
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ БА ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ
Хепатит өвчний тархалт хурдсаж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, түүний уршгаар элэгний хатуурал, элэгний хавдар эрс нэмэгдэж байна [WHO, 2015]. Архины шалтгаант хепатитын үндсэн шинж нь цочмог шарлалт бөгөөд 10 болон түүнээс дээш олон жил архи хэрэглэгчдэд элэгний өөхжил, ухжил, хатуурал, асцит, булчингийн сулрал, энцефалопати, хавдарт хүчин зүйл болно.
Архины хэрэглээний индексээр (Quantity Frequency Index) архи огт амсдаггүй, хааяа, ойр ойрхон, тогтмол хэрэглэдэг гэж үнэлэх бөгөөд монгол насанд хүрсэн хүний 51 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.
Монгол улсын 15-64 насны нийт хүн амын 65.8 хувь нь ямар нэг хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг, эрэгтэйчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь архийг хэтрүүлдэг, архийг 1 удаад уухдаа эрэгтэйчүүд 9.2 стандарт, эмэгтэйчүүд 5.1 стандарт уултаар тус тус хэрэглэж байна [ЭМЯ, НЭМХ-ийн тайлан, 2015].
АНУ ын Эрүүл Мэндийн Үндэсний хүрээлэнгийн (NIH) архи хэтрүүлэн хэрэглэх судалгаагаар (Alcohol Abuse and Alcoholism) насанд хүрсэн хүн амын 14 хувь нь буюу 33 сая хүн ямар нэгэн хэмжээгээр алкоголизмын хамааралтай гэсэн тоо баримт байна [L.Gunzerath, V.Faden, 2004].
Архины шалтгаант элэгний архаг үрэвсэл нь дэлхий нийтэд өргөн тархсан, өвчин даамжирч элэгний өөхжилт, элэгний хатуурал, элэгний хавдарт шилждэг хүн амын эрүүл мэнд, эдийн засагт асар их хохирол учруулж буй өвчин юм.
Эх сурвалж: Ү.БУЯН “АРХИНЫ ШАЛТГААНТ ЭЛЭГНИЙ АРХАГ ҮРЭВСЭЛД ЭЛЭГНИЙ ГҮРГҮМ-7 ЖОРЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” судалгааны ажлаас
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.