
Их Британийн эрдэмтдийн тогтоосноор, дэлхийн нийт хүн амын тал хувь нь 50 насандаа 50 хүртэл хувиар бууралтсан байдаг гэнэ. Ингэхдээ цагаан арьст хүмүүс 30 гараад, ази хүмүүс 40 орчим насандаа, харин хар арьст хүмүүс 40 гараад үс нь бууралтаж эхэлдэг байна. 20, 30-тай идэр залуучууд ч үс нь цайрч, бууралтаж эхлэх нь бий...
Хүний үс яагаад цайдаг вэ, цаана нь ямар асуудал байж болох вэ, үс бууралтахыг хэрхэн “хойшлуулж” болохыг энд авч үзэцгээе...
Үс хэр хурдан ургаж, ямар өнгөтэй байх нь үсний фолликулын (тодруулбал меланин гэх пигмент ялгаруулах үүрэгтэй меланоцитын эсийн) бүтэц, түүний үйл ажиллагаа хэр сайн байхаас шууд шалтгаалдаг. Меланин нь эумеланин ба феомеланин гэх хоёр төрлийн пигментээс бүрддэг. Эдгээр пигментийн харьцаа ямар байхаас хамааран үс өөр өөр өнгөтэй байдаг байна. Нас ахихын хэрээр эсвэл дотоод хүчин зүйлсээс болж меланин идэвхгүй болж, үсний уурганд үйлчлэхээ больж... улмаар үс цайж эхэлдэг аж.
ҮС БУУРАЛТАХАД ЮУ НӨЛӨӨЛЖ БОЛОХ ВЭ?
- Удамшил. Гэрийнхэн тань эрт бууралтдаг бол та ч мөн адил эрт бууралтах нь лав.
- Бамбайн булчирхайн асуудалтай бол
- В группын аминдэм болон төмрийн дутагдал
- Зарим нэгэн эм тарианы үйлчлэл
- Шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэх. Сахар, давс, гурил, глутамат, хүнсний будаг их хэмжээгээр агуулсан хоол хүнс тогтмол хэрэглэх
- Тамхи татах
БУУРАЛ ҮСНИЙ ТУХАЙ ЦУУ ЯРИА
- Буурал үсийг түүвэл оронд нь 6 ширхэг цагаан үс бий болдог уу? Цагаан үс түүснээс болж цөөрнө үү гэхээс биш нэмэгдэхгүй. Учир нь байнга зулгааж түүсний улмаас үсний фолликул суларсаар, сүүлдээ бүр ургахаа больдог. Бүр болохгүй бол цагаан үсийг угаар нь тайрсан нь дээр.
- Буурал үс саарал өнгөтэй. Яг ч тийм биш ээ. Бүрэн цайсан үс өнгөгүй болдог. Меланин идэвхгүй болохын хэрээр хүний үс шаргалдуу туяатай болох нь ч бий.
ҮС БУУРАЛТАХЫГ ХЭРХЭН УДААШРУУЛАХ ВЭ?
- Эрүүл зөв хооллож эхэл. Жимс, ногоо, В12 аминдэм агуулсан хүнс (загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүү, аарц, өндөг, тахианы мах г.м.), B9 аминдэм агуулсан хүнс (будаа, шош, сэвэг зарам г.м), зэс,төмрөөр баялаг хүнс (кэшью самар, элэг, бүйлс) түлхүү хэрэглэх. Эрүүл зөв хооллох нь үсэнд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй формоо барихад ч тустай.
- Эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө ав. Тодруулбал бамбай булчирхайгаа нарийн үзүүлээрэй.
- Толгойндоо тогтмол иллэг хийж бай. Цусан хангамжийг сайжруулснаар, үсний фолликулд илүү их тэжээл очно гэсэн үг.
- "Моодны" тайралт хийлгэ. Богино тайралт ямагт илүү дэгжин харагддаг. Богино үс арчлахад ч амар, хэлбэрт оруулахад ч хялбар. Жишээ нь, “каре” тайралт ямар ч хүнд сайхан зохидог, мөн яаж л бол яаж хэлбэрт оруулж болдог...
- Үсэндээ тогтмол тэжээлийн тос, маск түрхэж бай. Энэ нь хуйханд тэжээл өгч бодисын солилцоог сайжруулдаг. Хамгийн энгийн маскны жор: 2 хоолны халбага кокосын тосыг тал лимоны жүүстэй хольж, арваад минут болсны дараа хуйхандаа түрхэж, сайтар эллэг хийнэ. 20-30 минутын дараа бүлээн усаар зайлж угаана.
- Эцэст нь буурал үсээ бүү нуу... Ричард Гир, Джордж Клуни, Джейми Ли Көртис гээд голливудын кино жүжигчдийн жишгийг даган мөнгөн сороо нуух бус, харин ч түүгээрээ гангарч яагаад болохгүй гэж? Эсвэл будагны тусламжтайгаар “моодный” сор тавьж болно шүү дээ. Сүүлийн үед бүх төрлийн мөнгөлөг, саарал өнгийн үс тренд болоод байгаа. Энэ трендийг дагаад инстаграммын хэрэглэгчид өөрсдийнхөө зургийг grannyhair хэштэгтэйгээр идэвхитэй хуваалцаж байгаа...
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.