2014 оны 07-р сар 25-нд 12:27 цагт

Нэг сар хэр урт вэ?

Хорвоогийн хоног өдөр гэдэг яг нэгэн хэмнэлтэй ч гэлээ, болж өнгөрсөн үйл явдлаар нь хөөгөөд үзвэл нэг сар гэдэг нэлээд урт хугацаа юмсанжээ. Яг л нэг сар хол ойр, хил хязгаарын өчүүхэн зөрөөгүй цахим энэ орчноос хөндийрөх хооронд хаана, хэзээ, юу юу ч болж өнгөрч вэ? Бичиж тоймлоход төдийгүй, бодож тооцоход ч амаргүй.

Хэн тодрохыг нь тааж цөхөх юмгүй сонгууль, хүртсэнээ гялайлгаж эс хүртсэндээ хялайлгасан тоогүй олон шагнал, зургаан жилээр ирж буй шинэ Ерөнхийлөгч, өндөр сэнтийгээсээ хүчээр шахам бууж буй хуучин Ерөнхийлөгч, тангараг өргөх ёслол, монгол түмний амны хишиг амин тэжээл болсон Эрдэнэт үйлдвэр дуртай хүний гараар орохгүйн баталгаа гэхээр өндөр дээд өргөмжлөл, Замын-Үүдээс эхэлсэн авлигын сануулга, баяр наадам тойрсон хийрхэл шахуу талцал, “Би –Монгол хүн” тоглолтыг сонжсон шинжсэн хөл толгойгүй шагшаан, хаа сайгүй газар авсан цар тахал, өвчин ослоор өнгөрөх эрдэнэт хүмүүсийн алтан амь, эх орноороо өөд уруугүй аялах олны их хөл хөсөөн, Хакухо аваргын бахтай ялалт, өнжин байж, өрж барж арайхийн нээгдэх гэж буй Токиогийн зуны олимпоос хүлээх соргог сэргэг хэл сураг, байгалийн үлэмжийн сүр хүчин аянга цахилгаан, асгарсан аадар бороо, хуй салхи, үер ус... юу эс болж өнгөрөв, юу эс өрнөнө вэ?

Тэр бүхнийг дагасан хүмүүс бидний хэл ам, хэрүүл маргаан, хэлцэл талцал хэмжээ хязгааргүй мэт үргэлжлэвч, юм бүхэн хоёр талтай, мэтгэлзсэн болгон хариу тайлбартай. Эргэж тойрох энэхэн дэлхийн эрээн бараан, энгийн түмний аж амьдралын ээдрээ зангилаа, нийгмийн хөгжил хөдөлгөөн, хэн хүний хэрэг явдлыг энэ нь зөв гээд ганцхан хэлчихдэг, учир начрыг нь хурамхнаа тайлчихдаг шидтэн гэмээр хүн энэ хорвоо дээр хаанаас, хэн байх вэ! Хэрэв тийм шидтэн, далд чанадын хүчин биднийг төлөөлөөд байж байдагсан бол амьдралын аливаа адармаа төвөг, үл ойлголцох зүйл үгүй болно. Хичнээн амар, юутай төөрөгдөлгүй вэ! Даанч тиймгүй нь арай л тиймхэн.

Хэн хүний таних хүрээ ерөөсөө хязгаарлагдмал, цаанаасаа бүр баригдмал. Миний жигтэйхэн зөв гэсэн зүйл надад л ганцхан таарна, бусдад бол ямар ч байж мэднэ. Хэргийн мөн чанар тийм байтал нүүрийг нь хараад, хэдхэн үг солчихоогүй хэрнээ хэзээний тарыг нь таньчихсан мэт хэн нэгнийг бүр үзэн ядна. Гай, гавъяаг нь ялгаагүй л бол нэгийг нь малгай аван магтаад ч яана, нөгөөг нь газар доор ортол муулаад ч ийнэ. Ер нь л зөв гэсэн минь буруудаж, буруу гэсэн минь зөвдөх нь тавлах мэт өөдөөс таардаг л хорвоо. Ингээд бодохоор аливаад яаран мэгдэн сайн муудаа тулж, өрөөлийг буруутгаж, өөрөө давчдаж нэг их зовоод баймгүй. Тэгсэн л биз, тэгэх л биз гэсэн, талцаж таамагласан, урьдчилж дүгнэсэн өөнтөгч зан юманд саадтай гэхээс нэг их нэмэргүй. Хэн, ямрыг нь цаг хугацаа тэртэй тэргүй хэлээд өгнө.

Эх байгаль хүмүүн биднээс харин тэс ондоон. Бороо байсхийгээд шаагиж, цэцэг ногоо алаглан, өөд өөдөө өндийн ургасан хар ногоон энэ зун л гэхэд өглөгч өгөөмөр, тайтгаруулан тайвшруулах идтэй шидтэй. “Хөөрхийс минь хоёр жил шахам хөл хорионд сэтгэл санаа гундуухан, таамаг зөн тааруухан байгаа юм, тайвшраг, сэргэг” гэх шиг аль тэртээ дөрвөн сараас л хур бороо татарсангүй, тасарсангүй. Хуртай зуны улирал шиг хүний сэтгэлийг хөнгөлдөг, цэнгүүлэн баясгадаг өөр зүйл юу байдаг билээ дээ.

Илбийн цагаан үүлс наадан хээлсэн хязгааргүй хөх манхан тэнгэр, өдөр алгасахгүй хаа нэгтээ шаагин асгарах хур бороо, газрын энгээр алаглах цэцэг ногоо, цог заль дүүрэн малчин түмэн ард, уул талаар тархан бэлчээрлэх ардаг тарган мал сүрэг, номин ногоон талд нүд баясган гялалзах танан цагаан гэр, буянт мал сүргийн минь шим шүүс болсон айраг цагаа, нүүдэлчний хэнээс ч хамааралгүй тэгш дүүрэн аж төрөл –үгүй ер, энэ бүхэн хэв янзаараа байхад монгол хүн юундаа ч толгой гудайхсан билээ дээ хэмээн хар аяндаа бодогдоно. Омог хийморь сэргэнэ.

Монголын минь ирээдүйн зохист хөгжил, бусдаас ялгарч үлдэх цор ганц давуу тал гэвэл магад ч үгүй хөдөөний энэ амар жимэр, амгалан тайван, нүүдэлчний амьдрал ч байж мэднэ...

Нэг сар гэдэг хэр урт хугацаа юм бол хэмээн эргэж халтихан бодоход, юм юм шуургалан дайрч өнгөрдөг урт л хугацаа юмсанжээ.

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.