2014 оны 06-р сар 18-нд 09:40 цагт

Янз бүрийн тохиолдолд биеэ хэрхэн хамгаалж болохыг хүүхдэдээ зааж сургах нь чухал

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!

Нэг үл бүтэх этгээд нэгэн бага ангийн сурагч охиныг гэгээн цагаан өдрөөр хичээлээ тараад явж байхад нь айлгаж ичээсэн явдал ноднин жил гарсан шиг санагдаад байна. Эцэг эхчүүд бид үр хүүхэдтэйгээ орсон ч гарсан ч хамт байгаад байх боломжгүй. Иймд тэдэнд янз бүрийн тохиолдолд биеэ хэрхэн хамгаалж болохыг зааж сургаж байх нь чухал болоод байна. Brightside сайтаас нийтэлсэн эдгээр аргууд ихэд авууштай санагдлаа. Та бүхэн найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Хүүхдийнхээ нэрийг бичихүй байх

Хүүхдийнхээ нэрийг хичээлийнх нь цүнх, үзэгнийх нь сав г.м. зүйлс дээр бичих хэрэггүй. Хүүхдийнхээ хувийн мэдээллийг танихгүй хүнд энэ мэтээр бүү хэлж өг. Учир нь хүүхэд, өөрийг нь нэрээр нь дуудсан хүнд шууд итгэж орхидог. Хүүхдийн чинь итгэлийг олж авснаар түүнийг хэн ч хааш нь ч хамаагүй аваад явчих бүрэн боломжтой болно гэсэн үг. Хүүхдийнхээ нэрний оронд та гар утасныхаа дугаарыг бич. Ингэснээр яаралтай үед тантай холбоо барихад амар байх болно

Эсрэг зүгт гүйх

Бид үр хүүхэддээ танихгүй хүний машин тэргэнд сууж болохгүй гэж захиж сургадаг. Үүн дээр нэмж захихад танихгүй хүн машинаараа араас нь дагах эсвэл зэрэгцэж явангаа яриа өдөхийг оролдвол хүүхэд чинь эсрэг зүгт гүйх хэрэгтэй. Ингэснээр тэрээр хүмүүсийн анхаарлыг татах цаг хожих болно.

Гэр бүлийн нууц үг

Танихгүй хүн хүүхдэд чинь: “Нааш ир... ах/эгч нь чамайг аав ээжид нь хүргээд өгье” гэвэл хүүхэд чинь тэр хүнээс “Манай аав, ээжийг хэн гэдэг вэ? Манай гэрийн нууц үг юу вэ?” гэж зөрүүлж асууж сурах хэрэгтэй. Зөвхөн танай гэрийнхэн л мэддэг нууц үгтэй болсноор хүүхэд чинь таны явуулсан хүнийг (яаралтай үед г.м.) таних болно. Нууц үг бодож олохдоо “Сэгсийсэн жүрж” г.м. аль болох тааварлахын аргагүй үг бодож олоорой.

Байршил тогтоох апликэйшн

Хүүхдүүд хичээлээс гадуур дугуйлан секцэнд хичээллэх эсвэл давтлага авч оройтох үе бий. Та гар утсандаа тохирох аппликэйшн татан авч, хүүхдээ хаана явааг нь тогтоох бүрэн боломжтой болжээ.

“Би энэ хүнийг танихгүй

Танихгүй хүн хүүхдийг чинь бариад авбал “муухай” аашлан түүнийг хазах, маажих, өшгичих, чангаар орилох г.м. ямарч хамаагүй аргаар хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй... яаж ч аймар байсан. Дээр нь “Би энэ хүнийг танихгүй” гэж чангаар орилох хэрэгтэй.

Ярианд орохгүй байх, зай барих

Хүүхэд чинь танихгүй хүнтэй дугарахгүй, асуултанд нь хариулахгүй байх эрхтэй. Танихгүй хүн яриа өдөж 5-7 секунд болмогц түүнээс нэн даруй холдох хэрэгтэй. Зайлшгүй ярих тохиолдолд тэр хүнээс 2-2.5 метрийн зай барих нь зүйтэй. Үл таних этгээд ойртохыг оролдвол хүүхэд чинь 1-2 алхам ухрах ёстой. Хүүхэддээ 2 метрийн зай гэж ямар зай байдгийг харуулж, ямар ч нөхцөлд энэ зайгаа барих нь чухал гэдгийг сайтар ойлгуулаарай.

Лифтэнд танихгүй хүнтэй хамт суухгүй байх

Лифт хүлээж байхдаа нуруугаараа хана налж зогсож байхыг хүүхэддээ зааж өгөөрэй. Ингэснээр тэрээр орцонд орж ирэх хэнийг ч болов харах боломжтой болно. Муухан таньдаг эсвэл огт танихгүй хүнтэй лифтэнд хамт сууж яасан ч болохгүй гэдгийг хүүхэддээ анхааруулж “Аав ээж намайг эндээ хүлээж байгаарай гэсэн” гэж хэлүүлж сургаарай. Танихгүй этгээд хүүхдийг чинь лифтэнд хүчээр авч орохыг оролдвол хамаг чадлаараа хашгачич түүнийг хазах/маажих г.м. үйлдэл хийх хэрэгтэй.

Гэртээ ганцаараа байгаагаа хэлэхгүй байх

Хүн хаалга тогшох мөртлөө дурангаар хэн ч харагдахгүй эсвэл “Хэн бэ?” гэхэд хариу өгөхгүй байвал хүүхэд сониуч зандаа хөтлөгдөн хаалгаа нээчих гээд байдаг. Ингэж хэрхэвч болохгүй гэдгийг хүүхэддээ захиж хэлээрэй. Түүнчлэн, гэртээ ганцаараа байгаагаа хэлэх ёсгүй... хаалга тогшиж байгаа хүн өөрийгөө аав ээжийнх нь танил гэсэн ч хамаагүй. Хаалга тогшоод байгаа хүн явж өгөхгүй эсвэл бүр хаалгыг гаднаас нь эвдэхийг оролдвол аав ээж эсвэл хөршийнх рүүгээ нэн даруй залгаж байхыг зааж өгөөрэй.

Онлайнаар хүнтэй танилцахгүй байх

Хүүхэддээ онлайнаар хэнтэй ч танилцахгүй байхыг анхааруулж хэлээрэй. Майк хэмээх 10 настай хөөрхөн хүүгийн дүрээр ямар ч гаж донтон байх магадлалтай. Танихгүй хүнтэй чатлах, тэдэнд утасныхаа дугаарыг өгч, хаана амьдардагаа хэлж хэрхэвч болохгүй. Түүнчлэн зургаа явуулж, чөлөөт цагаа хэдийд хаана өнгөрүүлдэгээ дурдаж огт болохгүй. Онлайнаар танилцсан хүмүүстэй уулзах тухай бодохын ч хэрэггүй...

Эх сурвалж: brightside

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.