Бүдүүн гэдсээ дурандуулах бол юуг анхаарах ёстой вэ

Twitter Print
2022 оны 05-р сар 26-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

БҮДҮҮН ГЭДСЭЭ ДУРАНДУУЛАХ БОЛ ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААР

Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал,

-Үе үе шалтгаан тодорхойгүйгээр хэвлийгээр өвдөх.

-Гэдэс сулраад, бие зассаны дараа хэвлийгээр эвгүй оргих, таагүй мэдрэмж төрөх.

-Шалтгаан тодорхойгүй цус багадалт.

-Турах.

-Дотор муухайрах

Эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал заавал бүдүүн гэдсээ дурандуулах шаардлагатай. Дурангийн шинжилгээгээр шарх, шархлаа, улайлт, ургацаг, цүлхэн, үрэвсэл зэрэг олон эмгэгийг оношилж илрүүлнэ. Шинж тэмдэг илрээд удаан хугацаа өнгөрөх, түүнийгээ оношлуулахгүй яваад байвал өвчлөл богино хугацаанд хүндрэл үүсгэх эрсдэлтэй.

Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээний ач холбогдол.

Бүдүүн, шулуун гэдэсний хавдар ямар ч шинж тэмдэг өгдөггүй. Хавдар бүдүүн гэдэсний хөндийг бүхэлд нь түрж ургаснаар түгжрэл үүссэн тохиолдолд оношлогдох нь элбэг. Өөрт зовиур мэдэгдэхгүй учраас маш их цаг хугацаа алддаг. Дээр дурьдсан сэрүүлэг шинжүүд илэрхээс гадна байнга өтгөн хатдаг, байнга гүйлгэдэг бол өтгөнд далд цус илрүүлэх тестийг хэрэглэж байх ёстой юм. Өтгөнд багахан хэмжээний гемоглобин буюу цусны эс байлаа гэхэд үүнийг илрүүлэх боломжтой бөгөөд бүдүүн, шулуун гэдэсний хавдрын эрт илрүүлгийн гол шинжилгээ болдог.

Мөн өмнө нь оношлогдсон эмгэгүүдийн үе шатыг тогтоож, эмчилгээний хяналт тавихад уг шинжилгээг хийх шаардлагатай. Гэдэсний шархлаат эмгэг, гэдэсний ур, цүлхэнт үрэвсэл, шимэгч хорхойн эмгэгийн үед өтгөнд далд цус илрүүлэх тестийг хэрэглэснээр дараа дараагийн хүндрэлүүдийг эрт үед нь илрүүлэх боломжтой.

Өтгөнд далд цус илрүүлэх тестийн өмнө төмрийн бэлдмэл, висмут агуулсан эм, цус шингэлэх, туулгах эм, бургүй хэрэглээгүй, сүүлийн гурав хоногт гэдэсний дуран, рентген шинжилгээ хийлгээгүй байх шаардлагатай. Мөн сарын тэмдгийн үед хийхгүй. Бүдүүн гэдсээ дурандуулсан тохиолдолд үүнийг хийх шаардлагагүй.

Бүдүүн гэдсээ дурандуулахын өмнө тодорхой бэлтгэл шаардлагатай

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ нь ходоодны дуран шиг зөвхөн хоолоо сойж бэлтгэл хангаад хийлгэчихдэг шинжилгээ биш. Тодорхой хэмжээнд бэлтгэл шаардлагатай. Бүдүүн гэдэсний маш олон атираа, нугалаа байдаг. Тэр бүрийн цаана байгаа өтгөний үлдэгдлийг бүгдийг нь цэвэрлэсний дараа хийгдэж буй шинжилгээ төгс болох, үр дүн сайн гарах боломжтой.

Юун түрүүнд цөсний замын чулуултай юу, үгүй юу гэдгээ мэдсэний дараа өөрт тохирох тусгайлсан туулгыг хэрэглэж, нэг хоногийн өмнөөс гэдсээ цэвэрлэж байж дурандуулна. Бургуй, клизм тавиад гэдэс бүрэн цэвэрлэгдэхгүй учраас хэрэв бүдүүн гэдсээ дурандуулах гэж байгаа бол заавал туулга хэрэглэх ёстой. Гэхдээ туулга хэрэглэхийн өмнө заавал цөсний замын чулуутай эсэхээ мэдэх ёстой.

Туулга уугаад гүйлгэх үед цөсний хүүдий агшдаг учраас цөсний чулуут үрэвсэлтэй байвал сэдрэх эрсдэлтэй гэдгийг анхаар. Тиймээс эмчийн зөвлөгөөний дагуу тохирох туулгаа сонгоорой.

Дурангийн явцад бага зэргийн өвдөлт мэдрэгдэх учир унтуулгатайгаар дурандуулах мөн боломжтой.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх эмч О.Баярмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.