Шведийн эрдэмтэн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртлээ

Twitter Print
2022 оны 10-р сар 04-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Шведийн удам зүйч Сванте Паабо Физиологи, анагаахын салбарын Нобелийн шагналыг хүртжээ.

Тэрээр эртний хүмүүс хэрхэн хувьсан өөрчлөгдөж орчин үеийн хүмүүс бий болсон тухай ойлголтын суурин дээр хийсэн нээлтүүдээрээ Нобелийн шагнал хүртсэн байна.

Нобелийн зөвлөлийн гишүүн Нильс-Йоран Ларссон, "Сванте Паабо эртний ДНХ-ийг шинжлэх, сэргээх аргыг боловсруулснаараа физиологи болон анагаахын салбарт томоохон хувь нэмэр оруулсан. Эртний хүмүүсийн ясан дахь ДНХ нь илжирч, зарим нь химийн нөлөөнд автаж гэмтэж, нян болон хүмүүсийн нөлөөгөөр маш ихээр бохирдсон байдаг. Сванте Паабо одоо байгаа технологиудыг өөрийн боловсруулсан арга техникийн хамтаар ашиглаж эртний ДНХ-ийг нэг ёсондоо цэвэрлэж, нарийвчлан судалж шинжлэх боломжийг нээсэн юм." хэмээн онцолжээ. Шведийн удам зүйч Сванте Паабо нь палеогенетикийн салбарыг бий болгосон эрдэмтдийн нэг аж.

Эртний хүмүүсийн ДНХ-ийг судалснаар Сванте Паабо эртний хүмүүсийн ДНХ орчин үеийн хүмүүст одоог хүртэл нөлөөлсөн хэвээр байгаа тогтоосон ба орчин үеийн хүмүүсийн дархлааны тогтолцоо халдварт өвчинд хэрхэн хариу урвал үзүүлж байгаа нь хүртэл эртний хүмүүсийн ДНХ-тэй холбоотой аж.

Түүнчлэн Сванте Паабо дэлхий даяар коронавирусын цар тахал дэгдэж байх үед неандертал хүний генийн хувилбар тээгч хүмүүс КОВИД-19 өвчнөөр илүү хүндээр өвдөх эрсдэлтэйг тогтоосон билээ.

Физиологи ба анагаахын салбарын Нобелийн шагналыг 1901 оноос гардуулж эхэлсэн ба түүнээс хойш 112 хүн уг шагналыг хүртэж, 224 хүн уг шагналд нэр дэвшжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.