Наро Банчэн гэгээн: Эцэг эх маань биднийг тоолшгүй олон аюул ослоос хамгаалж, амь насыг тоолшгүй олон удаа аварсан байдаг

2020 оны 01-р сар 26-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.

"Бид бусдын хайр энэрлийн хүчээр амьдралаа эхлүүлж, бусдын тус дэмээр сурч боловсорч, бусдын тус дэмээр аж төрдөг. Энэ хорвоод төрсөн цагаасаа эхлээд л бид эцэг эхийнхээ энэрэл хайрын хүчээр хүн болж, өсөж торнидог. Эцэг эх маань биднийг тоолшгүй олон аюул ослоос хамгаалж, бидний амь насыг тоолшгүй олон удаа аварсан байдаг. Тэд бидний төлөө өдөр бүр сэтгэлээ чилээж, бүхий л амьдралаа бидний тусын тулд зориулж, бидний төлөө амьдардаг. Загнаж зэмлэх нь хүртэл бидний тусын тулд, биднийг битгий зовоосой, битгий алдаж эндээсэй гэсэндээ зэмлэдэг.

Хожим харамсахгүйн тулд эцэг эхээ амьд байгаа дээр эцэг эхийнхээ ачийг хэдий чинээ санана төдий чинээгээр ачийг нь хариулж, санаа сэтгэлийг нь зовоохгүй байх юмсан гэх хүсэл төрнө. Эцэг эхийгээ ачласны буян хэмжээлшгүй их болохыг Бурхан багш айлдсан байдаг.

Өдөрт ядаж гурван удаа эцэг эхийнхээ ачийг санаж чадвал бидэнд гурван удаа эцэг эхийгээ ачлах хүсэл төрнө. Өдөрт гурван удаа зөв хүн байх юмсан гэх хүсэл төрнө. Бидний амьдрал эерэгээр өөрчлөгдөх гурван боломж".

"Дадал зуршлыг дагаж өөрчлөгдөх нь сэтгэлийн нэг чадамж. Бусдыг гэсэн хайр энэрлийг сэтгэлдээ дагуулвал аажим аажмаар бусдыг хайрлах чанарт сэтгэл дадаж ирнэ. Энэрэл хайр хэдий чинээ сэтгэлд дадна тэр чинээгээр муу сэтгэлийн хүч суларч хором мөч бүхэнд аз жаргалтай байх болно".

"Аливаа мэдээллийг ажиглан шинжлэлгүйгээр итгэх нь хов жив, худал үгэнд автаж сэтгэл хямрахын шалтгаан болдог бол учир шалтгааны үүднээс нягтлан шинжиж үнэн, худлыг ялгадаг байх нь сэтгэлээ худал хуурмагаас сахихын уг суурь болно". 

"Бидний амь нас мөнх биш. Маргааш амьд байхын баттай баталгаа байхгүй ч сэтгэлээ сургаж чадах ухаант хүний биеийг олж төрсөн нь одоо бидэнд байгаа боломж. Аз жаргалыг гаднаас, ирээдүйгээс холоос хайх шаардлагагүй.

Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч жишээ нь эрүүл, ухаан саруул байгаадаа сэтгэл хангалуун, бусдыг хайрлах сэтгэлээ хөгжүүлж бусдад тустай байвал хором мөч бүхэнд аз жаргалтай бөгөөд утга учиртай амьдарч чадна".

"Гэр бүлд нэг ууртай хүн байхад бусдын тайван байдлыг үгүй болгодог бөгөөд уурын мөн чанар нь сэтгэлийн амгалан байдлыг үгүй хийж бусдыг хорлох сэтгэл юм. Тиймээс гэр бүл болон бусдыг чин сэтгэлээсээ жаргалтай байгаасай гэсэн сэтгэлийг дадал болгосноор өөрийн сэтгэл дэх уур багасаж, улмаар бусад хүмүүсийн сэтгэлд ч амар тайван, таатай нөлөө үзүүлэх бөгөөд эв түнжин батаждаг".

Холбоотой Зураг

"Aлдаагаа бусдад тохдог хүн алдаагаа ухаарч хөгжих боломжгүй байдаг. "Тэрнээс боллоо, тэр намайг уурлуулсан" гэх үед тэр хэн нэгэн нь өөрийг нь удирдсан нэгэн болно. Харин "Надаас боллоо, би өөрөө уурласан" гэх үед жолоодлого өөрийн гарт байх бөгөөд уурлахгүй байх нь ч өөрийн сонголт болж алдаагаа ухааран хөгжих боломж үргэлж бий болдог".

"Эрүүл хэрнээ зарим хүмүүс бусдад байгаа зүйлс надад алга, жаргалтай байх шалтгаан байхгүй мэт гомдоллох хүмүүс байна. Гэвч аз жаргал хүн бүхэнд харилцан адилгүй. Жишээ нь хоёр хөл нь өвчтэй хүний хувьд алхаж чадвал маш аз жаргалыг мэдрэх болно. Гэтэл эрүүл алхаж чадаж байгаа хүмүүс энэ үнэ цэнээ мэдэрвэл маш аз жаргалтай байх ч боломжтой. Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадахгүй л бол шунал, хүсэл хязгааргүй учраас юу ч байсан жаргалтай байх боломжгүй. Тиймээс өөрт байгаа зүйлсийн үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадвал жаргалтай байх маш олон шалтгаан бидэнд бий".

"Өглөгч сайхан сэтгэлээс болж хохирлоо гэх хүмүүс байна. Энэ бол ухаан дээр суурилаагүй сайхан сэтгэл. Сайхан сэтгэлтэй гээд хайч гуйсан учраа мэдэхгүй хүүхдэд хайч өгдөггүй шиг сайхан сэтгэл бол ухаан дээр суурилах хэрэгтэй. Аливаа үйлийн үр дүнг бодож үзээд өөр бусдад хорлолтой бол хорьж, тустай бол хийдэг байх нь хожим харамсал дагуулахгүй. Ухаан дээр суурилсан сайхан сэтгэлээс сайн үр дагавар гарахаас биш муу үр дагавар гарахгүй".

"Хүний адгуус амьтнаас ялгарах гол ялгаа нь нөхцөл байдлыг ажиглан шинжиж сайн мууг ялгаж салгах оюун ухаан. Адгуус амьтад таван мэдрэхүйд тааламжтай мэдрэмж байвал зөв бурууг ялгаж чадахгүй түүнд шунадаг. Зарим хүмүүс согтуурал, мансуурлын зүйл их хэрэглэж ачит эцэг эхээ зовоож өөртөө ч асуудал үүсгэж байна. Ямарваа нэг тааламжтай мэдрэмжийн үр дүн нь өөр бусдад асуудал хор уршиг тарьж байвал хорих хэрэгтэй. Гэмт явдлын хор уршгийг ухаарч ойлгоод муу явдлаас холдож чадах нь ухаант хүний шинж".

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.