Шинэ Зеландын Ерөнхий сайдаар Крис Хипкинс томилогдоно

Twitter Print
2023 оны 01-р сар 22-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын эрх баригч Хөдөлмөрийн нам ням гарагт хийсэн хурлынхаа үеэр Жасинда Ардерны оронд Крис Хипкинсийг намын даргаар томилохоор болжээ.

Ингэснээр Крис Хипкинс Жасинда Ардерныг огцорсны дараагаар Шинэ Зеландын төрийн тэргүүнээр томилогдох юм. 44 настай Крис Хипкинс нь Жасинда Ардерныг орлох цорын ганц нэр дэвшигч байсан ба Хөдөлмөрийн намын гишүүд түүнийг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам болон Крис Хипкинс нар тус бүр бүрдээ хэвлэлийн бага хурал зарлаж, шинэ томилгооны талаар мэдээлэл өгөх аж. Өнгөрсөн пүрэв гарагт Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ.

Крис Хипкинсийн хувьд коронавирусын цар тахлын үед иргэд түүний чадварыг ихээр үнэлсэн, Ж. Ардерны засгийн газрын урдаа барих чадварлаг гишүүний нэг байсан аж.

Тэрээр анх 2008 онд Хөдөлмөрийн намаас нэр дэвшин парламентад сонгогдсон ба 2020 оны 7-р сард Эрүүл мэндийн сайдаар, 2020 оны сүүлээр коронавирусын цар тахлыг хариуцсан сайдаар тус тжс томилогдож, Шинэ Зеландын цар тахлын эсрэг тэмцлийн нүүр царай болсон юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн намын гишүүд 46 настай Кармел Сепулонийг Ерөнхий сайдын орлогчоор томилохоор төлөвлөжээ. К. Сепулонигийн хувьд Самоа, Тонга гаралтай бөгөөд нийгмийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, урлаг, өв соёлын салбарын бодлогод чухал хувь нэмэр оруулсан аж.

Жасинда Ардерны орлогч сайд, Сангийг сайдаар ажиллаж буй Грант Робертсон шинэ засгийн газарт Сангийн сайдын албан тушаалыг хаших талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Крис Хипкинс албан ёсоор Шинэ Зеландын Ерөнхий сайдаар томилогдохоос өмнө Жасинда Ардерн Их Британийн Нэгдсэн Вант улсын эзэн хаан III Чарльзийн Шинэ Зеланд дахь төлөөлөгч Синди Кирод огцрох хүсэлтээ өгөх ба үүний дараа Синди Киро К. Хипкинсийг албан ёсоор төрийн тэргүүнээр томилох аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.