Багануурт цагаан будаа ургаж байна

Twitter Print
2014 оны 06-р сар 19-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Монголын хөрсөнд цагаан будаа тариалж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Хоёр жилийн өмнө Их аварга М.Даваажаргалын санаачлагаар Өвөрхангай аймагт анх цагаан будаа тарьжээ. Түүнээс багахан ургац авч байсан юм.

Харин энэ жил Багануур дүүрэгт цагаан будаа тариалж буй нь үрсэлгээний шатандаа амжилттай ургаж, саяхан усанд суулгажээ. Энэхүү ажлыг доктор Ш.Төмөрсүх санаачлан нутгийн малчид болох Н.Жанцан, Б.Дамба нар  тариалж байгаа юм.

Усанд суулгах цаг хугацаа нь жаахан хожимдсон ч өмнө нь цагаан будаа тарьж ургуулж бай­сан туршлагатай ба­гийнхан дажгүй ургана гэдэгт итгэж найдаж сууна. Доктор Ш.Төмөрсүх цагаан будаа тарих анх­ны туршилтаа Гачууртад хийж 15 кг цагаан будаа хурааж авч байжээ. Тэрээр “Олон жил судалгаа хийсний үр дүнд эх орондоо хүнсний цагаан будааны тариалах аргачлалыг боловсруулж түүнийг нутагшуулж байна. Цагаан будааг Монголын хөрсөнд тарих аргачлалаа Оюуны өмчийн газраар баталгаажуулсан” хэмээв.

Харин энэ жил түүний мөрөөдөл арай томорч, дотоодын хэрэгцээндээ багахан хэсгийг ч гэсэн нийлүүлэх, цаашид тариалангаа хөгжүүлэх хүсэлтэй болсон байна. Ер нь Азийн ихэнх орон цагаан будаа тариалж, Европын орнуудын хэрэгцээг хангадаг. Тиймээс манай улс ч энэ бизнест хөл тавих боломжтой гэж үздэг юм билээ. Бизнес хийж гадагшаа экспортлохгүй ч гэлээ ядаж дотоодынхоо хэрэглээг хангаад байвал эдийн засагт ач холбогдолтой хэмээн үзжээ.

Цагаан будаа ургах­даа төвөгтэй ямбатай ургамал юм байна. Буудай тариа шиг газарт булаад байгальд даатгаад орхичихдог эд биш. Шаварлаг хөрсөнд, усан дотор ургадаг. 20 хэмийн дулаанд байлгаж чадвал хамгийн сайн ургац өгдөг гээд бидний хувьд шинэ зүйл билээ. Цагаан будаа тарих талбайг  50 см гүн ухаад доор нь гялгар уут дэвсээд дээрээс нь сайжруулсан хөрсөө тараагаад усаар дүүргэнэ. Ингээд тутрагын талбай бэлэн болох юм. Ус зарцуулалт тийм их биш юм байна. Ингэж усан дотор тариалахаас гадна хуурай аргаар тариалдаг бас нэг технологи байдаг гэнэ. Гэхдээ ингэж тарьсан цагаан будаа амт чанарын хувьд усанд тариалсан будаагаа гүйцдэггүй болохоор төдийлөн өргөн хэрэглэгдэггүй гэлээ.

Ямартай ч Багануурт суулгасан цагаан будаа эхний шатаа амжилттай давжээ. Усанд суулгасан бөгөөд хэрхэн ургахыг цаг хугацаа харуулах байх хэмээн тариаланчид хүлээлттэй байна.

 

Т. Батсайхан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.