Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб хоёр газрын тос олборлох дээд хүчин чадлаараа ажиллаж байна

2022 оны 06-р сар 28-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

ОПЕК-ийн гишүүн орнууд болох Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират хоёр улс газрын тосны олборлолтоо дахин нэмэгдүүлэх боломж бараг үгүй хэмээн Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд мэдэгджээ.

Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллагын гишүүн орнууд дотроос Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улс нь газрын тосны нөөцөөсөө нийлүүлтээ нэмэгдүүлж, дэлхий даяар нэмэгдээд буй газрын тосны үнийг буулгах чадалтайд тооцогдож байсан билээ.

Тэгвэл "Их-7"-гийн уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Э. Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэдэгдсэнээр Арабын Нэгдсэн Эмират улсын төрийн тэргүүн Шэйх Мохаммед бин Заид Аль Нахайян АНЭУ газрын тос олборлолтын тал дээр хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа ба өдөрт олборлох хэмжээгээ дээд тал нь 150 мянган баррелиар нэмэгдүүлэх боломжтой гэдгээ онцолсон аж.

АНЭУ-ын Эрчим хүчний сайд Сухаиль бин Мохаммед Аль Мазруи ч мөн уг мэдээллийг бататгаж, "ОПЕК-д заагдсан олборлолтын үндсэн түвшинтэй харьцуулахад АНЭУ-ын олборлолт байж болох хамгийн дээд хэмжээндээ хүрсэн." хэмээн мэдэгджээ.

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор сүүлийн саруудад дэлхий даяар газрын тосны үнэ нэмэгдсэн ба үүн дээр ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор газрын тосны үнэ дахин нэмэгдсэн билээ. Өнгөрсөн даваа гарагт Брент маркийн газрын тосны үнэ 1.7 хувиар нэмэгдэж, баррель нь 115 ам. долларт хүрчээ.

Саудын Араб өдөрт 10.5 сая баррель газрын тос олборлож байгаа ба дээд тал нь 12-12.5 сая баррель олборлох хүчин чадалтай бол АНЭУ өдөртөө 3 сая баррелийг олборлож байгаа ба 4 сая баррель болгохоор ажиллаж байгаа аж.

ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор Оросын газрын тосны экспортоос татгалзсан Европын улс орнууд ОХУ-аас өдөртөө 2 сая орчим баррель газрын тос экспортолдог байжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.