Лурайн Виллакорта: Тухайн хүний ажлын байр нь байгальд ээлтэй байхыг ногоон ажлын байр гэдэг

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

Ирэх 10 жилд 60 сая ажлын байр шинээр бий болно

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч улс орнууд ногоон эдийн засаг руу шилжсэнээр одоо байгаа нийт ажлын байрны 10-12 хувь нь алга болж, ирэх 10 жилд 60 сая ажлын байр шинээр бий болно гэж мэдээлж байна. ОУХБ-ын Байгаль орчин болон Зохистой хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Лурайн Виллакортагаас ногоон ажлын байрны талаар зарим тодрууллаа.

Ногоон ажлын байрны тухай хийсэн таны мэдээлэл сонирхол татлаа. Ногоон ажлын байр гэдэг шинэ ойлголтыг дэлгэрүүлж тайлбар өгнө үү?

- Хуралд оролцсондоо баяртай байна. Төлөөлөгч нар олон талаас  нь харж, чухал санал хэлж байна. ОУХБ нь Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийг санаачлагч 4 байгууллагын нэг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй өмнө нь удаан хугацаанд хамтран ажилласан туршлагатай.

Хамгийн анх 2007 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын Ажил олгогч нарын байгууллага, Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран PAGE хөтөлбөрийг боловсруулсны дараа “Ногоон ажлын байрны санаачилга хөтөлбөр”-ийг дэлхий нийтийн түвшинд, Ази Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн хүний ажлын байр нь байгаль орчинд ээлтэй байхыг ногоон ажлын байр гэж ерөнхийд нь ойлгож болно. Тодруулбал, хүний хийж байгаа ажлын үр бүтээл нь ногоон байх, үйл ажиллагаагаа явуулж байгаа процесс нь өөрөө байгальд ээлтэй байхыг л хэлж байгаа хэрэг юм. Энэ бүхнийг сүүлийн үед статистик тоон үзүүлэлтээр ч гаргах болсон.

- Одоогоор “Ногоон ажлын байрны санаачилга хөтөлбөр” хэдэн оронд хэрэгжиж байна вэ?

- Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Ази, Номхон далайн бүс нутагт Ногоон ажлын байр хөтөлбөрийг Тайланд, Бангладеш, Монгол зэрэг 11 оронд хэрэгжүүлж байна.

- Ногоон ажлын байрыг аль салбарт олноор бий болгох боломжтой вэ?

- Сүүлийн үеийн судалгаагаар Сэргээгдэх эрчим хүчний салбарт ногоон ажлын байрыг бий болгох нь тохиромжтой гэж үзэж байна. Энэ салбарт дэлхийн хэмжээнд ойролцоогоор 2.3 сая ажлын байрыг шинээр бий болгох боломжтой гэж тооцож байна. Сэргээгдэх эрчим хүчний ажлын байр гэдэгт нар, салхины сэргээгдэх эрчим хүч болон био түлшний үйлдвэрлэл ордог.

- Хөтөлбөр хэрэгжүүлж байгаа улсуудын хуримтлуулж буй сайн туршлагаас хэлж өгнө үү?

- Бангладешт өрх толгойлсон хэсэг эмэгтэйч нэгдээд тодорхой хэмжээний санхүүжилт авч нарны эх үүсгүүр үйлдвэрлэж байна. Харин Индонез улс эко аялал жуулчлал хөгжүүлэх  бодлого боловсруулсан. Бодлогын баримт бичигтээ эко хөтөч нарыг хэрхэн бэлтгэх, жуулчдыг Индонез үндэсний хэв маягаар тохижуулсан сууц болон эртний зан заншилтайгаа танилцуулах зэргээр нарийн төлөвлөлт гаргасан байсан.

Харин Филлиппинд хог хаягдлыг дахин ашиглаж барилгын материал үйлдвэрлэж ногоон ажлын байруудыг бий болгоод байна. Хятад улсад “Ногоон бизнес эрхлэх сонголт” гэсэн сургалтын материалыг боловсруулж одоогоор амжилттай хэрэгжиж байна. Энэ нь 4-5 удаагийн сургалтын гарын авлага. Үүнийг Монголд хэрэгжүүлэхээр Монгол хэл дээр хөрвүүлэн хэвлэхэд бэлэн болгосон. Удахгүй Монголд хэрэгжиж эхэлнэ.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.