
БНХАУ-ын зүгээс Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортонд хориг тавьсаны хариуд Япон дахь АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Японы лаоан гаралтай бүтээгдэхүүнүүдийг бөөнөөр нь худалдан авах болжээ. Японд суугаа АНУ-ын элчин сайд Рам Эмануэлийн хэлснээр Вашингтон Бээжингийн "эдийн засгийн дайн"-д өртөөд буй Токиод дээрхээс гадна дэмжлэг үзүүлэх өөр боломжуудыг хайж байгаа аж.
Японы далайн гаралтай бүтээгдэхүүний хамгийн том импортлогч байсан БНХАУ Японы Фукушима АЦС-ын хөргүүрийн цэвэршүүлсэн усыг далай руу асгаж эхэлсэнтэй холбоотойгоор Японы далайн хүнсэнд импортын хориг тавиад байгаа билээ.
Өнгөрсөн жил л гэхэд Япон улс Хятадад 90 мянган тонн хясаа импортлосон бол АНУ эхний ээлжинд дөнгөж 1 тонныг худалдан аваад байгаа ч хоёр улс цаашид урт хугацааны гэрээ байгуулж, Вашингтоны Японоос худалдан авах далайн бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгдэнэ гэдгийг элчин сайд Р. Эмануэль онцолжээ.
Японоос худалдан авсан далайн бүтээгдэхүүнүүдийг АНУ-д алба хааж буй зэвсэгт хүчнийхний хоол хүнсэнд ашиглаж, Америкийн зэвсэгт хүчний баазуудад байрлах дэлгүүр, зоогийн газруудад худалдаалах аж.
Элчин сайд Рам Эмануэлийн хэлснээр АНУ-ын зэвсэгт хүчин өмнө нь Японы далайн бүтээгдэхүүнээс худалдан авч байгаагүй ба үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Вашингтон БНХАУ-аас загас импортлодог асуудлаа дахин авч хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Үүний хариуд Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Ван Вэнбин, "Дипломатууд улс хооронд нөхөрсөг харилцаа үүсгэх хариуцлагыг хүлээдэг болохоос биш улс орнуудын нэр төрийг гутаан доромжилж, асуудал үүсгэх биш юм." хэмээн онцолжээ.
2011 оны ослоос хойш Фүкүшима АЦС-д цөмийн реакторыг хөргөх зориулалтаар ашигласан 1 сая гаруй тонн ус цугларсан ба Японы засгийн газар уг цэвэршүүлсэн усыг дэлхийн бусад АЦС-уудын адилаар бага багаар далай руу асгах шийдвэр гаргасан юм.
Токио тухайн ус нь олон дахин цэвэршүүлсэн ус учраас далайд асгах нь аюулгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн ч Бээжин Японы далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийн импортонд хориг тавьсан билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.