Үр хүүхдэдээ үргэлж сайныг хүсч ерөөж байгаарай

Twitter Print
2020 оны 05-р сар 29-нд 20:56 цагт
Мэдээний зураг,

Ямар ч эцэг эх үр хүүхдүүдээ эрүүл саруул өсч торних, эрдэм боловсролтой болж аз жаргалтай заяа түвшин амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. 

Харамсалтай нь үр хүүхдэдээ зөвхөн сайныг зөвхөн хүсэх нь хангалтгүй гэдгийг он гарсаар хэдэнтээ давтагдсан харамсалтай хэрэг, золгүй явдлууд харуулж байна. Үр хүүхдээ сайн сайхан өсгөж хүмүүжүүлэх, ирээдүйд амьдралын чанар сайтай амьдрах, жаргалтай сайхан амьдрахад нь эцэг эхчүүд хэрхэн туслах вэ?

Хамгийн тэргүүнд хичээл номыг нь сайн хийлгэж, сайн боловсролтой хүн болгох нь үндсэн арга мөн гэдэгтэй санал нийлнэ. Гэсэн хэдий ч өндөр боловсрол, эрдэм мэдлэгтэй атлаа амьдралд хөл алдсан, хатуу дарсанд орсон, гундуухан амьдарч, амьдралд хөлөө олохгүй яваа хүмүүс бидний эргэн тойронд нэн элбэг байгааг та бид өдөр бүр харж байдаг. Хүний амьдрал угаасаа элдэв асуудлаар дүүрэн, нэг зүйлийг даваад гартал дараагийнх нь хүлээгээд байж байх нь бий. Учирсан саад бэрхшээлд сөхөрч бууж өгөх биш түүнийг эрүүл саруул ухаанаар даван туулах, шийдлийг олох нь чухал аж.

Сайн боловсрол дангаараа хангалттай биш юм бол хэрхэх вэ? Яаж үр хүүхдүүдээ сайн сайхан амьдрахад эцэг эхчүүд туслах вэ?

Миний хувьд боломж гарвал хүмүүст нэн ялангуяа ээж нарт үр хүүхдийнхээ хойноос хэт их санаа зовж, яана тэгэхвий, ингэчихвий гэж ам болон сэтгэлээрээ сөрөг зүйл бодож сэтгэлээ бүү зовоогоорой. Үнэндээ тэгж сэтгэл зовлоо гээд хүссэн үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй учир үргэлж сайн сайхныг хүсч ерөөж бай гэж хэлдэг. Бодит амьдралд хүсэл эгээрэл бүтэх биелэхээс дутахааргүй хясал, эс бүтэх зүйл тохиох нь элбэг. Хүний сэтгэлийн хүч, үгийн хийгээд оюун бодлын хүч нэн их учир үр дүн тааруухан, хий дэмий сэтгэл зовж суухаар үр хүүхдэдээ үргэлж сайныг хүсч ерөөж байгаарай гэж бусдад хэлэх боломж гарах бүрт хэлдэг.

Монгол ээж нар үр хүүхэд, хүнийг аян замд явахад нь алтан шар зам нь ээлтэй байг, ажил үйлс нь бүтэх болтугай, аян замдаа саадгүй сайн явах болтугай гэх мэтчилэн үргэлж сайныг хүсч ерөөж сүү өргөх нь маш хүчтэй засал, хүүхдэдээ чиглэсэн хүч ихтэй аврал юм. Жилийн 365 хоногийн ганц нэгхэн өдөр засал ном уншуулах, сүм хийд орсондоо сэтгэл амарч ханалгүй, өдөр бүр нүүр гараа угаадаг шиг, хоол цай идэж уудаг шиг өдөр бүхэн бурхан шүтээн, уул хайрхандаа сүслэн залбирч, судар номоороо гэрээ эргэх (орчин цагийн байрны айлууд гэр дотуураа эргэж болдог) үр хүүхдэдээ буян хураалгах, ирээдүй амьдралын замд тохиох саад бэрхшээл, замын чулууг зайлуулахын тулд буянд шамдаж судар гороолох буюу эргэх нь мөн маш хүчтэй засал төдийгүй буян хураах, ирээдүйн зам мөрөө засах хүч ихтэй, хялбар арга юм.

Үр хүүхдэдээ үргэлж сайныг хүсч ерөөх

Буян хураахад хичээх

Аливаа сайн үйлийг хийхэд шамдах

Хорвоогийн тоосыг хөдөлгөн яваа амьд бодгал бүхэн цаг үргэлжид амгалан жаргаланг хүсдэг гэдгийг бид мэднэ.

Хамаг амьтан амгалан жаргалантай орших болтугай.

Эх сурвалж: Буддын соёлын Махагала нийгэмлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.