БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ

Twitter Print
2022 оны 05-р сар 11-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд бараалхав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв.

БНСУ-тай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, агаарын харилцааг либералчлах хүрээнд агаарын ачаа тээврийг нэмэгдүүлэх, геологи, уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тавьж буйг тэмдэглэв.

Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг гардууллаа.

зураг
 

Тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцсонд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл талархал илэрхийллээ. БНСУ, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

Уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Пак Жин, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар байлцлаа.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.