Ахуйн мазохизм

2022 оны 06-р сар 23-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

АХУЙН МАЗОХИЗМ

Манай хүүхнүүдийн дунд нэг гаж үзэгдэл харагддаг. Тэр нь “ахуйн мазохизм” юм. Өөрөөр хэлбэл, сайн дурын үндсэн дээр өөрийгөө туйлд нь хүртэл ядрааж, түүгээрээ хавь ойрын хамаг амьтанд гайхуулах явдал.

Жишээ нь Зинаида Андреевна байна. Тэрээр үе мөч нь өвддөг ч гэсэн шалаа, хүний биеийн анатомийн хувьд тун эвгүй байрлалд орж буюу өгзгөө дээш оцойлгон тонгойж байгаад гараараа угаадаг. Ингэж угааж яадаг байна? гэхээр “Залхуу хүүхнүүд л шалаа шалны модоор угаадаг юм... Харин би тийм хүн биш, яаж ч хэцүү байсан тэвчиж чадна” гэнэ. Ингэж хэлэхдээ тэрээр өөрөөрөө ихэд бахархаж байгаа нь царайнаас нь илт харагддаг. Яг л “өөрийгөө яаж золиослож, гавьяа байгуулж байгааг минь харж байгаа биз...” гэж байгаа аятай.

Светлана Васильевна өндөр албан тушаал хашдаг хүний хувьд гадаадад, хүссэн газраа амарч чадна. Гэсэн ч сайн өдрүүдээр тэрээр өвгөнтэйгөө хамт ногооныхоо талбай дээр газар тариалан эрхлэхээр явдаг. Тэд яагаад ч юм бүү мэд жил болгон төмс, өргөст хэмх, улаан лооль, бас радикулит тарьж ургуулдаг. Хэдхэн копейкны үнэтэй өчүүхэн бага ургацаар тэд яах юм бэ? Үүнийг хэн ч хэлж мэдэхгүй. Гагцхүү Светлана Васильевна зуслангийн "баясгалангаас" хойш суудаг хэн бүхнийг залхуу хойрог, бэртэгчин... Харин өөрийгөө бол ажилчин зөгий гэж бодож явдаг.

Бичиг хэргийн ажил хийдэг Фаина Петровна 30 гаруй жил архичин нөхрөө чирч яваа. Нөхөр нь үргэлж архичин яваагүй л дээ. Эхэндээ ганц нэг балгачихдаг хөгжилтэй, яриа хөөрөөтэй нэгэн байснаа стрессээ архиар тайлдаг бүтэлгүй бизнесмен болж... сүүлдээ эхнэрээ өрөнд оруулж, хөх няц болтол нь зодчихдог сонгодог хэлбэрийн алкаш болон хувирчээ. Гэсэн ч Фаина энэ бүхнийг баатарлагаар тэвчсээр л... Зовж шаналсан эмэгтэйн дүр түүнд романтик. Тэр бүү хэл бусад эмэгтэйчүүдээс ялгарах давуу тал мэт санагдана.

Энд би цөөхөн хэдхэн жишээ гаргаж ирлээ. Бодит амьдрал дээр бол ийм эмэгтэйчүүд түм бумаараа бий. Зинаида Андреевна шиг шалаа мөлхөж угаагаад л. Светлана Васильевна шиг ногооны талбай дээрээ түнтгэнээд л. Фаина Петровна шиг архичин нөхрөө баарнаас чирч гаргаад л. Елена Сергеевна шиг саяхан аав ээж болсон хүүхдүүдээ живх хэрэглэхийг хорьж, шөнөжин нойргүй хонуулаад л... Тэдний эргэн тойрон дахь агаараас ямар ч утгагүй золиос, мазохизм болон хэзээд юуг ч тэсэж тэвчих сэтгэл “ханхална”.

Өөрийгөө ингэж зовоох нь хэнд хэрэгтэй юм? Эр нөхрүүдэд нь үү? Үр хүүхдэд нь үү? Ажлынх нь хамт олонд уу? Тэдний ихэнх нь эхнэр эсвэл ээжийгээ гартаа байнга алчуур, тармуур барьж явдгаа больчихвол харин ч баярлана. Энэ олон жил өөрийгөө зовоож яваа, алжаалаа тайлж мэддэггүй, эмчид биеэ үзүүлэх дургүй эдгээр “ахуйн мазохист” эмэгтэйчүүд хэчнээн ихийг хийж бүтээх байсан бол гэж бодохоос л...

Тэдний энэ их эрч хүчийг зөв тийш нь чиглүүлбэл ч... Даанч тийм боломж байхгүй. Тэднийг биеэ төрөл бүрээр зовоож байх зуур амьдрал нь, хүнд хүчир ажил хийсээр мойнийж үрчийсэн гарынх нь салаагаар урссаар...

Эмэгтэйчүүдийн дунд зонхилох энэ утгагүй “өөрийгөө золиослох” соёл нэг л өдөр устаж үгүй болно гэж найдъя даа.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.