Хүрэлсүх ээ, нэг зүйл сануулахад...

Twitter Print
2021 оны 06-р сар 11-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Боломж хэзээд, хэнд ч байдаг. Нам унасан АН-д ч, иргэний нийгмийнхэн хийгээд Энхбат-д ч сайн боломж бий. Хамгийн том боломж нь МАН-д. Бүр түүхэн алтан боломж.

Нэг.

Шалан дээр тэрий хадчихсан АН-д эргэн босож ирэхийн тулд хангалттай хэмжээний эрүүл саруул ухаан хэрэгтэй. Эрээвэр хураавар элдэв ашиг сонирхол, эрүүгийн шинжтэй элемэнтүүд, эрх дураар анархистуудаасаа салахгүй бол, туйлширсан хэт баруун либералиудаасаа ангижрахгүй бол хэзээ ч босохгүй. Тийн цэвэршээд босоод ирж чадвал улс төрд онгойсон орон зайгаа эргүүлэн авч чадна. Бүр ч цаашилна. Үр дүн нь ганц АН-д биш. Чадахгүй бол тэгээд АН үүрд баяртай. Тэр орон зайг нь ХҮН нөхөхгүй, харин АН-ын гашуун туршлагыг давтахгүй бол Үндэсний ардчилсан үзэлтнүүдийн нэгдэл нөхөх боломж бол бий.

Хоёр.

Иргэний нийгэм мөрөөддөг, шууд ардчилал ярьж, одоогийн тогтолцоог хамгаалдаг хэсгийнхэн буюу ХҮН-ийг дэмжигсэд энэ ялагдлын үр дүнд нийгмийн хөгжлийг бүхэлд нь баглаж барьсан ямар айхтар нугарашгүй хатуу бөх цул юмтай тулснаа эрхбиш мэдэрсэн байх гэж найдаж байна. Яаж ч тэмцээд нэмэргүй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэдий олон гацааг засаж, өөрчилж, сайжруулсан ч систем нь хэвээр байгаа нөхцөлд асуудал бүрэн шийдэгдэхгүй. Тийм гэдгийг 2020 оны болон энэ удаагийн сонгууль хангалттай нотолж байгаа. Жаахан эргэцүүлэн боддог, ажиглан тунгаадаг бол уг нь тов тодорхой харагдана. (2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 16 мянган хүн цагаан сонгууль өгч байлаа. Өнөөдөр 5 дахин олон хүн цагаан өгч байгаа нь ч бас нэгийг хэлнэ).

ХҮН-ий ялагдалд олон хүчин зүйл нөлөөлсөн ч гол шалтгаан нь энэхүү системийн доголдол юм. Энэ согог, доголдол дээр МАН хэрхэн овжин олон талтай тоглож чадаж байгааг ойлгосон болов уу? Дээр нь хүн амын хоёрны нэг нь өртэй, гуравны нэг нь ядуу болон ядуувтар талдаа гэх мэт. Ийм давхар давхар нөхцөлд иргэний нийгэм төлөвших боломж нэн бага, байсан ч цаг хугацаа их алдана. Харин дижитал эриний эрчимтэй хөгжил биднийг хүлээхгүй. Тэгэхээр Яах вэ? Энэ зохиомлоор, хүчээр намчирхаж талцуулсан системийг, тэр талцлын дундуур авлгалчид, элдэв явдалтангууд дээш залрах боломжтойг, төрийн мерит тогтолцоог намын меритүүд нураадгийг сууриар нь өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Чухам нийгмийн нэлээд идэвхтэй хэсэг нь энэ үнэнийг олж харж, ухамсартайгаар тэмцэж эхэлнэ гэдэг бол нэг хоёр сонгуульд хэн нэгэн ялахаас илүү үнэ цэнэтэй юм. Хангалттай хэмжээний хөрс дэвсгэр бүрдэж байж л суурь шинжтэй том өөрчлөлт хийгддэг. Энэ бол том боломж. Өөрөөр хэлбэл Шинэ Үндсэн хууль ярихаар Дарангуйлал тогтоох гэлээ гэж учрыг нь олоогүй байж цамнадаг хэсгийнхэн цөөрнө гэсэн үг.

Гурав.

Бүр том боломж байгаа. Тэр нь энэ дуусдаггүй шилжилтийн үеийг цэглэсэн V Үндсэн хууль. Системийн гацаанаас гарахын тулд Үндсэн хуулийн хувьсгал хийнэ. Өөр аргагүй. 7 сарын 1 шиг байшин шатаагаад ямар ч юм өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн.

Үндсэн хуулийн хувьсгалыг, системийн өөрчлөлтийг өнөөдөр зөвхөн МАН шиг үнэмлэхүй хүчтэй улс төрийн хүчин л хийж чадна. Хүүк Ерөнхийлөгч болсноор хүч нь бүр үлэмж болов. Хэрвээ энэ суурь шинэчлэлийг МАН хүсвэл хийнэ, гаднаас нь АН, ХҮН, өөр юу байдаг юм, иргэний нийгэм хичнээн эсэргүүцэж цамнаад зогсоож чадахгүй. Бас МАН хүсэхгүй бол хэн ч, яаж ч чадахгүй. Чухам ийм түүхэн алтан боломж гагцхүү МАН-д хуралдав.

МАН-ыг энэ том үйл хэргийг бүтээхэд саад болох хүч зөвхөн өөр дотор нь бий. Тасалгааны онолч Лүндээжанцан, түүнд тархиа базуулсан Занданшатар тэргүүтнүүд хоёрхон жилийн өмнө чухам л Үндсэн хуулийн хамаг гажиг солиуг сайхан болгож заслаа хэмээн баахан сурталдаж, юм юм болчихоод өнөөдөр гэнэтхэн “Буруу дутуу юм болжээ. Уучлаарай. Сууриар нь өөрчлөхөөс” гэхэд нэн халуун нь тодорхой. Гэвч Хүүк хөмхийгөө зуугаад нэг ширээ шаагаадахвал тэдний нүүр халах дайны юм юу ч биш. Буу бариад байлдан тоглох хэмжээний сэтгэлгээтэй, баатар болж түүхэнд нэрээ үлдээх мөрөөдөлтэй Хүүкийг хөдөлгөчих боломж бол бий. Тэр нь “Маршлын Үндсэн хууль” гэдэг шиг, “Хүрэлсүхийн Үндсэн хууль”. Дэлгэрэнгүйгээр нь “Ужиг шилжилтийг цэглэж, Монгол Улсын XXI зууны шинэ харилцааг эхлүүлсэн Хүрэлсүхийн V Үндсэн хууль”. Түүхэнд нэрээ үлдээхэд нь энэ хангалттай.

(2019 онд уг нь энэ хувилбарын тухай МАН-ын УЗ-ийн хэмжээнд яригдаж байсан ч нэгд, Лүндээд тархиа угаалгачихсан. Хоёрт, систем өөрчлөгдчихвөл МАН нь 100 жилийнхээ ойгоор үнэмлэхүй ялалттай байх боломжгүй, яагаад гэвэл Шинэ Үндсэн хууль нь МАН-ын хүчирхэг оршин тогтнодогийн үндэс болсон энэ намчирхдаг тогтолцоог үлэмж сулруулах учраас).

100 жилийнхээ ойгоор МАН нь УИХ-д 62 гишүүнтэй үнэмлэхүй хүчтэй, Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай, одоо Ерөнхийлөгчтэй болчихлоо. Одоо МАН-д юу хэрэгтэй гэж. Зөвхөн гавьяа хэрэгтэй. Тэд бүгдийг муугаар хийдэг ч юм биш, яаж ийгээд түүхэн үйл явдалд оролцож буйн хувьд ямар нэгэн сайн үйл хийх хүсэл, шунал бий. Тэр нь Эз-ийг дээшлүүлэхээс илүүгээр энэ гацааг арилгах. Түүнээс том гавьяа гэж үгүй. Гацаа арилахгүй бол эдийн засаг ч тогтвортой хөдлөхгүй.

Тэртээ тэргүй шинэ Үндсэн хуулийн төсөл бараг бэлэн байгаа. 2010 оноос хойш янз бүрээр оролдож нухсан 10 гаруй төсөл байгаагаас хамгийн боломжийн хувилбар нь Н.Энхбаярын гарт бий. Тэрбээр энэ том эрх ашгийн төлөө МАХН нь МАН-тайгаа нэгдэж байгаа юм аа хэмээн ярьсныг олон түмэн тэр бүр анзаараагүй, хоёр гурван сайдын суудал, хүүгээ Сонгинохайрханд дэвшүүлэх гэх мэт аахар шаахар наймааны хэмжээнд хараад, харааж зүхээд өнгөрөх шиг болсон. Одоо тэр Үндсэн хуулийн эхийг нэг хоёр жил нийтээрээ сайтар шүүн хэлэлцэхэд л хангалттай. Гагцхүү Хүүкийн мөрөөдлийнх нь утсыг доргиож чадвал шүү дээ. Тэгээд л Вандан тас. 2024 онд буюу Монгол Улс 1924 онд анхныхаа Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ойгоор 5 дахь Үндсэн хуулиа батална.

Чухам ингэж чадвал Монголын ард түмний өнөөдрийн сонгуулийн эцсийн бөгөөд гайхамшигтай үр дүн гарах болно. Хүүкийг дэмжигсэдийн чухам хэд нь энэ өнцгөөс сонголтоо хийсэн бэ гэвэл их эргэлзээтэй, бүр эсрэгээрээ сонголт хийсэн байх, гэхдээ ямар ч агуулгаар нь сонгосон бай, ялгаагүй Монголын заяа их юм даа.

Аа, тийм Хүрэлсүхэд хандаж хэлэхэд, "Юуны өмнө Монгол Төрийн тэргүүн болсонд баяр хүргэж, амжилт хүсье. 24 жилийн өмнө, 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Намын цагаан байрны (шатдаг) үүдэн дээр намын ахмад зүтгэлтэн Олзвой гуай гурвуулаа зогсож байхад "Би Ерөнхий сайд болно" гэж хэлэхэд чинь Олзвой гуай эргэлзэнгүй харж байсныг санаж байна уу? Би ч бас дотроо эргэлзэж байсан. Харин Ерөнхийлөгч болно гэж бүр огт санасангүй байж. Тэр миний алдаа болов. Нэг зүйл сануулахад их том зорилгыг гагцхүү зөв сэтгэл, зөв гараар л хийдэг юм шүү. Нөгөөгөөр нь хийж болно л доо, гэхдээ амжилт нь галзуу ч түр зуурынх байдаг. Чиний нөгөө буруу гар чинь түрүүлж явчих гээд байдаг шүү".

Б. Номинчимэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.