Ц.Оюунгэрэл - Яавал бидэнд итгэх вэ

Twitter Print
2020 оны 07-р сар 16-нд 19:06 цагт
Мэдээний зураг,

(Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд зориулав)

Хоёр сонгууль дараалан ялагдсаны дараа Ардчилсан Нам маань хэвтэрт байна. Бид босгох хэрэгтэй. Бид ялдаг нам болох хэрэгтэй. Ингэхийн тулд бид иргэдээсээ итгэл хүлээх хэрэгтэй. Иргэд бидэнд итгэхгүй бол нам маань хэвтрээсээ босч үл чадна. Итгэл бол улс төрийн хүч. Ганц хүн ганцаараа итгэлийг бүтээж чадахгүй. Итгэлийг зөвхөн бүгдээрээ хамтдаа буй болгодог.

Хүмүүс ямар улс төрийн хүчинд итгэдэг юм бэ.

Зохион байгуулалт сайтай, зорилго арга барил нь тодорхой, хулгай дээрэм хийдэггүй, хүмүүстэй харилцаж чаддаг, амьдрал доройтуулахгүйгээр ажиллаж чаддаг улс төрийн хүчинд хүмүүс итгэдэг. Тэгвэл Ардчилсан намынхан бид бусдын итгэлийг хүлээдэг нам болохын тулд юу хийх ёстой вэ.

Юуны өмнө бусдын итгэлийг татахаасаа өмнө өөрсдөө дотроо нэгэндээ итгэдэг болцгоох хэрэгтэй байна. Хамт олныг хагалдаг, эвдрэлцүүлдэг хэдхэн зүйл байдаг. Тэр хагарал үүсгэдэг, үл итгэлцэл бий болгодог алдаануудыг бид дэс дараатайгаар засч цэгцлэх хэрэгтэй. Эдгээрээс ганцхан зүйлийг эхлээд ярилцая.

МӨНГӨТЭЙ БОЛОХ ЗАМ МӨНГӨНД “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЭХЭЭС ЭХЛЭНЭ

Нээлттэй, олон гишүүдтэй нам байтугай хаалтай гэр бүлийн харилцаанд хүртэл хамгийн итгэл эвддэг зүйл нь санхүүгийн нууц байдал, буруу замын орлого, буруу зарцуулалт байдаг. Тиймээс хамт олны итгэлийг дотооддоо сэргээх, дараа нь гадагшаа хүлээн зөвшөөрөгдөх хамгийн эхний асуудал бол санхүүгийн эмх цэгц, сахилга бат юм. Мөнгөний асуудал дээр яс байхад хэний ч өөдөөс эгц харах нүүртэй байдгийг хэн бүхэн андахгүй.

Угаасаа дэлхий дээр бусдын итгэлийг хамгийн сайн хүлээж, иргэдээ орлого сайтай болгож чадсан улс орнуудыг нэрлэ гэвэл хойт Европын орнууд гарч ирдэг. Тэдгээр улсууд бас бизнест хамгийн таатай, хүний эрх хамгийн өндөр, хэвлэлийн эрх чөлөө хамгийн их, хүний хөгжлийн индекс хамгийн мундаг, тэгээд бас авилгагүй орны жагсаалтыг тэргүүлдэг. Хүн бүхэн авилга өгдөггүй, авдаггүй гэсэн тэрхүү үзүүлэлтээс харахад мөнгөтэй улс больё гэвэл эхлээд мөнгөнд “үгүй” гэж хэлж сур гэж харагддаг. Сонин юм шүү. Мөнгөтэй орон больё гэвэл эхлээд мөнгөнд “үгүй” гэж хэлж сурах ёстой! Бэлэн мөнгөнд “явчихдаг” улс орнууд ядуу хэвээрээ үлдэж л байхад яаж ч бүсээ чангалж байсан буруу мөнгө авахгүй гэж шүд зуусан улс орнууд л босч ирээд байдаг нь түүхээс дахин дахин харагддаг. Үүнийг Ардчилсан намынхан минь том зургаар нь хараад үзээрэй. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүн танд буруу мөнгө өгвөл та авдаг байх уу, түлхдэг байх уу.

Буруу мөнгө, сонгуулийн үеэр санал худалдан авдаг бэлэн мөнгө гэдэг зүйл хамтын хүчээр бий болгосон ардчиллыг, хамтын сахилга батыг, хамтын амжилтыг нураадаг. Тэр бэлэн мөнгө бол түүнийг өгсөн, авсан хүний гараар системийг нураалцдаг. Дөрвөн жил, магадгүй түүнээс ч олон жил олуулаа нийлж бүтээсэн сайн нэр, итгэлцлийн системийг тэр бэлэн мөнгө нэг өдөр, нэг цагийн дотор л нурааж орхино.

Харин мөнгөнд “үгүй” гэж хэлсэн нь системээ хамгаалж үлддэг. Системийг хэр зэрэг олон хүн хамгаалж үлдэнэ төдийчинээ сайн систем болно. Сайн систем ажиллаж байгаа газарт л ардчилал тогтдог. Ардчилалтай, системтэй газарт баялаг хуримтлагддаг. Ингээд бодохоор баян орон больё, хөгжие гэж ард олноо уриалдаг Ардчилсан намынхан бид улсаа хөгжүүлэх их аянаа өөрсдөөсөө эхлэхдээ өөрт чинь санал болгох бэлэн мөнгөнд “үгүй” гэж хэлэхээс бүх ажлаа эхлэх нь.

Та чадах уу.

Чадна гэвэл цааш уншина уу.

НАМАА ЦЭГЦЛЭЕ ГЭВЭЛ МӨНГӨӨ ЦЭГЦЛЭЕ

Одоогийн байдлаар АН-ын гишүүд татвар төлөх соёлоор харьцангуй өндөр байгаа. Энэ бол маш том дэвшил бөгөөд соёл. Гэхдээ гишүүдийн төлж буй үнэ цэнтэй татварын мөнгө нь намын хороодын олон данс руу тал талд цуглуулж байна. Шинээр элссэн гишүүд татвараа аль дансанд төлөхөө мэдэхгүй үлдэх энүүхэнд байгаа. Намын хорооны гишүүдийн төлсөн татварууд хаа сайгүй статистик ч үгүй, тайлан ч үгүй, хяналт ч үгүй нэгтгэгдээд зарлага гараад явж байгаа. Үүн дээр нэмээд сонгуультай холбоотой цугларсан дэнчин хураамжийн орлого, зарлага ямар дансаар яаж гүйж байгаа нь хэнд ч ил тод бус байдаг.

Үүнийг цэгцтэй болгох хэрэгтэй.

Эхний ээлжинд намын бүх татвар хураамжийг нийтэд нээлттэй зарласан ганцхан данс руу кодлосон агуулгатайгаар, орлого бүрдүүлэх сард багтаан шилжүүлдэг болох нь зохимжтой. Намын хороо, татварын төрөл, хандив хуримтлалын төрөл бүрээр кодтой болох ба мэдээллийн технологийн буянаар олон мянган хүний оруулсан орлогыг ганц минут хүрэхгүй хугацаанд сортлон ялгаж, дараа нь анхан, дунд шатны намын хорооын данс болон бусад холбогдох данс руу дүрэмд заасны дагуу програмчилсан автоматжуулалтын тусламжтайгаар нэгэн зэрэг код кодоор нь хуваарилах боломжтой юм.

Мэдээллийн технологийг ингэж төсвийн орлого бүрдүүлэлт, зарлагын хуваарилалт дээр ашигласнаар Ардчилсан Нам мөнгөний хуваарилалт дээр хүний хүчин зүйлийг багасгаж, гишүүдийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх болно.

Миний төлсөн татвар аль аймгийн аль сум руу буцаан хуваарилагдав гэдэг мэдээллийг татвар төлөгч хэн бүхэн шалгаж үзэж болох бөгөөд, өөрийн төлсөн хандивын хэдэн хувь нь намын урсгал зардалд, хэдэн хувь нь намын сонгуулийн ерөнхий хуримтлалд, хичнээн нь оноож дэмжсэн улс төрчийн тань нэр дээр бүрдэж буй сонгуулийн хуримтлалд хадгалагдаж буйг хандивлагч нар харах боломжтой болно.

Намын гишүүний суурь татвар бол нам амьд байгаа юу үгүй юу гэдгийг илтгэдэг хамгийн үнэ цэнтэй татвар юм. Энэхүү татварыг орон нутгаасаа, намын гишүүн өөрөө төлдөг байх системийг бүрдүүлнэ. Үүнд бас л мэдээллийн технологи бидэнд туслана. Намын гишүүдийн татварыг хэн нэгэн хүн өмнөөс нь бөөнөөр нь төлдөг одоогийн хуурамч системийг халах шаардлагатай. Орлого маань үнэн байж чадсаны дараа бид зарлага талаа үнэн зөв болгож сурна. Их бага нь чухал биш, харин үнэн худал эсэх нь хамгийн чухал юм. Мөнгөний асуудал дээр нам дотроо худал хуурмаггүй, үнэн зөвөөр байж чадвал бид төрийн хэргийг яаж үнэн зөв явуулах талаар сахилга баттай, зохион байгуулалттай, дадлага туршлагатай болцгооно.

Мэдээллийн технологийг ингэж төсвийн орлого бүрдүүлэлт, зарлагын хуваарилалт дээр ашигласнаар Ардчилсан Нам мөнгөний хуваарилалт дээр хүний хүчин зүйлийг багасгаж, дүрмийн дагуу төсөв нь автоматаар хуваарилагддаг систем тогтоож гишүүдийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх болно.

Миний төлсөн татвар аль аймгийн аль сум руу буцаан хуваарилагдав гэдэг мэдээллийг татвар төлөгч хэн бүхэн шалгаж үзэж болох бөгөөд, өөрийн төлсөн хандивын хэдэн хувь нь намын урсгал зардалд, хэдэн хувь нь намын сонгуулийн ерөнхий хуримтлалд, хичнээн нь оноож дэмжсэн улс төрчийн тань нэр дээр бүрдэж буй сонгуулийн хуримтлалд хадгалагдаж буйг хандивлагч нар харах боломжтой болно.

АН-ын мөнгө ийн цэгцтэй болсны дараа бид мөнгөний хүч нь их багадаа биш, харин зөв сахилгатайдаа байдаг юм байна гэдгийг бүгдээрээ ойлгох болно. Зөв бөгөөд сахилга баттай мөнгө ямар хүчтэй байдгийг хөгжилтэй орнууд бидэнд харуулдаг шүү дээ. Тийм газар ард түмэн сууриараа өндөр хариуцлагатай болж өөрчлөгдсөн байдаг. Бид тийм л нам болно.

НИЙГЭМД МАНЛАЙЛАХ НЬ НАМ ДОТРОО МАНЛАЙЛАХААС ЧУХАЛ

Сонгуульд нэр дэвшихийн тулд Үндэсний бодлогын хороонд сонгогдож орсоор олон жилийн нүүрийг бид үзжээ. Гэлээ гээд манай ҮБХ яг нэр дэвших магадлалтай, ялах чадвартай улс төрчдийг бэлтгэх “гал тогоо” болж чадав уу гэж өөрсдөөсөө асууя. Сумын намын хороо маань сумын лидерүүдийг төрүүлж чадав уу, аймгийн намын хорооны гишүүн боллоо гээд аймагтаа хүлээн зөвшөөрөгдөх удирдагч болж чаддаг билүү.

Энэ асуултуудын хариулт эерэг гарч байсансан бол сонгууль болгоны өмнө бие даагчийг, өөр намын хүнийг, олны танил хүмүүсийг гэнэт авчирч нэр дэвшүүлдэг практик байхгүй байх байсансан.

Үнэнтэйгээ эвлэрье. Манай нам бол хоёр сая сонгогчийн маань арав хүрэхгүй хувь нь шүү дээ. Аравхан хувь дотроо бид ажиллаад ерэн хувийнхаа хүндэтгэл, итгэлийг яахин авч чадах билээ.

Ийм ч учраас үнэхээр ард олны итгэлийг хүлээхийг хүсч байгаа нь ард олон дотроо ажиллаж байж гарч ирдэг системийг тогтоох хэрэгтэй.

Аль тойрогт хэнийг нэр дэвшүүлбэл иргэд хүлээж авах вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй судалгаагаар тодруулж байж бид субьектив биш эрэмбэ тогтоож чадна. Бас намын үзэл баримтлал, ардчилсан арга барилд нийцсэн мөрийн хөтөлбөртэй болохын тулд мөрийн хөтөлбөрт оруулах амлалт ажлыг ч шалгаруулалтаар гаргаж ирдэг болох ёстой. Ард түмний хүсэн хүлээсэн ажлыг, тэдний төлбөрийн чадварт нь нийцүүлж зохион байгуулж чадах улс төрийн хүчин болох ёстой, бид.

Тэгэхлээр дан ганц сонгуульт гишүүн болох нь дараагийн сонгуулийн нэр дэвшигч байх эрхийг баталгаажууагч биш юм. Сонгуульт гишүүдээс гадна сонгуульт гишүүн болж чадаагүй хэн ч нийгэмд танигдаж, нийгмийн онооны илүүгээр нэр дэвшиж болох системийг бид бүтээх хэрэгтэй. Учир нь нийгмийн оноо өндөртэй хүмүүс олон байх тусмаа, нийтийн амжилтийг авчирч өгч чадна.

Гэхдээ нийгмийн оноо гэж юу вэ. Олны танил байхыг хэлж байна уу, орон нутагтаа алдаршихыг хэлж байна уу, олны төлөө ажиллахыг хэлж байна уу гэж асуух байх. Олны төлөө ажиллаж танигдахыг хэлж байна. Олны дунд мөнгө тараах биш харин олны асуудлыг шийдэх шийдэл олж ажиллахыг хэлж байгаа юм.

Бас төрд гарсан хойноо улсдаа сайн сайхан бүтээн байгуулалт хийх гэж байгаа нь энэ гэж улсаа дааж давшгүй өрөнд оруулдагаа болих хэрэгтэй. Төрд гараагүй байхаасаа л өр зээл бага шаардах, болж өгвөл дотоодынхоо нөөц бололцоогоор бүтээж чадах ажилд анхаарал хандуулж, түүнийг судалж бэлтгэж байгаад сонгуульд ордог болох шаардлагатай байна. Хүмүүст өөртөө итгэх итгэлийг нь бий болгодог манлайллыг л хамгийн өндөр нийгмийн оноо гэж авч үзэх цаг болжээ. Хүмүүс асуудлаа орон нутагтаа юм уу, салбартаа ч юм уу, эсхүл тэр бүхнийг хамруулан өргөн олноороо ч юм уу хамтдаа шийдэж чаддаг тийм олонлогийг манлайлж чадах хүн л ардчилсан манлайлагч болж чадна. Эцсийн эцэст улс төрийн намын төрд нийлүүлэх хамгийн чухал бүтээгдэхүүн бол манлайлагч.

Бидний өнөөдрийг хүртэл төрд нийлүүлж байсан манлайлагчид таалагдаж байсансан бол бид өнөөдөр олонхийн саналыг авах л байсан. Гэвч манай манлайлал таалагдаагүй учраас бид хоёр УИХ сонгууль дараалан ялагдаад байна.

Үүнээсээ бид сургамж авах ёстой. Бид орчин үеийн шинэ сорилтуудыг даван гарч чадах шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэх институци болох хэрэгтэй. Манлайлагч нь ардчилсан аргаар, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, шинэ үеийн иргэншсэн монголчуудынхаа хүлээн зөвшөөрөх хандлага соёлтой байх ёстой.

Тэгэхээр одоо хэдүүлээ өөрчлөлтөө хийе.

Ардчилсан намын гишүүн гэдгээсээ ичихгүй байх тийм ил тод, шударга зарчимтай, сахилга баттай зохион байгуулалтыг хамтдаа хийе.

Ардчилсан намаас нэр дэвшихийг хүсч байгаагаа битгий нуу. Нэрийн хуримтлалыг үүсгэх систем бий болгоё. Нэг удаагийн зуун саяын дэнчингээр албан тушаал горилох биш, нэрийн хуримтлалыг намын дансандаа үүсгэж сонгуулийн зардлаа босгодог болцгооё. Нам ч, хүн ч нэг удаа бөөн мөнгө олох гэж улайрахаа больцгооё. Ард иргэд шигээ л амьдралын хэмнэл дундаа аажим аажмаар, бага багаар, сонгодог хуримталын аргаар сонгуулийн зардлаа босгож сурья.

Хамгийн гол нь иргэд рүүгээ, нийгэм рүүгээ гарц ажиллацгаая. Дотроо олон жил бугшуулсан уур бухимдал, хагарал хэрүүлээ эерэг энергид шилжүүлцгээе. Эргэн тойрондоо байгаа асуудал руу илүүдэл энергиэ гаргая. Асуудлаа шийдэж чаддаг Монгол улсыг асуудлаа шийдэж чаддаг Ардчилсан нам бий болгож чадна.

АН-ын гишүүн та ингэж чадна гэдэгтээ өөртөө итгэж байна уу?

Бид өөртөө итгэсний дараа л хүмүүс бидэнд итгэнэ шүү дээ.

Ц.Оюунгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.