Тэрээр Эх орны дуу хоолой, Кремлийн алтан гургалдай байлаа

2023 оны 05-р сар 09-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Түүнийг Кремлийн торонд орсон алтан гургалдай, коммунист дэглэмийн дуу хоолой гэхэд хилсдэхгүй. Өнөө хэр энэ мэт утгаар түүнийг “өргөмжлөөгүй” байх. Гэтэл бүтэн тавин жилийн турш тэрээр коммунизмын үзэл суртлын аппаратын яруу тунгалаг дуу хоолой байсаар ирсэн түүхтэй. Хувь тавилан нь тийм байж. “Москвагаас ярьж байна” хэмээн радио өргөн долгионы онц чухал мэдээлэл хүргэх түүний аргил дуу хоолойг Зөвлөлтийн олон сая иргэд амьсгал даран сонсож байсан цаг үе үнэндээ урт, удаан байв. Хүний сэтгэл санааг эрхтгүй гүн эзэмддэг, өөр хаа ч байхгүй уянгалаг “өтгөн” дуу хоолой түүнд байлаа. Тэр бол Юрий Левитан, ЗХУ-ын ардын жүжигчин, улс, хөдөлмөрийн баатар, нийгмийн гавъяат зүтгэлтэн гэх зэрэг олон өндөр нэр хүндлэл байдаг бол түүнд ардын нэвтрүүлэгч гэх алдар оноодог байв.

Аугаа их эх орны дайны жилүүдэд гуравдугаар Рейхийн удирдагч Гитлер түүнийг № 1 дайснаа гэж үздэг байсныг бодоход дайны гольдролыг эргүүлэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг онцгой. Оросын ард түмэн чухам түүний дуу хоолойгоор зоригжин хат нэмж, дайны хүнд бэрхийг ардаа орхисон гэх үндэслэл байдаг.

Түүний нас сүүдэр нэгэн зууныг даван оджээ. 1914 оны аравдугаар сарын 2-ны өдөр Оросын хязгаар нутгийн Владимир хотноо нэгэн Жүүд гэр бүлд төрсөн тэрээр хар багаасаа жүжигчин болохыг мөрөөдөж байсан гэдэг. Гэвч Москва орж кинотехникумд элсэх томилолт авсан тэрээр элсэлтийн шалгалтандаа унасан байна. 17 настай шавилхан хүүгийн дуу хоолой төрөлх Владимир хотынхоны аялгаар хэтэрхий огцом өргөлт, нугалаатай байсан учир элсэлтийн комиссийнхон түүнийг тоож ч анзаарсангүй. Хязгаар тосгоны эгэл нэгэн хүү юуны хамаа байхав. Харин амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүд жинхэнэ аз тохиосон байна.

Нутаг буцахаар шийдээд байсан эгзэгтэй яг тэр үедээ тэрээр  радиод нэвтрүүлэгч шалгаруулж авах зарлал олж сонсож, нэгэнт өнгөрсөн, одоо яасан ч яахав гэж зориг шулуудан шалгалтын комиссийн өмнө дахин зогсоход хүрчээ. Шалгалтын комиссийнхоны дотор харин аз болж Мхатовын алдартай жүжигчин Василий Качалов таарч, залуу хүүгийн цэгцтэй тод, суурьтай, илбэн татах мэт увидастай дуу хоолойг олж сонссоноор Юрий Борисович Левитан гэх эрин зууны домогт нэвтрүүлэгч төржээ. Үеийн нөхөд нь түүнийг Бүрээ (Труба) хэмээн хочилдог байсан нь оносон гэлтэй, хүүхдээ хайж цөхөөд залхсан эхчүүд түүнээр дуудуулахад дуу хоолой нь хэдэн гудамж алгастал тод сонсогддог байж.

Юрий Левитан Радио хороонд дадлагажигчаар орж удалгүй № 1 нэвтррүлэгч болсон төдийгүй нэр алдрынхаа хувьд тэр үеийнхээ алдарт кино жүжигчин Любовь Орловатай эн зэрэгцэж байв.

Тэр өндөрлөгт хүрэхийн тулд Левитан эхэн үедээ шургуу хичээл зүтгэл гаргаж «володимирийн аялгаас» салахыг чухалчилж байжээ. Энэ хичээл зүтгэл нь үр дүнгээ өгч удалгүй Юрийд «Правда» сонины мэдээлэл, өгүүллэлүүдийг радиогоор уншиж байх даалгавар өгчээ. Тухайн үед тус сонины маргаашийн дугаарт гарах өгүүлэлүүдийг урьд шөнө нь радиогоор уншиж, хэвлэх үйлдвэрийнхэн түүнийг нь сонсоод шууд үсгээ өрж хэвлэлд шилжүүлдэг байж. Гэтэл уг даалгавар аваад радиод дуугарсан эхний өдөр нь түүний дуу хоолойг Сталин олж сонсоотхож. 

Зөвлөлтийн их удирдагч ажлын өрөөндөө шөнө дөл болтол суудаг, радиогоо ч ер унтраадаггүй байж. Левитаны хоолойг сонссон даруйдаа тэрээр ЗСБНХУ-ын Радио хорооны даргын утас руу залгаж маргааш өглөө намын XVII их хуралд тавих түүний илтгэлийг нэвтрүүлэгчээр уншуулах тушаал буулгасан байна.

Маргааш өдөр нь 12 цагт сандарч догдолсондоо царай нь хувхай цайсан Левитанд Сталины илтгэлийг авчирч өгчээ. Тэр «үлэмжийн өндөр хариуцлагатай» илтгэлийг таван цагийн турш тасралтгүй, ганц ч алдаа гаргалгүй уншсанд Радио хорооны дарга нар итгэж чадахгүй байсан юм гэдэг. Дараагийн өдөр нь арван есөн настай залууг Зөвлөлт холбоотын тэргүүн нэвтрүүлэгчээр тохоон томилж байсан байна. Левитан харин энэ онцгой үүрэг хариуцлагаа насан туршдаа өндөр ухамсарлаж өөрийн уншилтаа улам сайжруулан хөгжүүлсээр байсан бөгөөд өөд сөргөө, баруун зүүн тийш, ер нь хааш нь ч харуулж тавьсан хуудас цаасан дээрээс үг, үсэг бүгдийг алдалгүй, завсар чөлөөгүй үргэлжлүүлэн, тасралтгүй унших чадвартай болсон байлаа.

41 оны зургадугаар сард Левитан дайн эхэлсэн тухай сэтгэл хирдхийлгэм мэдээг анхлан уншсанаас хойш дараагийн дөрвөн жилийн турш фронт дээрх нөхцөлд байдал, шийдвэрлэх тулаан, ард түмнийхээ гавъяа зүтгэлийн тухай олон мянган мэдээллийг хүргэж байв. Маршал Рокоссовский нэгэн удаа Левитаны дуу хоолой бүхэл бүтэн дивизийн хүчтэй тэнцэнэ хэмээн хэлж байсан түүхтэй. Гитлер харин түүнийг рейхийн № 1 дайсан, Ерөнхий командлагч Сталиныг дугаар хоёр дахь дайсан гэж мэдэгдэж байжээ. Үүгээр зогсохгүй Левитаны толгойг 250 мянган маркаар үнэлж, СС тусгай ажиллагааны бүлэглэлийг Москвад хаяж, нэвтрүүлэгчийг устгах тушаал хүртэл өгч байсан аж. ЗСБНХУ-ын тэргүүн нэвтрүүлэгчийн амь насыг хамгаалахын тулд харин Оросууд түүнд тусгай хамгаалалт гарган өгч, гадаад дүр төрхийнх нь талаар хуурамч мэдээлэл тарааж байв.

Энэ явдал дараа нь Левитанд мөн гай дагуулах дөхсөн байна. 

«Бидэнд ганцхан хүсэл, Гитлерийн Германыг бүрмөсөн даран сөнөөснийг мэдээлэх тушаал хэзээ уншдаг юм бол доо гэсэн мөрөөдөл байсан. Энэ мөрөөдөл эцэст биелэж…1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр Герман бууж өгсөн мэдээ хүлээн авлаа… Энэ өдрийн орой Радиохорооны нарийн бичгийн дарга Алексей Александрович Пузин биднийг Кремльд дуудаж фашист Германыг ялсан тухай Ерөнхий  дээд командлагчийн акт уншихыг даалгасан юм. Уг актыг 35 минутын дараа гэхэд өргөн нэвтрүүлгийн долгионоор цацах ёстой байлаа.

Манай радиостуди Кремлиэс холгүй ГУМ-ын байшингийн цаана байлаа. Харин тийшээ очихын тулд Улаан талбайг хөндлөн гарах ёстой байтал хүмүүс хөл гишгэх зайгүй шавсан байв. Цагдаа нар, цэргийнхнээр бамбай хийж хүч үзээд таван метрээс цааш хэтэрдэггүй.

«Нөхдөө, бид онц яаралтай, маш чухал ажилтай явнаа!» гэж хашгираад ч болдоггүй.

«Ямар хамаа байсан юм! Левитан одоо радиогоор ялалтын тухай тушаал уншина, ёслолын буудлага хийнэ. Наанаа зогсоод зүгээр сонсож бай!» гэхээс өөр найдлагатай үг сонссонгүй.

Хэрвээ олны дунд ороод явчихвал цаашаа гарах ямар ч аргагүй болж гацах аюул байлаа. Ингэхэд гэнэт бидэнд: Кремль дотор радиостанц байдаг биз дээ, тэндээс унших ёстой юм байна! гэсэн ухаан сэртхийн орж ирлээ. Эргээд дотогш хурдан орж комендантад учир явдлаа хэлэхэд тэрээр, Кремлийн хонгилоор гүйж яваа хоёр хүнийг зогсоохгүй байх тушаал өгсөнөөр радиостанцид орцгоосон юм. Дугтуйнаас лацыг нь авч тушаал гаргаж ирэхэд 21 цаг 55 минут болж байв. Ингээд «Москвагаас ярьж байна. Фашист Германыг бут цохилоо…» хэмээн түүхт ялалтын баярын мэдээг олонд хүргэж байлаа” гэж Юрий Борисович хожим нь дурсан ярьж байжээ.

Насан туршийн амьдралаа хоёргүй сэтгэлээр ажил хөдөлмөртөө зориулсан Юрий Борисович хувийн амьдралдаа харин золгүй нэгэн байв. «Юра, чамд нэр алдар садаа төвөг болдоггүй биз?» хэмээн нэгэн удаа жүжигчин Борис Сичкин түүнээс асуухад  «Ёстой их төвөгтэй. Урьд намайг хэн ч мэддэггүй байхад би хаашаа ч явсан дур, баруун солгой хамаагүй  шүлсээ хаячихаж чаддаг байсан бол одоо ганц удаа шүлс хаяхын тулд ямар нэгэн нүх хайх хэрэгтэй болох юм» хэмээн хариулж байсан аж.

Ард олны их хайр хүндлэл харин түүний амьдрал ахуйд ер хамааралгүй байлаа. 1938 онд Левитан Гадаад хэлний дээд сургуулийн үзэсгэлэнтэй нэгэн оюутан бүсгүйд анхны харцаар дурлаж гэр бүл болсон байв. Жилийн дараа тэд охинтой болж, арван нэгэн жил хамтдаа амьдарсны эцэст нөхдийх нь шоглож хэлдгээр Мадам Приказ (Хатагтай Тушаал) өөр хүн дагаад явахад нь «Үгүй яахав яв. Найз нөхөд байя» гэж хэлж байжээ. Хэлсэндээ ч хүрч, тэрээр насны эцэс хүртэл хуучин авгайтайгаа болон түүний нөхөртэй нь сайхан найз нөхдийн харилцаатай байсан гэдэг. Шинэ жилийн үдэшлэг дээр хүртэл урьдын гэргийгээ хүн олонд танилцуулахдаа «Миний үеэл дүү» гэж хэлдэг байсан аж.

Юрий Борисович дахин гэрлэсэнгүй, насан туршдаа охин Наташа, Фаина Львовна эгчийнхээ хамт амьдарсан байна. Эгч нь түүнийг гэр орноо ямагт дулаан уур амьсгалтай байлгах гэж хичээж явсанд нь баярладаг байжээ.

1970-аад оноос Юрий Борисович шууд эфирт бараг орохоо больсон бөгөөд зөвхөн онцгой үйл явдлын мэдээлэл уншиж байхыг удирдлагаас нь даалгасан байна. Тэрээр уран сайхны болоод түүхэн баримтат кинонуудад  дуу оруулж, «Сообщения Информбюро» (“Мэдээллийн товчооны мэдэгдэл”) цуврал баримтат кинонд зургаа авахуулж байлаа. Учир нь түүнийг дайны үеэр шуурхай мэдээлэл хүргэж байхад баримтат кино зураг авах завдал мэдээж гардаггүй байсан байна.

Түүнд Зөвлөлтийн радио, телевизийн нэвтрүүлэгч нарын дундаас анх удаа ЗСБНХУ-ын ардын жүжигчин цол олгосон бол олны дунд ардын нэвтрүүлэгч гэсэн хүндлэлээр алдар нь мөнхөрчээ. 

1983 оны наймдугаар сард Юрий Борисовичийг Орёл болон Белгород хотыг чөлөөлсөний 40 жилийн ойн баяр ёслолд хүрэлцэн ирэхийг урьсан байна. Харин замд гарахынхаа өмнө Левитан зүрхээр хатгаж өвдөж байгаагаа хэлэхэд нөхөд нь түүнийг явалгүй үлдэхийг ятгасан боловч «Хүмүүс хүлээж байхад итгэлийг нь алдаад яахав» гэж байжээ. Тухайн үед агаарын хэм хэт халуун 40 градус хүрч байсан учир галт тэрэг домогт Курскийн тулаан болсон Прохоровкийн тал хүрч явахад түүний бие муудаж тосгоны эмнэлэгт очоод нас эцэслэсэн байна…

Зөвлөлтийн үеийн улс төр, эдийн засгийн амьдрал, бүтээн байгуулалт, хүнд хүчир бэрхшээл, ялалт амжилт бүхний  он цагийн хуудас болсон домогт нэвтрүүлэгч Юрий Борисович Левитан нийт 60 мянган нэгж нэвтрүүлэг хөтөлсөн байдаг аж. 66 насандаа ЗСБНХУ-ын ардын жүжигчин цол авч байсан тэрээр 1983 оны наймдугаар сарын 4-нд нас нөгчсөн байна. Москва хотын Новодевичийн оршуулгын газар түүнийг нутаглуулсан аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.