"Хургаа хариулж яваа жаахан хүү охин хоёр хорголоор хорол зурж тоглохыг харах л гэж энэ орчлонд би мэндэлсэн юм".
БИ ЭНЭ ОРЧЛОНД ЯАХ ГЭЖ МЭНДЭЛСЭН ЮМ БОЛ... /Эргэцүүлэмж эсээ/
Би энэ орчлонд яах гэж мэндэлсэн юм бол? Юуны тулд энэ орчлонд амьдардаг юм бол? гэж дандаа л бодогдох болов оо.
Аав л ээжийнхээ сэтгэлийн гэрэлт хайраар мэндэлжээ. Харин юуны учир?гэдгээ хүн бүхэн тодорхойлж, яах гэж?гэдгээ шийддэг биз ээ.
"Хургаа хариулж яваа жаахан хүү охин хоёр хорголоор хорол зурж тоглохыг харах л гэж энэ орчлонд би мэндэлсэн юм".
"Голын урсгал ширтэн, хөвөөн дээр нь бодлогошрон суугаа үзэсгэлэнт бүсгүйтэй танилцаж, алтанхан гуниг, амьдралын утга учрын тухай ярилцах л гэж энэ орчлонд би мэндэлсэн юм.
"Эмнэг хангал, ардаг догшин хүлгийн дэл дээгүүр бахархалтайяа дарцаглах залууг хараад "энэ орчлон алтан тэнцвэр, магадлалын хууль дээр тогтдог" болохыг батлах л гэж энэ орчлонд би мэндэлсэн юм.
Тавилан заяаныхаа гэрэлт цэцэрлэгт, шаргал навчис модноосоо тасрахуйг шаналангуй харцаар ажиглаж ээ суугаад, таягныхаа бариулыг алтаар бөгжлөх ганган санаа олсондоо хөгжүүн баяртайгаар инээмсэглэн босож "сэтгэлдээ таяггүй бол болно доо" гэж бодох буурлыг хараад "амьдрал бол гурван цагийн гинжин хэлхээ, гуниг баярын торгон солбицол мөн" гэж сэтгэх гэж энэ орчлонд мэндэлсэн биз ээ.
...Мөнөөхөн цэцэрлэгт өвөөтэйгөө тоглох ач хүү. Ач хүү нь эрвээхэй хөөн гүйнэ. Цэцгэн дээр суусан эрвээхэйг жаахан хүү цамцаараа дарж авах яг тэр агшинд "цаг хугацаа хэмээх аварга том эрвээхэй" өвөөг нь нүсэр хүнд далавчаараа дарж авахыг харах гэж би энэ орчлонд мэндэлсэн биз ээ.
...Цэцэрлэгийн модон сандал дээр орхичихсон хайрын захианы тал талд болжморууд суугаад унших гэж үсэглэж ядан байх шиг шулганалдахыг сонсох гэж энэ орчлонд би мэндэлсэн биз ээ.
...Шатар тоглож байгаа өвөөгийнхөө хажууд бүлтийх жаахан хүү" Өвөө энэ нүүдлийг хийвэл хожлоо доо. Харахгүй л байгаа юм байх даа..." гэж бодохыг нь уншаад "амьдрал бол шатрын хөлөгт тоглоом лугаа адил юм. "Уулгүй тал, усгүй цөлд засаггүй ноён цусгүй дайтах"-тай ижил юм" гэж бодохын тулд л би энэ орчлонд мэндэлсэн юм.
...Өнгөрсөн цагт нууцын захидал бичин, харин хариуг нь шилэн саванд хийж далайн ёроолд шидэх яруу найрагчийн сэтгэлийг мэдрэх гэж энэ орчлонд би мэндэлсэн биз ээ.
...Бичсэн номынхоо хуудсыг мод болон навчлахыг харах, нөмөрч байгаа торгон дээлээ хүр хорхой болохыг үзэх эрдэмтний бодол хэчнээн хүчтэй болохыг ойлгох гэж би энэ орчлонд мэндэлсэн биз ээ.
Хоёр биeэ ороож ургасан модны үндэснээс хорвоогийн шүтэн барилдлагыг, хожуулын дээрээс шинэхэн мод ургахыг, хөгшин улиас цэцэглэн навчлахыг хараад "хорвоогийн амьдрал төгсгөлгүй" болохыг батлах гэж энэ орчлонд би мэндэлсэн биз ээ.
...Машид уран гоёор цам харайж буй хос тогоруунаас сэдэвлэн төгөлдөр эрхэмсэг хөдөлгөөн санаандаа ургуулан гэрэлтэж байгаа бүжиг дэглээчийн нандин сэтгэгдлийг үзэх гэж энэ орчлонд би мэндэлсэн биз ээ.
...Ажлаасаа халагдчихсан багш нь ганцхан шил архины болзолтойгоор дээд матeматикийн хүнд бодлогыг их сургуульд эрдэмтний зэрэг горилон хамгаалах гэж байгаа залуухан шавийнхаа захиалгаар бодож суугааг өрөвдөх хайрлах зэрэгцэн харах гэж л би энэ орчлонд мэндэлсэн юм аа.
...Eртөнцийн найм дахь солонго хүний сэтгэлд, найм дахь ноот бас хүний зөн совинд байдаг ажээ.Eртөнцийн тэрхүү найм дахь эгшиглэнг олж сонсож, олж мэдэрч, олж бишрэн хайрлахын тулд л энэ орчлонд би мэндэлсэн юм аа.
Оюун ухаант хүнээс оюун ухаант хүн л төрдөг байтал тэрхүү оюун ухаант хүн нь харин санаа бодолдоо олон янзын уран зохиомжтой, этгээд магадгүй зүүдэнд ч ормооргүй сонин сэтгэмжит амьтан хүний дүрс, сүлд шүтээн, тэнгэр тэнгэрсийг тээж агуулж явдаг тухай олж сонсох гэж энэ орчлонд би мэндэлсэн биз ээ.
..."Алтан хараацай өмнөөс нисэх шиг
Ариухан харцны хайрыг мэдэрнэ"...гэж 9-р ангид байхдаа бичиж байжээ. Яагаад чиг тэгж бичиж байсныг бүү мэд. Ямартай ч харцны гүнд нэг нандин юм байна гэдгийг дунд сургуулийн сурагч мэдэрч байсан юм болов уу даа. Тийм болохоороо л "нүд бол сэтгэлийн толь мөн" зэргийн нэгийг бодуулж, нөгөөг ухааруулсан далд утга бүхий үгсийг уншаад оюуны цэнгэл эдэлдэг болсон юм шиг ээ. Энэ хүн төрөлхтөн гэгч үнэндээ л гүн ухаан хэмээгч их далайн хөвөөн дээр хясаагаар тоглож байгаа хүүхдүүд юм даа.Ийм эргэцүүллээс тийм эргэцүүлэл хүртэл их ухаан, суу билгийн гайхамшгийг мэдрэх гэж энэ орчлонд би мэндэлсэн биз ээ.
Хад мөргөөд биe нь юү ч үгүй болсон ч хурд нь цаашаа нэвт цохиж байгаа цахлай, сүүгээр урсдаг гол, аялгуутай элс, солонгын өнгөт мөрөн, өндөглөдөг чулуу гээд миний мэдэхгүй асар их нууц орчлонд буй. Тэдгээрээс нэгээхнийг нь ч гэсэн мэдэж, "танин мэдэхүйн цэнгэлээс эрхэм дээд нь үгүй"-г олж мэдрэх гэж би энэ орчлонд мэндэлсэн юм аа. Тэгээд амьдрал үхэхгүй, төрөхгүй, үргэлжлэхгүй, тасрахгүй мөнхийн тойрог гэдгийг ухаарах гэсэн юм.
Өрнөж буй нэг үйл дахиад огт өөр үйл болохын угтвар нөхцөл мөн гэдгийг мэдрэх гэж би мэндэлсэн биз ээ.
Аав л ээжийнхээ сэтгэлийн гэрэлт хайраар энэ орчлонд би мэндэлжээ. Харин юуны учир, яах гэж амьдрах вэ?...
*** *** ***
үнэн байдал
(202.179.27.175) 2020-04-30 12:31Та өөрөө ажлаа хийж ЧАДАХГҮЙ МАЛЧДЫГ баахан хошгоруулаад бас бизнесийг нь ХОЛИОН БАНТАН БОлгосноо ойлгоогүй нь МАШ ХАРАМСАЛТАЙ Төр барих байтугай ХУТГААД ХАЯЧихлаа бна
Хариулах
Zochin
(202.126.88.37) 2020-04-29 16:54Unen uu ulaan said bolioch gaigui Baisan burning samarlaa
Хариулах
Зочин
(98.234.112.193) 2020-04-29 04:52Яг зөв. Энэ Улаан болимоор юм. Ичиж үхдэггүй л юм байхдаа. Тэр махны зургийг нь оруулах ёстой байждээ Эмүжээн.
Хариулах
Зочин
(98.234.112.193) 2020-04-29 04:52Яг зөв. Энэ Улаан болимоор юм. Ичиж үхдэггүй л юм байхдаа. Тэр махны зургийг нь оруулах ёстой байждээ Эмүжээн.
Хариулах
Зочин
(98.234.112.193) 2020-04-29 04:52Яг зөв. Энэ Улаан болимоор юм. Ичиж үхдэггүй л юм байхдаа. Тэр махны зургийг нь оруулах ёстой байждээ Эмүжээн.
Хариулах
Зочин
(107.72.164.120) 2020-04-28 15:09Ystoi zov
Хариулах
Зочин
(112.72.13.163) 2014-05-15 14:07aaaali deeer uyiin yumiig shine medee genee hahaha
Хариулах