Шарын шашны институтын хямрал ба Монгол

Twitter Print
2023 оны 10-р сар 26-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс Х Богдыг тодруулсан, Ц.Хуланг шүүхээр ялласнаар 30 гаруй жил Богд Зонховын буюу Шарын шашныг тойрсон хямрал оргил цэг рүүгээ дөхөв. Иймийн тул Шарын шашныг тойрсон даяар сөргөлдөөн болон Монголын дотоод дахь улс төр-шашны сөргөлдөөн тэмцлийн “адал явдлыг” товч өгүүлэхээр шийдэв.

Монголчуудын олонхи Шарын шашин, Далай лам болон Богдын институтын түүхийг их бага хэмжээгээр гадарлах учраас авч үзэх хязгаарыг 1990-ээд оноос эхэлье. Үнэхээр ч 1990-ээд оноос шарын шашныг тойрсон геополитикийн хүчтэй зөрчил эхэлж, МУ түүнд татагдан орсон нь хөдөлшгүй баримт юм.

Даяар зөрчлийн эхлэл      

1990.01.01. Энэтхэг Улс Бакула ринбүүчийг МУ-д суух элчин сайдаар томилов. Хэсэг хугацаанд Бакула Монголд байгаа цорын ганц хутагт болов. Тэр ирэх үедээ 73 настай байсан ба түүнийг таалал төгссөний хойно Монголд хойд дүр нь тодорно гэж олон хүн таамаглаж байв.

1991 оноос. АНУ-ын Ерөнхийлөгч нар Далай ламтай албан ба албан бусаар байнга уулзах болов.

1991 он. АНУ-ын Конгресс: “Түвд бол олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу булаан эзлэгдсэн орон бөгөөд түүний жинхэнэ төлөөлөгч нь Далай лам, Түвдийн ЗГ мөн” гэсэн тогтоол гаргасан ба үүнийг Ерөнхийлөгч Ж.Буш дэмжив.

1991 оноос. Хятадын ЗГ шарын шашны талаар “эх оронч хүмүүжлийн” бодлого явуулж эхэлсэн ба лам нар “XIY Далай ламаас татгалзаж, улс төрийн сэдвүүдийг судлах” үүрэгтэй болов. Түүнчлэн Түвдийн мөргөлчдийг Непал, Энэтхэг рүү мөргөл үйлдэхийг зарим талаар хааж, буддын том лам нарт паспорт олгохоос татгалзах болов.

1993 он. Москвад Түвдийн Соёл мэдээллийн Төвийг нээсэн ба энэ нь ОХУ-д байгаа Далай ламын төлөөлөгчийн газар мэт ойлгогдох болов.

Дээрх цөөн жишээ шарын шашин тойрсон геополитикийн тэмцэл өрсөлдөөн Хятад, АНУ-ын хооронд эхэлснийг хангалттай нотолно. Энэтхэг, ОХУ хоёр, мөн Япон, Солонгос ч гэсэн эл асуудалд онцгой идэвхитэй биш ч гэсэн дам байдлаар оролцож эхлэв.

Энэ зөрчилд МУ өөрийн түүх, соёл, шашин уламжлалаараа хүссэн ч, эс хүссэн ч татагдан орох хувь заяатай байлаа. Энэ үеэс эхлэн МУ шарын шашинтай холбоотой ямар ч асуудлаар Хятад, АНУ болон бусад улсын дунд ацан сонголт (дилемма) хийх “мөнхийн зовлонтой” учрав.  

Монголд шарын шашны дахин сэргэлт

1990 онд МУ ардчилал, зах зээлд шилжин орохын хамт түүхэн уламжлалаа сэргээх их хөдөлгөөн өрнөв. Манай түүхэн уламжлалаа сэргээх хөдөлгөөн: 1. Эзэн Чингисийнхээ нэр төр, их гүрний түүх, уламжлалыг сэргээх, 2. Хавчигдаж шахагдсан Шарын шашныхаа уламжлалыг сэргээх гэсэн 2 том чиглэлтэй байсан ба энэ удаад Чингисийн үзлийн сэргэлтийг авч үзэхгүй.

1991.09.20. XIY Далай лам ”бусдын хүсэлтийн дагуу” Соном Даргэг YIII Богдын хувилгаан дүр гэдгийг батламжлав. “Бусдын хүсэлт” гэдэг нь монголчуудынх гэдэг нь ойлгомжтой. 

1991.11.29. Зохиолчдын Эвлэлийн дэд дарга Ж. Бямба, МАН-ын дарга Баасан лам нар Шинэ Дели хотноо Далай ламтай уулзан IX Богдыг сураглаж, Монголд урих хүсэлтэйгээ илэрхийлэв.

Гэтэл тэр дороо л эсрэг талууд бий болов.

1992.03 сар. Монголын дээд зиндааны нэг улс төрч Энэтхэгт Далай ламтай уулзахдаа “Монголын иргэдээс Жавзандамбыг урьсан янз бүрийн урилгаас цэрвэж буй бөгөөд үүний цаана улс төрийн далд санаа байж болзошгүй. Бээжин үүнд илтэд дургүйцэж хариу барих вий гэдгээс Монголын албаны хүмүүс зовниж байна” гэж мэдэгдэв.

1993.05.01. Монголын зарим уран бүтээлч, сэхээтнүүд, түүний дотор YIII Жавзандамбын өргөмөл хүү Улаанбаатарт Богдын санг үүсгэн байгуулав.

Ингээд Шашнаа сэргээн мандуулах хөдөлгөөн эрч хүчээ авав. Гэсэн хэдий ч асар удалгүй зорилго чиглэл нь өөр өөр хэд хэдэн бүлэгт хуваагдан өрсөлдөн тэмцэлдэх болсонд гадны нөлөө орсон нь эргэлзээгүй. Энэ нь удалгүй 1996, 1999 оны үйл явдлуудаар батлагдсан юм.

Монголын төр арчаагаа алдав

1996.09.11. Монголын Сүсэгтний Холбооноос: ”Сүсэгтэн олон, сүм, хийд болон Монголын шашны байгууллагуудын хүсэлтээр” IX Богд энэ 10-р сард Монголд морилон ирэх болсныг “ЗГМ” сониноор зарлав. Хэрэв IX Богд Монголд заларч Мигжид Жанрайсигийг шүншиглэх ёслолд оролцвол их том бэлэгдэл болох ба Богдын институтыг сэргээх эхний алхам болох учиртай байв.   

Хэдийгээр ил биш ч гэсэн Барууныхан үүнийг идэвхтэй дэмжсэн, Хятадын тал дургүйцэж шахалт үзүүлсэн нь тодорхой. Энэ нь М.Энхсайханы эвслийн ЗГ “IX Богдын хувьд хувилгаан тодруулсан дэглэм тодорхойгүй” шалтгаанаар виз олгохоос татгалзаж, “толгойныхоо өвчнөөс” салав.   

1997 он. Энэ явдлын дараа АНУ-ын Төрийн департаментад Түвдийн асуудлыг хариуцсан тусгай зохицуулагчийн (координатор) албан тушаал бий болгов.

1998.0сар. Чойжамц хамба: “Монголд X Богдыг тодруулахын тулд IX Богдыг хүлээн зөвшөөрч Монголд оруулах нь тун чухал” гэж хэлэв. Ийм шаардлагыг шашны болон ТББ-ууд олон удаа шаардаж байв. Мэдээж цаана нь улс төрийн тодорхой хүчнүүд байсан. 

Монгол алх дөшинд хавчуулав

МУ 1999.07.15-18-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч Зян Зэминий төрийн айлчлалд бэлтгэж байтал 1999.07.13-нд IX Богд жуулчны визээр Монголд орж ирэв. IX Богд Москва дахь консулын ажилтан Б. Энхбаяр, Халимаг дахь консул Ш.Будбаяр нараас 2 виз авсан байлаа. Энэ нь яах аргагүй монгол төрийн албан ёсны зөвшөөрөл мөн юм. Тэрээр өөрийгөө Энэтхэгт цагаачлан амьдарч буй Жампил Намжил гэгч бөгөөд нутаг нэгт Чойжил-Юндэнг дагуулан явж байгаа гэж танилцуулжээ. Мөн МУ-ын иргэн Л.Баясгалан, Чимгээ нарын хувийн урилгыг үзүүлжээ.  

IX Богдыг Монголд орж ирмэгц манай ГХЯ-ны ажилтнууд Монголоос гарч явахыг шаардав. Зян Зэминь, IX Богд нарын айлчлал давхцсаныг “санамсаргүй тохиолдол” гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Ингээд асуудлыг зохицуулахчаа аядаж “Зян Зэминийг Монголд байх үеэр олны өмнө гарахгүй” гэдгийг IX Богдоор  өөрөөр нь “хэлүүлэв”.

1999.08.05. IX Богд Эрдэнэ-Зуу хийдэд хүрэлцэн ирэхэд Мэндбаяр, Нацагдорж, Дамбажав болон 17 хийдийн лам нар “Бурхны шашны Чуулган” зохион байгуулж, 68-тай Жамбалнамдолчойжижалцанг ”Халхын цагийг эзэлсэн Богд Гэгээн IX Жавзандамба хутагт” хэмээн өргөмжилж Монголын шарын шашны тэргүүнээр тодруулав.

1999.08 сар. Гандан хийдийн хамба, Далай ламын цагаач Засгийн газар, МУ-ын Засгийн газрын хооронд нааш цааш бичиг захидал чулуудалцаж эхлэв. Монголын ЗГ “визийн хугацаа дууссан”, ”дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон” гэх “тайлбар” хийж IX Богдыг эгүүлэн татахыг Далай ламаас дахин дахин “шаардав”.

1999.08.16IX Богд хэвлэлийн бага хурал хийж ”Миний айлчлал ямар ч улс төрийн зорилго агуулаагүй…” гэж мэдэгдэв.

1999.08.23. Чойжамц хамба Далай ламд ”IX Богдын манай улсад эзлэх шашны статусын тухай албан ёсны тогтоол шийдвэрийг хүлээж байгаа учраас түүний буцахыг хойшлуулсан” гэж тайлбарлав.   

1999.09.17. IX Богд ОХУ-аар дамжин нутаг буцав. Энэ үеэр IX Богд дараа жилээс Монголд ирж бүрмөсөн суух санаатай тухай мэдээ зарим хэвлэлд гарав.

1999.10.28. Энэтхэгийн элчин сайд Бакула Ринбүүчий энэ оны 12 сард Монголоос бүрмөсөн нутагтаа буцах болсон тухай ӨС сонин мэдээлэв. ”Монголд ясаа тавина” гэж байн байн ярьдаг хүндэт хүн гэнэт нутаг буцах болсон нь тун хачирхалтай. 

Ийнхүү эрхэм дээд Богд жуулчны шугамаар Монголын ЗГ-ын консулын зөвшөөрлөөр ирж Монголын шарын шашны тэргүүнээр тодров. Тэгсэн атлаа Монголоос бараг хөөгдөж гарав.

Монголын төр засаг арчаагаа бүрэн алдаж, энэ асуудлаар ямар ч шийдвэр гаргах чадваргүйгээ тов тодорхой харуулав. Хамгийн зэвүүн нь монголын төр 2 хуваагдаж IX Богдыг улс төр-шашны нэг бүлэг нь дур мэдэн урьж, нэг бүлэг нь хөөсөн явдал МУ-ыг дэлхийн шившиг болгов.

Том гүрнүүд чангалж эхлэв.

2000 он. Энэ үеэс эхлэн АНУ-ын ЗГ Түвдийн сан, Түвдийн мэдээллийн сан, Түвдийг дэмжих олон улсын кампанийг санхүүжүүлж эхлэв.

2002 он. АНУ “Түвд дэх улс төрийн тухай хууль” гаргаж, Түвдийн өөрийн ахуйг хадгалах, яриа хэлэлцээр өрнүүлэхэд оролцоно гэдгээ тунхаглав.

2004 он. ОХУ Далай ламыг Халимагт очуулсанд Хятад ихэд дургүйцсэн тул ОХУ-ын XIY Далай ламд цаашид виз олгохоо болив. Хятад “жижиг” Монголыг байтугай “том” Оросыг хүртэл шахаж “айлгаж” байгааг бид харж байна.   

2007 он. Хятад “Хойт дүр тодруулах (реинкарнаци) тухай хууль” гаргав. Энэ хуулиар шарын шашны хутагт хувилгаадыг тодруулах, монголчуудын ярьдгаар “алтан бумбаар шодох” үйлийг Хятадын ЗГ мэдэж зохицуулахаар болгов.  

2009 оноос АНУ-ын албан баримтуудад Түвд дэх шашин, Далай лам, хүний эрхийн асуудлыг байнга сөхөн тавих болов.

2012 он Ерөнхийлөгч Б.Обама: “АНУ өөрийн соёлыг хамгаалахын төлөө Түвдийн ард түмний тэмцлийг Хятадын дотоодод ч, хилийн чанадад ч бүхэлд нь дэмжинэ” гэж мэдэгдэв.

IX Богдын хойт дүрийг тодруулах улс төр-шашны тэмцэл

2011.11.02. Өмнөх сард Монголд заларсан Х.Богдыг Монголын Бурхны шашны сэнтийд залах ёслол болов.    

2012.01.24. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IX Богдод “Монголын Буддын шашинтны тэргүүлэгч” гэсэн албан ёсны төрийн батламж олгов.

2012.03.01. IX Богд насан эцэслэж, мөнх бусыг үзүүлэв. Ер нь бол IX Богдыг “хурдан үхээсэй” гэж нэлээд улс төрч бодож байсан баримт бий.

2012.03 сар. IX Богдын хойт дүрийг тодруулах комисс байгуулав. Энэ комиссын бүрэлдэхүүн маш нууцлаг хэдий ч Гандан хийдийн нөлөө бүхий 6 ламаас гадна бүлэглэлүүдийн дээд мяндагтнууд оролцов. Монголын улс төр-шашны бүлэглэлүүд “өөр өөрийн” Богдыг бэлтгэж эхэлсэн ба энэ тоо 4 хүрч байлаа…  

Монголын Шарын шашны бүлэглэлүүд

Жирийн хүмүүс монголын шашны бүлэглэлүүдийг сайн мэддэггүй. Монголын дээд лам нар хэд хэдэн том бүлэглэлд хуваагдах бөгөөд эдгээрийн тэмцэл өрсөлдөөн маш нууц байхын хамт улс төрийн том бүлэглэлүүдтэй ихээхэн нягт бөгөөд далд холбоотой.

Монголын лам нарын бүлэглэлийг эрдэмтэд янз бүрээр ангилдаг. Жи: ОУ-ын харилцааны Хүрээлэнгийн ЭШАА, доктор Д.Базардорж: 1. Доржшүгдэн сахиусны, 2. Далай ламын, 3. Банчин Эрдэнийн гэсэн 3 бүлэглэлд хуваажээ. Харин судлаач Ө.Гонгор: 1. Гүрдаваа Ренбүүчийн, 2. Ажа Гэгээний, 3. Гандан болон Дарамсалагийн, 4. Бусад буюу Монгол бүлэглэл гэж ангилдаг.

Мөн Богдын институтын түүхийн талаар МУҮИС-ийн багш, германы иргэн Удо Баркман багш монголчуудаас илүү сайтар судалж хэд хэдэн өгүүлэл бичсэн боловч түүний тоож уншдаг улс төрч сэхээтэн Монголд бараг байсангүй. Эрдэмтдийнхээ үгийг тоохоо байхаар эхлээд улс төр-шашны бүлэглэлийн, улмаар олонхи сэхээтний “тархи хамуурдаг” зүй тогтолтой.     

Дан ганц лам нарын бүлэглэлүүд өрсөлдөн тэмцэлдэж байгаа гэж үзэх нь маш буруу. Лам нарын цаана улс төр-бизнесийн том бүлэглэлүүд байдаг ба би үүнийг нийлүүлээд “улс төр-шашны бүлэглэл” гэж нэрлэж байгаа юм. Бас үүний цаана Хятад, АНУ, Энэтхэг, ОХУ зэрэг улсуудын оролцоо, нөлөө байгаа нь ямар ч эргэлзээгүй. 

Энэ бүхэн холилдоод ирэхээрээ геополитикийн, улс хоорондын, улсын дотоод дахь улс төр-шашны бүлэглэлүүдийн, хувь хүний гэсэн олон түвшний зөрчил тэмцлийн бантан болж хувирдаг ба үүний учрыг олдог хүн Монголын төр, шашинд л лав байхгүй.

Ахиад л будлиан хутгав.            

2016 онд Монголд хийсэн XIY Далай ламын айлчлал дэлхий дахинд болон Монголд их будлиан тарьж, монголын төр засаг шившгээ хутгасан юм. Үүнийг хронологийн дарааллаар товч авч үзье:       

2016.10 сар. XIY Далай лам Монголд ирэх тухай мэдсэн Хятадын ЗГ: “Дурын оронд, дурын шалтгаар, дурын хэлбэрээр явуулж буй Далай ламын хятадын эсрэг салан тусгаарлах идэвхийн эсрэг шийдвэртэй тэмцэнэ” гэж сануулав.

Хэд хоногийн дараа “Хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэх өргөн хэтийн төлөвийг сайтар санаж, энэ талаар өгсөн амлалтаа биелүүлэхийг бид Монголоос хатуу шаардаж байна. Далай ламын ирэхийг зөвшөөрч болохгүй. Түүнтэй хамтран ажиллаж, Далай ламын салан тусгаарлах гэмт бүлгийг дэмжиж болохгүй” гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Генг Шуань мэдэгдэв. Үүнийг Монголын эрх баригчид үл ойшоожээ.    

2016.11.18-23. XIY Далай-лам Монголд зочлов. Ирсэн зорилго нь X Богдыг тодруулах явдал байв.

Хятад үүнд уурсаж монголын уул уурхайн бүтээгдэхүүний татварыг нэмж, Монгол өгөхөөр тохирсон 4,2 тэрбум ам.долларын зээлээ царцааж, агаарын болон төмөр замыг зогсоож, хилээ хаав. Далай ламыг Монголд айчлах бүр ийм явдал болдог байв. Жи: 2002 онд Хятад хилээ хаасан, 2006 онд нислэг зогсоож, татвар нэмсэн. 

2016.12.22. Монголын ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Хятадад очиж аргадав. Арай л өвдөг сөгдөн уйлахын наагуур болов. Тэрээр “Гандан хийдийн урилгаар XIY Далай лам Монголд айлчилсан нь бидний харилцаанд сөргөөр нөлөөлж, үүний улмаас үл ойлголцол үүсээд байна. Манай ЗГ үүнд харамсаж байна. Өнөөгийн ЗГ эрх барьж байхад Далай Лам Монголд ахин айлчлахгүй гэж бодож байна” гэж мэдэгдэв.

Ийм арчаагүй, хөгийн, үхээнц байж шашны талаарх “төрийн бодлоготой”, “төрийн нууцтай” гэж ярихаасаа ичих хэрэгтэй л дээ…                       

Х Богдыг тодруулах тэмцэл 

2017.08.03. Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч Х.Баттулгын шашны асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдов. Ийнхүү Ц.Хулан дотоодын хувь хүмүүс, улс төр-шашны бүлэглэлүүдийн тэмцлээс эхлээд гадаадын геополитикийн сөргөлдөөн хүртэлх аварга том бөгөөд өршөөл энэрэлгүй том зөрчил тэмцлийн дунд оров. 

2019.11.20. Ц.Хулан XIY Далай ламд Х Богдыг тодруулах талаар Монголд болж буй зөрчил будлианыг илчилсэн захидал илгээв. Захидлын агуулгаас үзэхэд X Богдыг тодруулах асуудал 2019 онд нэгэнт шийдэгдсэн байжээ. Түүнээс өмнө ч “шийдэгдсэн” байх өндөр магадлалтай. Нөхцөл байдал ийм атал Ц.Хулангийн Х Богдыг “жирийн ард олны дундаас” олж сонгох санал хүүхдийн гэмээр гэнэн мөрөөдөл байсан юм.    

2020.12.08. АНУ-ын сенат “Түвдийн бодлого хийгээд түүнийг дэмжих тухай” хууль гаргаж, түвдийн ард түмний автономит эрхийг хүлээн зөвшөөрөв.

2020.05 сар. Ц.Хулан 2020 онд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших үедээ “Улстөрч.мн” сайтад ярилцлага өгснийг утгачлан товчилж сийрүүлье: 

“Шашны эрх чөлөөний хуулийн анхны хэлэлцүүлэг 2018.10 сард болсон. Орчуулга шиг байхаар нь мөшгөөд сурвалжлаад үзэхэд энэ хууль гадаадаас 100 хувь захиалгатай нь тогтоогдсон. Энэ хуулийн англи хэл дээрхи анхны эх Ц.Нямдорж гарын үсэг зурахад бэлэн болчихсон байсныг “ГХЯ-ны” албан тушаалтны өрөөнөөс би олсон. Тэгэхээр манай хуульчид гаднаас захиалгаар хууль оруулж ирдэг юм байна. Ийм их ач холбогдолтой хуулийг намууд хоорондоо наймаалцаж байна шүү гээд баримтаа З.Энхболдод өгсөн. Тэгтэл 7 хоногийн дараа намайг дуудаад:”Чиний соёл, шашны гэдэг тодотголоос шашны гэдэг үгийг хасмаар байна. Ерөнхийлөгчийн дэргэд шашны зөвлөх байх нь учир утгагүй юм байна” гэж хэлсэн…Бид нар чинь (би ?!) өөрөө амьд явмаар байна ш дээ...”

2021.03 сар. Байдены засаг захиргаа: “Далай Ламын хойт дүрийг тодруулахад Хятадын ЗГ ямар ч үүрэг гүйцэтгэх ёсгүй” гэж мэдэгдэв.  

2023.01.19. Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ баривчлан хорив. 

2023.03.08. Энэтхэгийн Дарамсала хотод Далай лам 8 настай монгол хүүг Халхын шашны тэргүүн, Х Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөх ёслол үйлдэв. Богдын дараагийн дүрийг түрүүчийн Богд нас барснаас хойш 5 жилийн дараа тодруулах ёстой боловч 11 жилийн дараа тодруулав.  

Өмнө нь олон заваан явдал болсон хэдий ч энэ бол яах аргагүй манай дотоод асуудал бөгөөд Монгол Богдтой болсон нь нэг том ахиц юм. Иймээс  одоо энэ асуудлаар хэрүүл хийж, хэл ам татлах ямар ч шаардлагагүй. 

Шарын шашны институтын хямрал

Алтан хан 1577 онд лам Содномжамцад “Далай лам” цол олгосноос эхлэн тоолбол Далай ламын институт одоо болтол үргэлжлэн 2023 онд 446 жил болж байна. Далай ламын институт бий болж төлөвшихөд монголчууд ихээхэн ач тус үзүүлсэн нь эргэлзээгүй.

Гэлэгва ёсонд Далай ламын дараа орох эрэмбэтэй Банчин богдын дэд институт нэлээд эртнээс улбаатай. Ойролцоогоор  энэ үед бүрэлдэн тогтож, одоо 1995 онд Хятадуудын тодруулсан ХI Банчин Богд Гялцан Норов дээр үргэлжилж байна.        

1640 онд Занабазарыг Монголын Анхдугаар Богд Жавзандамба гэж өргөмжилснөөс эхлэн тооцвол Богдын дэд институт 383 жил оршин байгаад түүхэн тодорхой шалтгаанаар 1924 онд тасалджээ.

Харилцан нягт уялдаа холбоо бүхий 3 тэргүүнтэй шарын шашны институт 400 гаруй жил “амар тайван” оршин тогтножээ. Яагаад гэвэл тэр үед Монгол, Түвд, Хятад гурвуулаа Манжийн мэдэлд байсан ба ганцхан Чин гүрний хуулийн дагуу шашны 3 тэргүүний хойт дүрийг тодруулж, энэ “ажилд” элдвийн хэл ам бараг гардаггүй байсныг би “амар тайван” гэж нэрлэж байна.

Гэтэл холоос яривал 1911 оноос, ойроос яривал 1990 оноос шарын шашны орчин нөхцөл эрс өөрчлөгдөв.

Маш бүдүүн тоймоор: Монгол: ганцхан Богдтой, Хятад: Түвд, Банчин Богд хоёртой боловч Далай ламгүй, АНУ: ганцхан Далай ламтай байгаа гэж зүйрлэж болно.

Шинэ зууны шинэ нөхцөл байдалд шарын шашны асуудлыг уламжлалт хуучин аргаар шийдвэрлэх боломж энэ асуудалд холбогдон буй том жижиг аль ч улсад байхгүй нь тодорхой. Гэхдээ одоохондоо шинэ аргыг хэн ч олоогүй байна…

Манай шарын шашны институт гүн гүнзгий хямралын байдалд оржээ. Энэ үгэнд цочирдох хэрэггүй. Учир нь шашин сөнөнө гэж хэзээ ч байдаггүй, харин үе үе хямралд ордгийг дэлхийн шашны түүх гэрчилнэ. Манай Зонхавийн шашин ч гэсэн тухайн цагтаа гүнзгий хямралд орсон буддын шашны согог гажуудлыг эсэргүүцэн төрж, маш их тэмцэл, дайн дажин туулж шашны том институт болон тогтсон. Шашин хямарсан тохиолдолд шашны реформ хийж гардаг. Харин шашны реформыг шашны институтын түвшинд сэтгэж, зөвхөн шинжлэх ухаанд тулгуурлаж байж хийж болно.

Үүнийг маш олон хүн олон жилийн турш ярьж байгаа ч хийсэн ажил оргүй шахам. Манайхан шашны тэргүүн хувь хүмүүс хийгээд шашны институтын ялгааг огт мэддэггүй. Эдгээр нь нягт уялдаатай боловч өөр өөр ойлголтууд. Шашны институт гэдэг нь шашны тэргүүн нарын удирдлага зохицуулалтаар ажилладаг шашны олон урсгал, олон мянган сүм хийд, хэдэн сая лам, сүсэгтэн олны харилцан үйлдэх харьцангуй бие даасан тогтолцоо (систем), түүний механизм юм. Энэ ялгааг ухаж ойлголгүйгээр шашны талаар “төрийн бодлого” явуулна гэж дайрах нь тэнэг хэрэг.

Манайхны өөр нэг том эндүүрэл нь “шашныг сэргээн мандуулна” гэдгийг YIII Богдын үеийнх шиг асар их эрх мэдэл, хүч нөлөөтэй болгох гэсэн хүсэл юм. Одоо бол яаж ч хичээгээд ингэх боломж байхгүй, учир нь дэлхийн геополитикийн болон МУ-ын хөгжлийн төлөв байдал, чиглэл, хандлага шал өөр болсон.     

Х Богдыг залснаар шашны бүх асуудлаа шийдчихсэн бодож байвал тун их эндүүрэл. Харин ч даяар зөрчилт үйл явц одоо л дөнгөж эхэлж байна.

Би сургаар таамаглах дургүй. Гэхдээ илт тодорхой зүй тогтлыг хэлэх нь судлаач миний үүрэг юм.

1935 онд төрсөн XIY Далай лам эдүгээ 88 настай. Далай багш удахгүй жанч халах нь хэн бүхэнд ойлгомжтой. Өөрөө ч гэсэн хойт дүрийнхээ талаар хэд хэдэн удаа дурдсан. Энэ тохиолдолд Далай ламын дараагийн дүрийг тодруулах явдал олон улсын хурц өрсөлдөөний талбар болох нь гарцаагүй. Далай ламын хойт дүр “онолын” хувьд Түвд буюу Хятад, Монгол, Энэтхэгээс тодрох өндөр магадлалтай. Гэхдээ Далай лам өөрөө: “Би хаана ч, тэр ч байтугай эмэгтэй хүн болон төрж ч магадгүй” гэснийг харгалзвал уг асуудал маш хүнд болж таарна. Ямар ч гэсэн МУ энэ маргаанд татагдан орох нь гарцаагүй. Энэ нь Монголын хувьд нэлээд таагүй сорилт болох нь мэдээж…

Иймд одооноос эхлээд шашны талаар баримтлах төрийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд манай төрд шашны бодлого огт байгаагүйг 30 жилийн “ичмээр адал явдал”, “тэнэг хошин шогийг” өгүүлсэн энэ бичвэр хангалттай нотолно. Нэгэнт төрийн бодлого байхгүй тохиолдолд “төрийн нууц” гэж байхгүй. “Ямар нэг нууц” байж болох ч тэр нь “дараагийн дүр” тодруулахтай холбогдсон ач холбогдол багатай, хуйвалдааны шинжтэй “жижиг сажиг юм” байгааг тааж ядах юмгүй. Дашрамд Тагнуулын газар цаашид шашны асуудалд хутгалдан оролцохоо болих хэрэгтэй, энэ чинь ичмээр бөгөөд хууль бус зүйл… 

Харин одоо бол Ц.Хуланг шашны талаар дахиж ганц ч үг дуугарахгүй гэсэн ам өчгийг нь аваад сулласан нь дээр гэдгийг би зориуд сануулж байна. Судлаач би хэчнээн дургүй хүрч байсан ч шашны нэрээр өрсөлдөж, тэмцэлдсэн бүх бузар булайг нарийвчлан дэлгэж, нэр бүхий хүмүүс болон Монгол Улсаа дэлхийн шившиг болгомооргүй байна. Өөрөө дотроо тэмцэлдэн хямарч, гадаад дотоодод ноцтой будлиан тарихгүй бол шашны асуудалтай зууралдах өчүүхэн ч хүсэл надад алга…  

Х Богдоо залчихлаа, одоо болоо юм биш үү?! Ц.Хуланг суллачихад хэн хохирох гээд байгаа юм?! Харин шашны талаарх төрийн бодлогоо боловсруулах ажилдаа бушуухан орж үз. Том гүрнүүдийн зөрчлийн галыг дуудан авчирч өөртөө лай хураах хэрэггүй л дээ… 

Судлаач Х.Д.Ганхуяг

2023 оны 09 дүгээр сарын 09             

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.55.188.123) 2023-10-28 21:34
      • 0
      • 0

      Эгэл ард түмэний дотороос Богд тодоруул хүүхдийн бодол гэж шааж байх юмаа. Ард түмэнээс тодоруул тэжээж чадахгүй. Ард түмэнээс тодоруул аав, ээж нь богдын нэрээр бизнэс хийнэ гээд ард түмэнийг мөн ч их доромжлох юм даа. Ямар гээчийн гайтай хуурамч, лайтай богдов дээ.

      Хариулах

    • Зочин

      (199.119.235.167) 2023-10-28 05:54
      • 0
      • 0

      Хулан шаал өөр асуудлаар суусан л даа даанч

      Хариулах

    • Зочин

      (202.21.103.162) 2023-10-27 09:13
      • 0
      • 0

      Далай лам ирэх болгондоо л Монголд гай тарьж байсан юм байна ш дээ хужаа нар татвараа нэмээд буулгаагүй тэр нь ард иргэдэд л гай болно.

      Хариулах