Тайланд улс ирэх сарын 1-нээс гадаадын жуулчдыг хүлээн авна

2021 оны 10-р сар 12-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Тайланд улс ирэх сарын 1-нээс эхлэн коронавирусын халдварын эрсдэл багатайд тооцогдох 10 улсын жуулчдыг хүлээн авахаар төлөвлөж байна. Тайландын Ерөнхий сайд Прают Чан Очагийн мэдэгдсэнээр дээрх шийдвэр нь эрсдэл дагуулж байгаа ч уналтанд ороод буй Тайландын аялал жуулчлалын салбарыг сэргээх чухал ач холбогдолтой алхам аж.

Коронавирусын халдварын эрсдэл багатай улс орнуудад Их Британи, БНХАУ, ХБНГУ, АНУ, Сингапур зэрэг улс орнууд багтаж байгаа ба эдгээр улсаас ирэх жуулчид нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байх ёстойгоос гадна Тайландад ирэхээсээ өмнө ба Тайландад буусныхаа дараа коронавирусын шинжилгээ өгч, коронавирусын халдваргүй гэдгээ батлах ёстой аж.

Ингэсэн тохиолдолд тухайн иргэд Тайланд улсад тусгаарлалтанд орохгүйгээр чөлөөтэй аялах боломжтой аж. Коронавирусын халдварын эрсдэл багатай улс орнуудын жагсаалтанд багтаагүй бусад улс орнуудын жуулчид мөн Тайландыг зорьж болох ч тэдгээр жуулчид нь заавал тусгаарлалтанд орох аж.

Түүнээс гадна Ерөнхий сайд Прают Чан Оча Тайландад 12-р сарын 1-нээс эхлэн энтертэйнмент төвүүдийг нээж, архи согтууруулах ундаа зарж эхлэхийг мэдэгдсэн ба цаашид илүү олон улс орнуудын жуулчдыг хүлээн авахаах төлөвлөж буй талаар дурджээ.

Гэсэн хэдий ч түүний хэлж байгаагаар коронавирусын халдварын нөхцөл байдлаас хамаарч Тайландын засгийн газар цаг тухай бүрт шийдвэрээ гаргах аж. 2020 онд л гэхэд коронавирусын цар тахлын улмаас Тайландын аялал жуулчлалын салбар 50 тэрбум ам. долларын алдагдал хүлээжээ.

2019 онд Тайланд улс нийт 40 сая жуулчин хүлээн авч байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар Тайланд улс 70 мянган жуулчин л хүлээн авчээ. Жонс Хопкинсын их сургуулийн судалгаагаар Тайланд улсад коронавирусын халдварын нийт 1.7 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 18 мянган хүн нас барсан аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.