Коронавирусын гарал үүслийн талаарх ДЭМБ-ын дүгнэлтийг хангалтгүй гэж үзжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 31-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахлын гарал үүслийн талаар судалсан ДЭМБ-ын эрдэмтдийн баг коронавирус нэг амьтнаас нөгөө амьтанд халдаж, уг амьтнаасаа хүнд халдсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасантай холбоотойгоор Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдэл хийжээ.

Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден америкчууд КОВИД-19 өвчний гарал үүслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэх эрхтэй гэж үзэж байгаа тухай онцолжээ. Тэрээр, "Ерөнхийлөгч Ж. Байден Америкийн иргэд, дэлхийн улс орнууд, эрдэмтэд болон эмч нар, хүмүүсийн амийг аврахаар цаг наргүй ажиллаж байгаа бүх хүмүүс, хайртай дотны хүнээ алдсан гэр бүлүүд коронавирусын цар тахлын талаар илүү нээлттэй, ил тод, дэлгэрэнгүй мэдэх эрхтэй гэж итгэж байгаа. " гэжээ. АНУ болон Австрали, Канад, Чех, Дани, Эстони, Израил, Норвеги, БНСУ, Словени, Их Британи зэрэг дэлхийн 13 орон ДЭМБ-аас гаргасан дүгнэлтийг хангалтгүй хэмээн үзэж, коронавирусын цар тахлын гарал үүслийн талаар хараат бус, ил тод мэдээлэл хийхийг шаардсан хамтын мэдэгдэл гаргаад байна.

Түүнчлэн Европын холбоо цар тахлын гарал үүслийг судалж буй эрдэмтдэд бүх мэдээллийг нээлттэй болгож, судалгаа шинжилгээ хийх явдлыг дэмжиж ажиллахыг Бээжингээс хүсчээ. Гарал үүсэл нь тодорхой бус уушгины хатгалгаа өвчний тохиолдлууд бүртгэгдсэн талаар Бээжин 2019 оны 12-р сард анх ДЭМБ-д мэдэгдсэнээс хойш дэлхийд коронавирусын халдвар авсан 127 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 2.8 сая хүн нас бараад байна. ДЭМБ-аас гаргасан 120 хуудас бүхий дүгнэлтэнд бичсэнээр эрдэмтэд коронавирус нь уг вирусыг тээгч амьтнаас зэрлэг амьтанд халдаж, уг зэрлэг амьтнаас хүнд халдсан гэсэн хувилбар хамгийн өндөр магадлалтай гэж үзжээ. Түүнчлэн коронавирусыг тээгч сарьсан багваахай эсвэл панголиноос коронавирус шууд хүнд халдсан гэх хувилбар ч байх боломжтой аж.

Харин коронавирус нь хөлдөөсөн хүнснээс хүнд халдсан байх магадлал өчүүхэн ба коронавирус лабораториос алдагдсан байх магадлал бараг үгүй гэдгийг онцолжээ. Коронавирус нь лабораториос алдагдсан гэх хувилбарыг дэмжих ямар ч баримт нотолгоо байхгүй, тийм зүйл тохиолдсон байх боломжгүй гэсэн дүгнэлтэнд ДЭМБ-ын эрдэмтдийн баг хүрсэн гэдгийг тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Гебрейсус мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.