Энэтхэгийн уугуул иргэд ой модоо аврахын төлөө тэмцэж байна

2022 оны 11-р сар 23-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн томоохон хотуудын нэг болох Мумбайд Нью Йоркийн Сентрал Парк цэцэрлэгт хүрээлэнгээс хэмжээгээрээ 4 дахин том ой мод байдаг. Аари ойд Энэтхэгийн уугуул иргэд зэрлэг ан амьтдын хамтаар амьдардаг. Дээд зэргийн үл хөдлөх хөрөнгөд тооцогдох тус ойн модыг сүүлийн хэдэн арван жилд их хэмжээгээр устгажээ.

Саяхнаас Энэтхэгийн засгийн газар ойн хэсэг газарт өмнө нь маргаан дагуулж, зогссон байсан метроны өртөө барих төслийг дахин эхлүүлэхээр төлөвлөсөн нь уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Аари ойд гэр бүлийнхээ хамт амьдардаг Прамила Бхоир, "Би моднууддаа хайртай. Хээр талдаа ч хайртай. Юугаар, яаж барьсан нь хамаагүй миний гэр бол миний сүм хийд л гэсэн үг. Гэрээ орхиод, хашаа ч явахыг хүсэхгүй байна." хэмээн ярьжээ.

Энэ бол Мумбай. Хамгийн их агаарын бохирдол, автозамын түгжрэлтэй хотуудын нэгд тооцогдох Мумбай хотод байх Аари ой нь ургамал амьтдын хувьд диваажин л гэсэн үг. Прамилагийн гэр бүлийнхнээс гадна тус ойд Энэтхэгийн хэдэн мянган уугуул иргэд оршин сууж, дэлхийд ховордсон алаг ирвэс нутагладаг. 2019 онд Энэтхэгийн эрх баригчид метроны өртөө барих зорилгоор ойн хэсэг газрын моднуудыг тайрч эхэлжээ.

Прамила уугуул иргэдийн хамтаар үүнийг эсэргүүцэн, жагсаал цуглаан зохион байгуулсан ч цагдаа нарт баривчлагджээ. Уугуул иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны дараа Энэтхэгийн Дээд шүүх ойн модыг тайрахыг зогсоох шийдвэр гаргасан аж. Гэтэл 2022 оны 7-р сард Энэтхэгийн засгийн газрын шинэ бүрэлдэхүүн метроны өртөө байгуулах төсөл үргэлжлэх ёстой гэсэн шийдвэрт хүрчээ.

Прамила мөн л уугуул иргэдийнхээ хамтаар засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн тэмцэж байна. Тэрээр, "Тэмцэхгүйгээр бид яаж ой модоо аврах вэ?" хэмээн ярьж байна. Прамила болон Аари ойд амьдардаг олон мянган уугуул иргэд Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа аж.

Энэтхэгийн эрх баригчид BBC агентлагт метроны өртөө барих төсөл нь чухал ач холбогдолтойг онцолж, уг бүтээн байгуулалт нь байгаль орчинд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.