмдгүүд илэрнэ:

  • Дотор муухайрах, бөөлжих

  • Ойр ойрхон шар хөөрөх буюу цээж хорсох

  • Хоолны дуршил буурах, огцом турах

  • Гэдэс байн байн цанхайх

  • Багахан идээд цадсан мэдрэмж төрөх

  • Цустай гүйлгэх

  • Шар өвчин

  • Ихээр ядарч сульдах

  • Хоол идсэний дараа гэдсээр өвдөх

Ходоодоо хэрхэн хамгаалах вэ?

Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хэдий хэцүү ч эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой. Үүний тулд:

Давс багатай хоол хүнс хэрэглэх

Давс нь ходоодны ханыг гэмтээдэг бөгөөд цаашлаад ходоодны хорт хавдар үүсэх хүчин зүйл болох эрсдэлтэй. ДЭМБ – аас зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоногт 5 граммаас хэтрэхгүй давс хэрэглэх ёстой байдаг. Давсны хэрэглээг багасгаснаар зөвхөн ходоодоо хамгаалаад зогсохгүй цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс зэрэг эмгэгээс өөрийгөө хамгаалахад тустай.

Махны хэрэглээгээ бууруулах, хэт их мах хэрэглэхээс зайлсхийх

ДЭМБ – аас гахайн утсан мах, салями хиам, зайдас зэрэг боловсруулсан махыг “Group 1 carcinogen” буюу “1-р бүлгийн хорт хавдар үүсгэгч” гэж ангилсан. Харин үхрийн мах, хонины мах, гахайн мах зэрэг улаан махыг “хавдар үүсгэж болзошгүй” гэж ангилсан байдаг. Мэдээж мах бидний биед хэрэгтэй олон витамин, эрдэс бодисыг агуулдаг тул хэрэглээнээсээ бүрэн хасах шаардлагагүй. Үүний оронд ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүнээр хоол хүнсээ баяжуулж болох юм.

Архи, согтууруулах ундааг тохируулж хэрэглэх

Согтууруулах ундаа нь хоол боловсруулах тогтолцоог цочроодог. Бага зэрэг архи уухад л бидний ходоод илүү их хүчил ялгаруулж ходоодны үрэвсэл бий болоход нөлөөлөх хүчин зүйл болж байдаг. Энэ нь урт хугацааны туршид үргэлжилбэл ходоодны хорт хавдар үүсэх үндсэн шалтгааны нэг болох эрсдэлтэй юм.

Тамхины хэрэглээг багасгах/тамхи татахаа зогсоох

Тамхи татах нь ходоодны хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, тэр дундаа улаан хоолойн ойролцоо байрлах ходоодны дээд хэсэгт хавдар үүсгэх аюултай. Тамхи татдаг хүмүүс ходоодны хорт хавдраар өвчлөх магадлал тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад 2 дахин их байдаг.

Хелико бактерийн халдвараас өөрийгөө хамгаалах

Монголчуудын дунд өөх тос ихтэй хүнсний хэрэглээ, нийтийн хоолны ариун цэвэр хангалтгүй зэргээс үүдэн хелико бактерийн халдвар өндөр тархалттай байдаг. Хелико бактери нь ходоодны шархлаа үүсэх гол шалтгаан бөгөөд, цаашлаад ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Амаар дамжин цааш ходоод, гэдэсний замаар тархдаг байна. Дараах алхмуудыг мөрдөн өөрийгөө болон хайртай хүмүүсээ хелико бактерийн халдвараас урьдчилан сэргийлээрэй:

  • Ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа, хоол хийх болон идэхийн өмнө гараа тогтмол угаах

  • Цэвэршүүлсэн ус хэрэглэх, хоол хүнсний ахуйн хадгалалт, эрүүл ахуйд анхаарах

  • Ариун цэврийн шаардлага хангаагүй нийтийн хоолны газруудаар үйлчлүүлэхээс зайлсхийх

  • Аяга тавгаа бусадтай солилцохгүй байж, тусдаа хэрэглэх

Хорт хавдар гэдэг бол өндөр эмчилгээний зардал, цаашдын амьдралын хэв маягийн өөрчлөлтөөр хэмжигдэх зүйл биш билээ. Хорт хавдрын цаана алдагдсан боломжийн өртөг, өр шир, нийгмээс тусгаар мэт мэдрэмж, бусдаас хараат болох айдас, сэтгэл зүйн цохилт, ар гэрийн амьдрал гээд олон хүчин зүйлс бий.

Хэн ч бай надад хорт хавдар тусах эрсдэл байхгүй гэж итгэж болох ч бидний нөлөөлж чадахгүй, таамаглаж чадахгүй олон хүчин зүйлс бий гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Учир нь хорт хавдрыг өдий хүртэл анагаах ухаан бүрэн судалж, тодорхой болгож чадаагүй байгаа. Өөрсдөөс шалтгаалах зүйлс болох зөв хооллолтыг хэвшүүлэх, хорт зуршлаа бууруулах зэргээр ходоодоо хамгаалаарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.