Хүүхдүүд тусдаа унтлагын өрөөтэй байх нь хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Twitter Print
2021 оны 02-р сар 19-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

Энэ бол сая долларын үнэтэй асуулт. Дэлхийн өнцөг булан бүрт эцэг эхчүүд энэ талаар хэдэн арван жилийн турш маргаж байсан одоог хүртэл маргасаар л байна. Хэрэв та хүүхдүүдээ тусдаа унтлагын өрөөтэй эсвэл цугт нь нэг өрөөнд байлгах талаар эргэлзэж байгаа бол тэдгээр тус бүрийн давуу талтай танилцаарай.

ДУНДАА НЭГ УНТЛАГЫН ӨРӨӨТЭЙ:

1.Мартагдашгүй дурсамж хамтдаа бүтээнэ

Нэг өрөөнд хамт амьдардаг хүүхдүүд бусад ах дүү нараас хэд дахин их цагийг хамтдаа өнгөрөөдөг учир нэг насны амьдралдаа дахин мартагдашгүй хөгжилтэй, сайхан дурсамжийг бүтээдэг. Тэдний дунд хүчтэй итгэлцэл үүсэхээс  гадна маш бат бөх эерэг харилцаатайгаар ирээдүйг хамтдаа туулдаг байна. Гэвч сул тал нь хүүхдүүдэд зөв амьдралын хэвшил, эмх цэгцтэй байдал, тэдэнд өсөж хөгжих хувийн орон зайг нь бүрдүүлэхэд  ихээхэн хүчин чармайлт эцэг эхчүүдээс гардаг.

2. Бусдыг ойлгох чадварт суралцана

Гэр бүл хүүхдийн зөвлөгөөний  мэргэжилтэн Жоанна Зайделийн хэлсэнчлэн “Нэг өрөөнд амьдардаг хүүхдүүд цуг байх үедээ бие биенээ хэрхэн ойлгох, хүндэтгэх, хүлээцтэй байх чадварт суралцдаг. Цаашлаад энэ нь хүүхдүүдийг илүү халамжтай, өрөвч сэтгэлтэй хүн болж өсөхөд тусалдаг. Гэхдээ энэ  тийм ч амар биш ба байнгын хэрүүл маргаантай, зөрчилдөөнтэй байдлыг үүсгэдэг. Иймд зөрчилдөөнийг багасгахын тулд Зайдел ах дүүс тус бүр өөрийн гэсэн эд зүйл, тус тусдаа тохижуулж болох талбай (ор, хана гэх мэт) -тэй байхыг зөвлөсөн байна.

3.Бусадтай хуваалцахад сургана

Вашингтон ДиСи хотын клиникийн сэтгэл зүйч, гэр бүлийн эмчилгээний эмч Др. Патриция Далтон “Хүүхдүүд хамтдаа амьдрах явцад  олон удаа өрөө, ороо, тоглоом, хоол, бэлэг, хувцсаа хуваалцах дадлага хийдэг. Иймд энэ дадал нь  ирээдүйд оюутны дотуур байр, ажлын байрандаа бусадтай хялбар дасан зохицоход тусалдаг” хэмээн хэлсэн байдаг.

kid sleep bedroom-н зурган илэрц

ТУСДАА УНТЛАГЫН ӨРӨӨТЭЙ:

4.Авьяас чадвар, сэтгэхүйгээ хөгжүүлэхэд тусална.

Та хүүхдийнхээ хобби сонирхол, авьяасыг нээн хөгжүүлэхийг хүсдэг үү? Тийм бол таны хүүхдэд цэвэр, цэмцгэр тогтсон орчин хэрэгтэй. Бяцхан уран бүтээлчид анир чимээгүй, тайван орчинд өөрийн мөрөөдөл, төсөөлөлдөө умбаж шинэ зүйлсийг бие даан туршиж үзэхийг хүсдэг. Жишээ нь зураг зурах, шүлэг бичих, лего тоглоомоор байшин барих, үлгэрийн ном унших, бодлого бодох гэх мэт. Таны хүүхдийн унтлагын өрөөндөө хийж буй эдгээр бүтээлүүд сэтгэхүй сайтай шилдэг загвар зохион бүтээгч, эмч, зохиолч, инженер болох ирээдүйн эхлэлийг тавьдаг. 

5. Хариуцлагатай, бие даасан хүн болгоно.

Хүүхэд унтлагын өрөөтэй болсон цагаас эхлэн өөрийн дотоод ертөнцийг илэрхийлэх тохижилтуудыг хийн хувийн орон зайгаа бүрдүүлж эхэлдэг. Энэ нь тэдэнд өөрсдийн орон зайг хянаж удирдах боломжийг олгох ба урт хугацаандаа өөрийгөө үнэлэх мэдрэмжийг дээшлүүлдэг. Мөн тэд багаасаа тусдаа унтаж эхэлдэг тул харьцангуй эрт бие даахаас гадна  та хүүхдэдээ өөрийн амьдрах орчныг эмх цэгцтэй байлгах үүднээс  үүрэг хуваарилах замаар хариуцлагатай байх зан чанарыг хялбар суулгах боломжтой.

6. Найз нөхөд

Хүүхэд өсч томрох тусам найз нөхөдтэй болох, нийгэмших хэрэгцээ нэмэгддэг. Тэдний хувьд  өрөөндөө найзуудаа урьж авчрах нь өөрийн ертөнцийг бусдад таниулах замаар нөхөрлөлөө илүү дотно болгох болон өөрөөрөө бахархах мэдрэмжийг өгдөг. Цаашлаад  гэртээ байнгын цэвэр цэмцгэр байх сонирхлыг үүсгэдэг. Нөгөө талаас том болж буй хүүхэд найз нөхдийн хувийн харилцаагаа бусдад нээлттэй байлгахыг хүсдэггүй. Иймд таны хүүхэд найзтай болоход нь ах эгч, дүү нь саад болохгүй байх нь дээр. Ингэснээр тэд бухимдалгүйгээр нийгэмшиж чадна.

Төгсгөл үг: сүүлийн үед гэр бүлийн мэргэжилтнүүд хүүхдүүдээ тус тусад нь унтлагын өрөөтэй байлгахаас гадна хамтдаа цагийг өнгөрөөх дундын өрөөтэй байлгахыг зөвлөсөөр байна. Учир нь ийм зохион байгуулалт нь таны хүүхдүүдийг бие даасан, өөртөө итгэлтэй, эмх цэгцтэй, авьяаслаг, нийгэмшсэн хүн болж торниход туслах болно.

tavanbogdproperty.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.