3 настнууд нь юу хийж чадах вэ

Twitter Print
2020 оны 01-р сар 06-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Энэ нас маш онцлог, тархины хөгжлийн хамгийн уян үе тул аав ээжийн эерэг дэмжлэг, оролцоо хэдий чинээ их байна хүүхэд төдий чинээ бүх талаар хөгжих боломжтой буюу илүү зохион байгуулалттай сэтгэж эхлэх үе нь юм.

Урьдчилаад сануулахад, хүүхэд бүрийн ахуй, соёл, амьдралын хэмнэл өөр өөр тул ерөнхий хөгжил нь 2-6 сараар зөрөх тохиолдол байдаг тул энэхүү онцлогууд зарим хүүхдийн хувьд 4 насанд нь ч ажиглагдаж магадгүйг анхаараарай. Энэ наснаас эхлэн хүүхдийн тархины байнга хэрэглэгддэг эсүүд идэвхжиж хэрэглэгдэхгүй эсүүд идэвхгүйждэг. Эцэг эхчүүдийн тогтмол хэлдэг үг, хийдэг үйлдэл тэдний тархийг байнга дасгалжуулж байгааг санаараарай.

Хүүхэд:

  • Хэн, юу, хаана гэсэн асуултуудыг яриандаа хэрэглэхээс гадна эргээд ийм асуултад 3-5 үгтэй өгүүлбэрээр хариулж чадна.

  • Уран төсөөлөл, ургуулан бодох чадвар хурдтай нэмэгдэж давсалж ярих, зүүдээ болон төсөөллөө ярихдаа дуусгахгүй зохион үргэлжлүүлсээр байж чадна.

  • Яагаад? Яагаад? хэмээн асуух нь тасралтгүй үргэлжилдэг сониуч үе нь эхэлнэ. Энэ асуултанд насанд нь тохирсон үнэн бодит хариулт өгөөрэй.

  • Өмсөх хувцас, идэх амттан, тоглох тогдоомдоо сонголт хийдэг болно. Ялангуяа охидод илүү эрт эхэлнэ. Энэ үед хэт олон зүйлээс сонголт хийлгэвэл хүүхэд бухимддаг. 2 зүйлээс сонголт хийх боломж олгож туслаарай.

  • Буруу зүйл хийснээ мэдэрч бусад руу түлхэх аргаа мэддэг болно.

  • Аав ээжтэйгээ хамтран тоглох дуртай болж, таныг тоглоом руугаа татах янз бүрийн арга хэрэглэнэ. Энэ үед та тоглоомын туслах дүрд орж байгаарай.

  • Үлгэрт, ялангуяа зурагт номд их дуртай болно. Нэг дурласан номоо хэд ч уншуулж магадгүй. Энэ үед нь уйгагүй уншаарай, уншуулах тутам хүүхдийн тархинд баяжин төсөөлөгддөг.

  • Хэд хэд уншуулсан номоо ганцаараа байхдаа ч зургийг нь харан ярьж сууна. Энэ үед үгийн баялаг хурдтай нэмэгддэг.

  • Хөдөлгөөнт шүлэг, дууг амархан цээжилнэ. Ер нь шинэ зүйлийг маш хурдан сурна. (Гадаад хэл, тоо г.м)

  • Үндсэн өнгүүдтэй танилцаж харандаагаа атган зураг, зураас, дугуй дүрс зурах дуртай болно.

  • Өөрийн нэр, насаа хэлж чадна.

  • Аливаа шинэ зүйл болон сонирхол татсан зүйлээ 2-3' төвлөрөөд 1-2" анхаарал нь өөр тийш шилжих байлдаар 7-9' анхаарал төвлөрөлттэй суудаг болно.

  • Орон зай, хэлбэр хэмжээ, том жижгийн баримжаатай болно.

Ингээд хүүхдүүдэд нь өөр ямар ямар онцлогууд ажиглагдаж байгааг бичээд байгаарай.

Г. Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.