Хорвоо гэдэг уужим

Twitter Print
2021 оны 06-р сар 14-нд 17:17 цагт
Мэдээний зураг,

Уудам, уужим, тэнэгэр, тэнүүн, тэлгэр, тэлүүн юу байна гэхээр уул нь, дээр мэлцийх тэнгэр, дэргэд мэлтэлзэх далай, тэнгис, нуур тэгээд бас энэ л аргагүй өндөрлөг нь дөө гэсээр арайхийн дээр нь мацан мацан гарч ирэхэд даажигнах мэт бүр л намсаад, өчнөөн цааш сунайх тал хээр, атираатан үелэх элсэн манхан, эчилгүй үргэлжлэх говь цөл юу эс байж болмоор атал, хүний сэтгэлээс уудам юм энэ хорвоод үгүй гэнэм. Хүний сэтгэлээс илүү давч юм бас энэ хорвоод алга гэлцэнэм.

“Өчигдөрхөн л намайг жаргалаа жаргалаа, шингэлээ шингэлээ гэсэн дээ, өнөөдөр би ингээд л, эргээд л манхайтал мандаж байгаа биз дээ, наашаа хар даа, хар” гэх шиг дорноос алгуурхан сунайн өндийх түмэн цацрагт наран...

Салхин сэвшээн, моддын сэржигнээн, болжморын жиргээн, борооны үнэр, хоёр хүний шивгэнэлдээн, үхэр тугалын мөөрөлдөөн, ер энэ хорвоогийн юм бүхэн угаас бидэнд заясан энгүй их тайтгарал, тайвшрал юм.

За дүүрчээ хэмээн арга тасрахад, за хаанаас даа гэх шиг хайр энэрлийн хаалга үүд цаана нь цэлийтэл нээгддэг, нуруугаа ханайтал, сэтгэлээ тэнийтэл амьсгаа авмаар энэ хорвоо дэлхий гэдэг хичнээн уужим билээ!

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.