С.Амарсайхан: Үнэт цаас гаргаж, иргэдээ орон сууцжуулна

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хот анх удаа шинээр үнэт цаас гаргах гэж байгаа талаар мэдээллээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээл дээр бэлэн мөртлөө борлуулагдахгүй байгаа орон сууцуудыг Нийслэлийн орон сууцны корпораци худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж эхэлж байна гэдгийг тэрбээр хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Нийслэлд шинээр анх удаа үнэт цаас гаргах гэж байна. Үнэт цаас гаргах тухай их олон жил ярьсан. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар борлуулагдахгүй байгаа орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх ажлыг зохион байгуулна. УИХ, Засгийн газраар танилцуулагдаж, шийдвэр гарсан.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын айл өрхүүдийг дахин төлөвлөлтөд оруулах ажил эхлүүлсэн ч зарим ажил амжилттай хэрэгжсэн, зарим нь иргэдийг хохироосон. Тиймээс айлуудыг орон сууцанд түрээслээд өмчлөх ажлыг эхлүүлсэн. Одоогоор 3000 орчим айл орон сууцандаа орсон, орох шатандаа явж байна. Мөн гэр хорооллын газрыг орон сууцаар сольж байна. Хатуу зарчим бол эхний ээлжинд орон сууцанд оруулаад газрыг чөлөөлж авах.

Хоёрдугаарт, нэг айл орон сууцанд орвол нэг яндан бууна гэдэг зарчмаар хэрэгжүүлж байна. Иргэд маань барьцаа төлөхгүйгээр санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцанд орохыг хүсч байна. НОСК-ыг байгуулж, илүү олон иргэнийг богино хугацаанд оруулах ажлыг хийнэ. Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд тал бүрийн ач холбогдолтой. Барилгын компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болно. Зах зээлд өнөөдөр 17 мянга 888 орон сууц баригдсан, мөн баригдаж байна. Үүнээс түлхүүр нь бэлэн 4078 орон сууц байгаа.

Энэхүү эргэлтэд орж чадахгүй 4078 орон сууцны асуудлыг дээрх аргаар шийдвэрлэснээр хаа, хаанаа харилцан үр ашигтай тусна. Иргэд орон сууцтай, дотоодын барилгын компаниудын үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэх ач холбогдолтой байгаа. Иймээс тавдугаар сард ажлыг эхлүүлнэ. Гэр хорооллын 220 мянга гаруй өрхийг богино хугацаанд орон сууцтай болгоно.

Covid-19 цар тахлын улмаас дэлхийн зарим хотууд хоригоо чангатгаж байгаа бол зарим орон аажмаар сулруулж байна.

БНСУ-ын Засгийн газар тавдугаар сарын 1-нд цэнгээний газарт тогтоосон байсан хөл хориогоо цуцалсан.  Гэвч шинэ коронавирусийн халдвар илэрч, хоёр дахь давалгаа нь эхэлсэн. Covid-19 хурдтай тархаж байна. Нэг дүүргээс 57 хүнд халдвар илэрсэн. Тиймээс Дэгү, Сөүлд 100 гаруй цэнгээний газрын үйл ажиллагааг хаасан. Мэдээллээ нуусан, дарагдуулсан иргэнийг 20 сая вон, эсвэл хоёр жилийн хорих, гарсан хохирлыг нөхөн төлүүлэх болно гэдгийг зарласан. Мэдээллийг үнэн зөв өгөөгүйгээс эрсдэл үүсч байгаа.

Халдвар авсан хүмүүс нь 20-30 насны залуучууд, шинж тэмдэг илрээгүй эрсдэл өндөр байна. Вирус дахин тархсан нь дискод орсон залуусаас эхтэй. Улаанбаатар хотод шөнийн клуб, караокег нээсэн ч буцаагаад хаасан. Дотооддоо халдвар тархаагүй учраас үйлчилгээний газрынхаа үйл ажиллагааг дэмжих зорилгоор нээсэн ч эрсдэл өндөр байсан учир хаасныг та бүхэн мэдэж байгаа. 

Москва хотод шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр байна. Шинжилгээнд  5 сая хүн хамрагдсан байна. Тархалтын эрсдэл өндөр байна. Энэ талаар Москва хотын захирагч нууц байгаа өвчнийг илрүүлж буй учраас халдварын тоо өндөр гарч байгаа гэж мэдээлсэн. Улаанбаатар хотод цар тахлаас урьдчилан сэргийлэх, дэгдсэн тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах вэ,  бэлтгэл хэрхэн хангасан байх вэ гэдэг дээр онцгой, цэрэг, цагдаа, эрүүлийг хамгаалахын ажилтнуудаа хамруулаад тавдугаар сарын 6-8-ний өдрүүдэд сургуулилалт зохион байгууллаа.

Хэдийгээр дотоодод халдвар тархаагүй байгаа ч Чингэлтэй дүүргийн 150 мянган иргэнийг хамруулан иж бүрэн сургуулилалт явуулсан. Бэлэн байдлыг сайн хангавал эрсдэлийг хохирол багатай даван туулна. Иргэдээ айлгах эсвэл тавгүйтүүлэх зорилгоор зохион байгуулаагүй, харин иргэдийнхээ бэлэн байдлыг хангах, хариуцлагатай байвал ажил үүргээ гүйцэтгээд явна, дэгдэлт эрчимтэй тархвал иргэд гэрээсээ ч гарах эрхгүй, олон шат дараалсан арга хэмжээг авах нь гэдгийг ойлгуулах зорилготой байсан.

Яармагийн төрөх эмнэлэгт 100 ор дэлгэсэн. Тавдугаар сардаа багтаан эмнэлгийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Спорт комлекс дээр 300 ор дэлгэсэн. Онцгой байдлын харьяа Жаргалтанд дахь сувилалд 40 ортой хээрийн эмнэлгийг дэлгэсэн. Бэлэн байдлыг хангах зорилготой байсан" гэлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.