АНУ-д коронавирусын халдвараар нас барагсдын дурсгалыг хүндэтгэж 5 хоногийн турш АНУ-ын төрийн далбааг бөхийлгөнө

Twitter Print
2021 оны 02-р сар 23-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

АНУ-д коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 500 мянгад хүрсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн үг хэлж, 5 хоногийн турш бүх төрийн өмчийн байшин барилгууд дээрх АНУ-ын төрийн далбааг бөхийлгөхийг тушаажээ.

Ерөнхийлөгч Жо Байден тэргүүн хатагтай Жилл Байден, Дэд Ерөнхийлөгч Камала Харрис нөхөр Даглас Эмхофф нарын хамтаар Цагаан ордны гадаа нас барагсдын дурсгалыг хүндэтгэн нэг хором чимээгүй зогссон байна. Түүнчлэн Вашингтон дахь Гэгээн Петр ба Павлын сүмийн хонхыг коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн 500 удаа дуугаргажээ.

Цагаан ордны гадаа хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Жо Байден АНУ-д коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо Дэлхийн I, II дайн, Вьетнамын дайны үед амиа алдсан нийт иргэдийн тооноос давсан болохыг дурджээ. Тэрбээр, "Коронавирусын халдварын улмаас нас барсан иргэд жирийн америкчууд байсан гэдэг үгийг олон удаа сонслоо. Тийм зүйл байхгүй. Тэд жирийн хүмүүс байгаагүй. Тэд маш онцгой хүмүүс байсан. Тэд үе үеийн төлөөлөл байсан. Америкт төрсөн, Америк руу цагаачилсан. Тэдгээр хүмүүсийн зарим нь энэ улсад амьдралынхаа сүүлийн хормыг орь ганцаараа өнгөрүүлсэн." хэмээн онцолсон байна.

АНУ нь коронавирусын халдвар авсан иргэдийн тоо болон уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нийт 28.1 сая гаруй америкчууд коронавирусын халдвар аваад байна. Коронавирусын халдварын тархалт АНУ даяар буурч, нөхцөл байдал сайжирч байгаа ч коронавирусын цар тахлын улмаас америкчуудын дундаж наслалт бүтэн нэг жилээр буурсан болохыг АНУ-ын Өвчнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс онцолжээ.

Өнгөт арьстнууд коронавирусын халдварт хамгийн ихээр өртөж байгаа ба 2020 оны 1 ба 6-р сард хийсэн судалгаагаар хар арьстай иргэдийн дундаж наслалт 3 жилээр, Латин америкчуудын дундаж наслалт 2.4 жилээр тус тус буурчээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-56159756

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.