Япон улс 10-р сарын 11-нээс хилийн хяналтаа сулруулж, жуулчдыг хүлээн авна

Twitter Print
2022 оны 09-р сар 23-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх сараас Япон улс коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон хилийн хязгаарлалтаа сулруулж, Японы аялал жуулчлалын салбарыг сэргээнэ хэмээн мэдэгджээ.

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Япон улс бараг 2 жилийн турш хилээ хаалттай байлгаж, дөнгөж өнгөрсөн 6-р сараас эхлэн хилээ нээж, цөөн тооны иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлсэн билээ.

Ерөнхий сайд Фүмио Кишидагийн хувтд өнгөрсөн 5-р сард Япон улс "Их-7"-гийн бусад улс орнуудын адил хилийн хязгаарлалтаа сулруулна гэж амлаж байсан юм.

Нью Йорк хотын үнэт цаасны бирж дээр үг хэлэх үеэрээ Фүмио Кишида, "Япон бол хүмүүс, бараа бүтээгдэхүүн, мөнгөний чөлөөт урсгалын ачаар хөгжиж цэцэглэсэн улс билээ. Коронавирусын цар тахлаас болж энэ бүх урсгал зогссон. Гэхдээ 10-р сарын 11-нээс Япон улс АНУ-ын адилаар хилийн хязгаарлалтаа сулруулж, визгүй болон визтэй аялагчдыг хүлээн авч эхэлнэ." хэмээн мэдэгджээ.

Япон улс өнгөрсөн 6-р сараас жуулчдыг зөвхөн аялал жуулчлалын агентлагийн шугамаар хүлээн авч эхэлсэн ч аялал жуулчлалын компаниуд, бизнесийн байгууллагууд эдийн засгийн өндөр хохирол амсаж буйгаа онцлон, Япон улсыг хилээ нээхийг шаардсаар байгаа юм.

All Nippon Airways компанийн ерөнхийлөгч Шиничи Иноуэ Японы иений ханш уналтанд орсон нь гадаадын жуулчид, бизнес эрхлэгчдийг ихээр татах болно хэмээн үзэж байна.

Өнгөрсөн пүрэв гарагт 1 ам. доллар 145 иентэй тэнцсэнээр Японд аялах, худалдан авалт хийх нь сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хамгийн хямд байх гэнэ. 10-р сарын 11-нээс Япон улс ганцаарчилсан жуулчны визээ олгож эхлэх ба өдөрт хүлээн авах гадаадын жуулчдын тоогоо нэмэгдүүлж, зочид буудал, олон нийтийн газар амны хаалт зүүх шаардлагыг цуцлахаар төлөвлөжээ.

Цар тахлын өмнө өдөрт 80 мянга гаруй жуулчин хүлээн авдаг байсан Япон улс өнгөрсөн 7-р сард дөнгөж 8000 жуулчин хүлээн авчээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.