Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн: Халаасны хулгайд алдсан эд зүйлээ олоогүй иргэд Цагдаагийн байгууллагад хандаж болно

Twitter Print
2014 оны 06-р сар 17-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Энэ сар гарсаар орон нутагт авто осол хэд хэд гарсан. Үүний улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирсон билээ. Мөн урин дулаан цаг ирж буйтай холбогдуулж зарим төрлийн гэмт хэрэг гарах нь ихэсдэгийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Он гарсаар Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх албанд халаасны хулгайн 285 гэмт хэрэг бүртгэгдсэн. Урин дулааны цагт халаасны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг. Ийм учраас иргэд өөрсдийн өмч хөрөнгөө хараа хяналттай авч явахыг сэрэмжлүүлж байна. Ялангуяа хүн ихээр төвлөрсөн автобусны буудал, үзвэр үйлчилгээ явагдаж байгаа газар анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Гэмт халдлагад өртсөн, эд зүйлээ хулгайчид алдсан бол яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тэмдэглүүлэх шаардлагатай.

-Халаасны хулгайн гэмт хэргийг шийдвэрлэхэд хуулинд юу гэж заасан байдаг вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг нь хуулинд 145-р зүйл заалтаар Эрүү үүсгэн шалгадаг. Ер нь өдөрт Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх албанд 4-5 хэрэг бүртгэгдэж, илрүүлж байна. Гэхдээ гэмт хэрэгтэн илрүүлэн баривчлахад “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ”-нд хүрэхгүй гэдэг утгаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36-д зааснаар 1500-20000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ аваад өнгөрдөг.

-Жижиг төрлийн хулгай гэдэг утгаар нь мэргэшсэн хулгайч нар олон дахин хэрэг үйлдэж байна уу?

-Ер нь цагдаагийн байгууллагын хараа хяналтанд сэжигтнээр байдаг 500 гаруй хүн байдаг. Халаасны хулгайд эд зүйлээ алдаад эргэж олоогүй иргэд байх юм бол Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хандаж болно.

-Халаасны хулгайтай тэмцэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Цагдаагийн байгууллага хүн ихээр төвлөрсөн үзвэр үйлчилгээний газар, автобусны буудлууд дээр камерын систем суурилуулж байнгын хяналттай ажиллаж байна. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс Таван шараас 10-р хорооллын автобусны буудал хүртэл эргүүл тогтмол гарган ажилласан. Энэ нь үр дүнгээ өгч гэмт хэрэг гарах нөхцлийг бууруулж, гэмт хэргийг газар илрүүлэн таслан зогсооход дөхөм болж байгаа.

-Удахгүй наадам болно. Хотын ойр орчимд морь малтай хүмүүс ирж буудаг. Энэ үеэр малын хулгайн гэмт хэрэг гарах нь хэр их байдаг вэ?

-Зуны цагт малын хулгай харьцангуй бага гардаг. Гэхдээ иргэдэд анхааруулж хэлэхэд өөрийн эзэмшлийн мал, эд хөрөнгөө бусдын гэмт халдлагад өртүүлэхгүйн тулд анхаарал, сэрэмжтэй байх нь илүүдэхгүй.

-Урин дулаан цагт иргэд голын усанд амиа алдах нь ихэсдэг. Цагдаагийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх ямар ажил зохион байгуулж байна?

-Зун цаг ирж байгаа энэ үед иргэд аялал зугаалгаар явах нь элбэг болдог. Үүний улмаас усанд осолдож амь насаа алдах явдал нэлээдгүй тохиолддог. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр л гэхэд Цагдаагийн байгууллагад дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт хоёр иргэн усанд уналаа гэж дуудлага ирсэн. Тухай бүрд нь яаралтай арга хэмжээ авч ажилласан. Мөн Дорнод, Хэнтий аймагт хүн усанд уналаа гэсэн дуудлага ирлээ. Эндээс харахад хөдөө орон нутагт амьдарч буй иргэд гол усны аюулд өртөх нь элбэг байгаа учир анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.