Беларусийн нисдэг тэрэгнүүд Польшийн агаарын бүсэд нэвтэрчээ

2023 оны 08-р сар 02-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 1-нд Беларусийн хоёр нисдэг тэрэг Польш улсын агаарын бүсэд нэвтэрсэн талаар Польшийн Батлан хамгаалахын яамнаас мэдэгджээ.

Дээрх мэдэгдэлд Польшийн агаарын бүсэд нэвтэрсэн хоёр нисдэг тэрэг нь сургуулилт хийж байсныг Беларусийн тал Польшид урьдчилан мэдэгдсэн, нисдэг тэрэгнүүд Польшийн хилийн ойролцоох Беловежа суурингийн дээгүүр маш бага өндөр дээр нисэж байсан нь байршил тогтоогч системээр олж тогтооход хүндрэлтэй байсан хэмээн бичсэн байжээ.

Уг явдалтай холбоотойгоор Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак хил дээр байгаа цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлж, байлдааны нисдэг тэрэг зэрэг машин техник нэмж гаргаж өгөхийг хүссэн байна.

Түүнчлэн Польшийн талаас болсон явдлын талаар НАТО-д мэдэгдсэн ба Беларусийн асуудлыг хариуцсан түр төлөөлөгчийг дуудаж уулзсан аж.

Сүүлийн хэдэн долоо хоногуудад Беларусьт Оросын хувийн цэргийн Вагнер группын хөлсний цэргүүд олноороо ирж байгаа ба Беларусийн зэвсэгт хүчний тусгай ажиллагааны анги бүрэлдэхүүнүүд Вагнер группын цэргүүдтэй Польшийн хилийн ойролцоо хээрийн хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөж байгаа аж.

Вагнер группын цэргүүд Беларусьт байрлаж эхэлснээс хойш Польшийн эрх баригчид баруун хилийнхээ хамгаалалтыг чангатгаж эхэлсэн ба Беларусьтэй хиллэдэг хилийн зурвас руу 500 цагдаа илгээхээр болжээ.

Эх сурвалж: meduza.io

Содноицэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.