Ирэх сарын 31-нд тоон системд шилжсэн ч, аналог системийг бүрэн унтраахгүй

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Ирэх сарын 31-нд Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн цацалтыг тоон системд шилжүүлэхээр болсон. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизүүдийн удирдлага болон инженер, техникчдэд өчигдөр мэдээлэл хийсэн. Хэдийгээр дэлхий даяар аналог системээс тоон системд шилжиж байгаа ч манай улсын хувьд наймдугаар сараас аналог цацалтыг бүрэн хаана гэсэн үг биш. Тоон болон аналог цацалтаар аль алинаар нь радио цацалтыг цацах юм. 

Харин нийслэлд аналог цацалтыг  2015 оны нэгдүгээр улиралд багтаан унтраахаар төлөвлөж байна. Иймээс ч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевизүүд болон айл өрхүүд энэ ондоо багтан тоон технологид шилжих бэлтгэлээ бүрэн хангах шаардлагатай болж байгаа юм.

Гэхдээ хөдөө орон нутгийн айл өрхүүдийн 80-аас дээш хувь нь тоон системд шилжүүлэгч төхөөрөмжтэй болсон тохиолдолд аналог цацалтыг унтраах боломжтой болох юм байна. Одоогийн байдлаар 200 гаруй сумдад тоон системүүдийн цацалтын станцуудыг бүрэн суурилуулж дууссан байна. Хөвсгөл, Баянхонгор аймгийн зарим сумдад суурилуулаагүй үлдсэн байгаа аж. Энэ ондоо багтаан хөдөө, орон нутагт бүрэн суурилуулж дуусна гэлээ. 

Монгол Улсын нийт айл өрхийн 38 хувь нь кабелийн олон сувгуудыг ашиглаж байна. Харин 20 хувь нь сансрын антень хэрэглэдэг. Эдгээр айлууд тоон системд шилжихэд хүндрэлгүй, нэмэлт төхөөрөмж авах шаардлагагүй юм байна.

Түүнчлэн нийт айл өрхийн 35 хувь буюу 171 мянган өрх айл тоон системийг хүлээн авах төхөөрөмжтэй болох шаардлагатай юм байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөвлөж байгаагаар 2017 оны долдугаар сарын 31 гэхэд Монгол Улс даяар тоон системийг ашиглаж, аналог системээс бүрэн салж чадна гэж үзэж байна. 

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.