
Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch байгууллагаас Японд залуу тамирчид бэлтгэлийн үеэр бие махбодь, сэтгэл зүй болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг талаар тайландаа тусгажээ.
Human Rights Watch байгууллага Японы спортын 50 төрлийн 800 гаруй тамирчдын дунд хийсэн судалгааныхаа үр дүнд, "Тамирчдыг бэлтгэлийн үеэр цохих, алгадах, өлсгөх эсвэл хэтэрхий их зүйл идүүлэх зэрэг явдал гардаг болохыг тамирчдаас авсан судалгаагаар тогтоосон. Human Rights Watch байгууллага Японы талаас үүний эсрэг шийдэмгий арга хэмжээ авч, олон улсад тулгараад буй уг асуудлыг үгүй хийх явдалд бусаддаа үлгэр жишээ болохыг хүсч байна." хэмээн тус байгууллагын Олон улсыг хариуцсан захирал Минки Уорден онцолжээ.
Хүний эрхийг хамгаалах тус байгууллагаас гаргасан тайланд Японы Олимпийн хороо болон Японы Спортын Зөвлөл албан ёсны хариу хараахан өгөөгүй байна. Япон улсын нийт тамирчдын 10 гаруй хувь нь ямар нэг төрлийн хүчирхийлэл эсвэл доромжлоод өртөж байсан нь дотооддоо хийсэн судалгаагаар тогтоогдсоны дараагаар 2013 онд Японы Олимпийн Хороо уг асуудлыг шийдвэрлэж, хүчирхийллээс ангижрах алхмуудыг хийнэ гэдгээ амласан юм. Уг ажлынхаа хүрээнд Японы жудогийг эмэгтэй тамирчид бие махбодийн хүчирхийлэлд өртөж байсан нь илэрсэний дараагаар Японы Олимпийн Хороо Жудо Бөхийн Холбооны санхүүжилтийг бууруулах хүртэл арга хэмжээ авч байсан билээ.
Түүнчлэн хүний эрхийг хамгаалах Human Rights Watch байгууллага судалгааныхаа явцад Японы Спортын 8 холбооны удирдлагууд болон тамирчидтай уулзаж ярилцсан аж. Тус байгууллагын судалгаанд оролцсон 24 ба түүнээс доош насны тамирчдын 19 хувь нь цохиулж, алгадуулж, өшиглүүлж, ямар нэг эд зүйлээр зодуулж байсан хэмээн хариулсан бол судалгаанд оролцсон нийт тамирчдын 18 хувь нь сэтгэл зүйн хүчирхийлэл, 5 хувь нь хүүхэд байхдаа бэлтгэлийн үеэр бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ мэдэгджээ. Олон Улсын Олимпийн Хороо Human Rights Watch байгууллагаас гаргасан тайлангийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, Олимпизмийн гол үнэ цэнэ нь спортод бүгд бие биеэ хүндлэх явдал гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.