2014 оны 08-р сар 04-нд 12:24 цагт

Италид ажил хөдөлмөр эрхэлдэг бүх иргэдээс вакцины гэрчилгээ шаардаж эхэллээ

2021 оны 09-р сар 18-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Итали улсад ажил хөдөлмөр эрхэлдэг бүх иргэдээс коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан гэсэн бичиг эсвэл коронавирусын шинжилгээний сөрөг хариу, эсвэл КОВИД-19 өвчнөөр өвдөөд эдгэсэн гэсэн эмчийн бичиг шаардаж эхэлжээ.

Итали улс ийм хатуу арга хэмжээ авч буй Европын анхны улс болж байна. Ажилтан нь дээрх бичгүүдийн аль нэгийг нь үзүүлж чадахгүй тохиолдолд ажил олгогч нь ажилтныг ажлаас нь халах, хөдөлмөрийн хөлсийг нь өгөхгүй байх зэрэг арга хэмжээ авах аж.

Коронавирусын эсрэг вакцинд иргэдийг идэвхтэй хамруулах зорилго бүхий дээрх шаардлагыг ирэх сарын 15-наас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар Италид галт тэрэгний буудлууд, кинотеатрууд, зоогийн газрууд, фитнесс болон усанд сэлэлтийн төвүүд үйлчлүүлэгчдээсээ вакцины гэрчилгээ шаардаж байгаа аж.

Сургуулийн ажилтнуудаас мөн коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан гэсэн гэрчилгээ шаардаж байгаа ба коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан гэрчилгээ, эсвэл халдваргүйгээ нотлох шинжилгээний бичиг, эсвэл коронавирусын халдвар аваад эдгэсэн гэсэн эмчийн бичиггүй багш нарыг ажлаас нь чөлөөлж эхэлсэн байна.

Түүнээс гадна ажилтнууд нь вакцины гэрчилгээгүй ажиллаж байгаа нь тогтоогдвол тухайн байгууллагыг 1500 еврогоор торгох аж.

Италийн Эрүүл мэндийн сайд Роберто Сперанзагийн мэдэгдсэнээр дээрх арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад тусалж, коронавирусын эсрэг дархлаажуулах аяныг эрчимжүүлэх аж.

Өнөөдрийн байдлаар Италийн хүн амын 65 орчим хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан ч коронавирусын дельта хувилбарын тархалт нэмэгдсээр байна. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Италид коронавирусын халдварын 4.6 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 130 мянга гаруй хүн нас барсан билээ

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.