
Архитектор гэж хэн бэ?
Хүмүүсийн амьдрах ажиллах ая тухтай, аюулгүй , эрүүл, уран сайхан орчин, орон зайг орчин үе, ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зурж төлөвлөж, түүний гүйцэтгэл, хэрэгжилтэнд нь оролцож, хяналт тавих, зааварлах, дүгнэлт гаргах замаар гүйцэтгэгч, хөрөнгө оруулагчид туслах зөвлөх үүрэг хариуцлагыг хүлээж ажилладаг мэргэжилтнийг Архитектор гэдэг.
Тэгвэл “орчин, орон зай" гэдэг нь юу вэ гэвэл: - хот суурин, хороолол, хотхон, барилга объектууд, ажлын байр, орон байр, өрөө таслагаа, ногоон байгууламж цэцэрлэг, тоглоомын талбай гээд маш өргөн хүрээг хамардаг ойлголт юм.
Архитекторыг маш эртний мэргэжил гэж үздэг. Тухайлбал 10 мянган жилийн өмнөх хотын туурь, хүмүүс гэр бүлээрээ амьдарч байсан барилгын суурь, ул мөр олдсон гэж мэдээлэгдсэн, мөн эртний пирамид, барилгын тууриуд, тэр бүү хэл монгол гэрийн хэлбэр загвар маш эртнийх, тэдгээрийг бүтээн байгуулахад санаа төсөөллийг нь бий болгож, зургийг нь бодож гаргаж байсан хүмүүсийг тэр үед хэдийгээр архитекторууд гэж нэрлэж байгаагүй ч гэсэн тухайн цаг үедээ л архитекторын үүргийг гүйцэтгэдэг хүмүүс байжээ гэж үздэг.
Сүүлд сэргэн мандалтын үеэс эхлэн энэ мэргэжил хот улсыг хөгжүүлэхэд маш чухал тэргүүлэх рольтой болж, архитекторуудыг тусгайлан бэлтгэдэг сургуулиуд ч бий болж эхэлсэн байдаг.
Одоо цагт дэлхий даяар том хот, суурин, орон сууцны цогцолбор хороолол, барилга байгууламжийн томоохон төслийг барьж байгуулахад төсөлд оролцогч олон инженер, мэргэжилтнүүдийг архитекторууд нь удирдан чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй ажилладаг.
Ийм чухал үүрэг гүйцэтгэж, гол санаа шийдлийг гаргаж, мэргэжлийн асуудлыг шийдвэрлэх багийг удирдах, хариуцлагатай, хүнд хэцүү мэргэжил тул тэдний нэр хүнд, оюуны хөдөлмөрийн үнэлгээ нь ч дэлхий даяар өндөр байдаг.
Манай улс нүүдлийн соёл иргэншилтэй явж ирсэн түүхтэй, хот суурин, барилга байшин барьж амьдардаг болоод нэг их удаагүй байгаагаас шалтгаалан нийгэм, өргөн олон, сайд дарга нар, улс төрчид архитектор гэж ямар үүрэг зорилготой ажилладаг мэргэжилтэн вэ гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй, гүйцэд сайн ойлгоогүй байдалтай байсаар байгаа нь Монголын хот байгуулалтын хөгжилд муу нөлөө болсоор л...
Монголд сайн архитекторууд олон болтугай!
Н.Цогт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.