Сколиоз буюу хажуугийн мурийлт эдгэрэх боломжтой юу

2022 оны 09-р сар 23-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

СКОЛИОЗ БУЮУ ХАЖУУГИЙН МУРИЙЛТ ЭДГЭРЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Манай эмнэлэгт ирж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн байдлаас харахад маш олон өсвөр насны хүүхдүүдэд сколиозын илэрхий шинж тэмдэг илэрч байдаг ч эцэг эхчүүд тэр бүр анзаарахгүй байсаар байдаг нь олон.

Багана нуруу нь хүзүү, бүсэлхий орчимд хотгор, сээр ууцны хэсэгт гүдгэр хэлбэртэй байдаг ч эгц урд болон арын байрлалаас харахад нэг шугаманд тэгшхэн байрладаг байх ёстой. Энэ эгц байрлал алдагдах буюу нуруу хажуу тийш мурийхыг сколиоз (scoliosis of spine) гэдэг.

Өөрөөр хэлбэл багана нурууны нэг төрлийн хэвийн бус байдал хажуугийн муруйлтаар илэрдэг. Ихэнхдээ сколиоз нь ердийн шулуун нуруутай харьцуулахад нурууны өвөрмөц S эсвэл С хэлбэрийн муруй үүсгэдэг.

Мурийлтын өнцгөөр нь В.Д.Чаклины үзүүлэлтээр бол

1-р зэргийн муруйлт. 5-10 градус

2-р зэргийн муруйлт. 11-30 градус

3-р зэргийн муруйлт. 31-60 градус

4-р зэргийн муруйлт. 60 градусаас их гэж ангилдаг.

Мурийлтын нумын хэлбэрээр нь

- С хэлбэрийн

- S хэлбэрийн

- Z хэлбэрийн гэж ангилна

Нурууны хажуугийн мурийлт буюу сколиозыг Коббын өнцөгөөр хэмжих бөгөөд энэ нь 10°-аас их байгаа тохиолдолд сколиоз гэж тооцдог.

Сколиозын шинж тэмдэг

Сколиозтой өсвөр насныханд нуруугаар өвдөх, чилэх г.м таагүй мэдрэмжүүд заримд нь илэрдэг ч тэд өндөр нам мөртэй, дал эсвэл хөх нэг тал руугаа тэгш бус хэмтэй харагддаг, аарцаг ясны төвгөр тэгш бус хэмтэй байдаг зэрэг бие галбирын хэвийн бус байдлаасаа болж эмчид тэр бүр үзүүлдэггүй. Өсвөр насныхан өөрсдөө анзаарахаас бусад тохиолдолд эдгээр өөрчлөлтийг эцэг эх нь, эсвэл ихэвчлэн сургуулийн, өрхийн эмч илрүүлэх боломжтой.

Нурууны өвдөлт сколиозтой өсвөр насныханд ховор илэрнэ. Идиопатик сколиозтой өсвөр насныхны бараг 32%-д нь нуруугаар өвдөх, чилэх таагүй мэдрэмжүүд илэрдэг.

Идиопатик сколиозтой өсвөр насныханд амьсгалын замын шинж тэмдгүүд зарим их мурийлттай тохиолдолд илэрдэг. Судалгаагаар эмнэлзүйд зүрх, уушигны зовиурууд илрэх нь нурууны муруйлтын хэмжээ 100 хэмд хүрч, амьдрах чадвар 45%-иас бага болох тохиолдолд эсвэл сээр нурууны лордоз нь цээжний хөндийн (AP) хэмжээсийг мэдэгдэхүйц нарийсгасан тохиолдолд л илэрч болохыг тогтоосон байна. Нурууны гажиг ийм хүнд болохоос өмнө ихэнх муруйг засах, ихэсгэхгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй бөгөөд хүнд хэлбэрийн үёд мэс засал хийдэг.

Мэдрэл сульдлын шинжүүд ховор тохиолддог. Хэрэв өсвөр насны хүүхдэд ямар нэгэн байнгын хүзүү хөших, байнга толгой өвдөх, булчин сулрах зэрэг шинжүүд илэрч магад.

Сколиозын оношлогоо, шинжилгээ

Хүнд хэлбэрийн сколиоз нь илэрхий харагддаг. Бусад тохиолдолд сколиозыг хэрвээ мөч нь урт богино биш бол Адамсын тестээр илрүүлдэг бөгөөд 1865 онд Уильям Адамс үүнийг анх дүрсэлсэн байдаг.

Хүнийг хөлийг нийлүүлж, өвдгийг нь тэнийлгэсэн байрлалд гарыг нь доош унжуулж, нурууг нь хэвтээ тэнхлэгт очтол тонгойлгоно. Тэгээд дараахь шинжүүд илэрвэл сколиозтойгэж тооцно.

o Нурууны тэгш бус байдал

o Мөрний байрлал нэг түвшинд бус байх

o Далны тэгш бус байдал

o Түнхний үе нэг түвшинд бус байх

o Толгой аарцгийн түвшнээс дээш байрлах

o Хавирганы овойлт

Хэрэв нуруу нь 10 градусаас дээш хазайлттай байвал сколиоз гэж үздэг. Эмч өвчтөний нурууг үнэлэхийн тулд хэд хэдэн үзлэгийг (Адамын шинжилгээг оруулаад) ажиглаж, хийх болно.

Хэрэв сколиозтой гэж үзэж байгаа бол өвчтнийг рентген шинжилгээнд илгээнэ. Босоо байрлалд хажуу ба урд талаас нь авсан багана нурууны бүтэн зурагт сколиозыг үнэлж үздэг. Сколиозын зэргийг хэмжихийн тулд эмч Коббын өнцгийг хэмжиж сколиозын зэргийг тогтоодог.

Хэрэв мэдрэлийн эмгэгүүд байж болзошгүй тохиолдолд нурууны MRI-н шинжилгээ хийлгэнэ.

Урьдчилан сэргийлэлт

Та идиопат эсвэл төрөлхийн сколиозыг бүрэн эдгээж чадахгүй, гэхдээ хязгаарлах боломжтой. Эрт илрүүлэх нь чухал бөгөөд ингэснээр та зөв арга хэмжээ авах боломжтой болно. Сколиоз өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нас, хөгжил нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь сколиоз өвчтэй бага насны хүүхэд цаашид өсч, улмаар сколиозын зэрэг нэмэгдэхгүй байхад ач холбогдолтой юм. Хэрэв эрт хяналтанд хамрагдвал сколиозын зэрэг улам нэмэгдэхийг хязгаарлахад туслах болно.

Эмчилгээ

Сколиоз буюу нурууны мурийлт эдгэрэх боломжтой юу? Олон хүн нурууны мурийлтаа засрах боломжгүй, засахад хэт оройтсон гэж боддог нь маш том алдаа. Мэдээж зарим хүний нуруу тэгшрэх боломжгүй их өөрчлөлттэй байж болох ч өсвөр насны хүүхдүүд, залуу хүмүүсийн яс хэт бэхжээгүй, үе холбоос нь уян хатан байдаг болохоор мурийлт нь сайн засардаг. Бүрэн эдгэрэхгүй ч зэрэг нь нэмэгдэхгүй байж болдог. Харин тохиромжтой эмчилгээ, аюулгүй арга техник, эмчилгээний хангалттай тун, эмчийн ур чадвар, эмчлүүлэгчийн хичээл зүтгэл шаардагдах нь мэдээж.

Сколиозын эмчилгээний ихэнх нь урьдчилан сэргийлэх, дасгал хийхэд чиглэгддэг. Зарим тохиолдолд зориулалтын корсет зүүх, тэр ч байтугай мэс засал хийх нь тохиромжтой байдаг. Эмчилгээ нь нурууны мурийлтын зэрэг төрлөөс хамаарч өөр өөр байдаг..

Эмчилгээний сонголтууд нь ажиглах, мэс заслын бус эмчилгээ болон мэс заслын эмчилгээ байдаг бөгөөд эмч нар өвчтөн тус бүрт тохирсон хувилбаруудыг мэддэг байх шаардлагатай.

30-45 хэмийн хоорондох муруйлтын зэрэг нь идэвхтэй өсч буй өсвөр насныханд эхний ээлжинд бэхэлгээ хийх эмчилгээг эхлэх ёстой.

25 хэмээс дээш муруйлттай, нас бие гүйцээгүй өвчтөнүүдэд бэхэлгээг нэн даруй эхлэх хэрэгтэй.

45-50 хэмээс дээш муруйтай өсч буй өсвөр насныхан сколиозыг хянах, залруулахад бусад эмчилгээний хэлбэрүүд үр дүнгүй байдаг тул мэс заслын эмчилгээ шаарддаг. 50-55 хэмээс дээш муруйлттай, ясны хувьд боловсорсон хүмүүс муруй үргэлжлэх эрсдэлтэй тул мэс заслын эмчилгээнд хамрагдах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл мэс заслын бус эмчилгээ нь өвчтөний амьдралын чадамжийг сайжруулдаг. Мэс заслын бус эмчилгээнд: бэхэлгээ, физик эмчилгээний дасгал, цахилгаан био өдөөлт зэргийг ашиглах нь түгээмэл байдаг.

Ажиглалт - Эрт илрүүлэх нь маш чухал юм.

Корсет. Хэрэв сколиоз хүнд хэлбэртэй бол цаашид сколиозын зэрэг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд сколиозын корсет хэрэглэх зайлшгүй шаардлагатай.

Дасгал хөдөлгөөн. Мэргэжлийн хөдөлгөөн засалчийн удирдлага дор хийсэн дасгал хөдөлгөөн нь хүүхдийн сколиозыг багасгах, ихэсгэхгүй байхад чиглэсэн тусгай дасгалууд юм.

Буруу дадал хэвшлийг арилгах сургалт зайлшгүй шаардлагатай бөгөөд ихэнх хүмүүс амьдралын буруу дадал хэвшлээ хэрхэн арилгах талаар ямар ч төсөөлөлгүй байдаг.

Сэргээн засах эмчилгээ. Нурууны булчингийн чангарсан хэсгийг суллаж, суларсан хэсгийг чангалан тонусыг тэнцвэржүүлэхийн тулд янз бүрийн сэргээн засах эмчилгээг тохируулан хэрэглэх нь тустай байдаг. Гадаадын эмч нарын боловсруулсан мурийлтыг багасгах зарис нэг аргууд байдаг.

Манай эмнэлгийн хувьд монгол эмч нарын боловсруулсан Нугалмын хөдөлгөөнт заслын аргаар сколиозыг эмчлэхэд нэлээн үр дүнтэй нь харагдаж байгаа .

Мурийлтын онцлогоос шалтгаалан ивээс эмчилгээг нурууны мурийлтын эмчилгээгээр мэргэшсэн эмчийн удирдлага дор Нугалмын хөдөлгөөнт заслын аргатай хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй.

Мэс засал. Сколиозын хүнд хэлбэрийн үед мэс засал хийх шаардлагатай байж болно.

Бэханзэ эмнэлэг

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.