
Литва нутаг дэвсгэрээр нь дамжин төмөр зам болон автомашины замаар Оросын газар нутгийн нэг хэсэг болох Калининград руу импортлодог зарим бараа бүтээгдэхүүний импортонд хориг тавьжээ.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Патрушев ОХУ Литвийн уг дайсагнасан үйлдэл нь ноцтой үр дагаварт хүргэнэ хэмээн анхааруулжээ. Литвийн зүгээс ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор Европын холбооноос тогтоосон хориг арга хэмжээг дагаж буйгаа мэдэгджээ.
Калининград нь ОХУ-аас салангид орших ОХУ-ын стратегийн бүс нутаг бөгөөд энд Оросын Балтын тэнгисийн цэргийн флот байрладаг билээ.
Оросууд Калининградыг Дэлхийн 2-р дайны дараа 1945 онд ХБНГУ-аас салгаж авсан ба Калининград нь Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнууд болох Литва, Польш улстай хиллэдэг. Тус бүс нутагт ойролцоогоор 1 сая хүн амьдардаг. ОХУ болон Европын холбооны түүхий эд, сэлбэг зэргийн импортоос өндөр хамааралтай бүс нутаг аж.
Калининград мужийн амбан захирагч Антон Алихановын хэлснээр Литвийн тавьсан хоригт Калининградын импортлодог нийт бараа бүтээгдэхүүний 50 орчим хувь нь багтаж байгаа аж.
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Д. Патрушев өнгөрсөн мягмар гарагт Калининградад хийсэн айлчлалынхаа үеэр барууны улс орнуудын өдөөн хатгалтаар Литвийн тавьсан хориг нь "олон улсын хууль журмыг зөрчсөн" үйлдэл болохыг онцолж, ОХУ ойрын ирээдүйд зохих ёсны хариуг нь өгөх болно хэмээн анхааруулжээ. Тэрээр, "Үр дагавар нь Литвийн хүн амд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ." хэмээн мэдэгджээ.
Калининградын төмөр замаар оросууд хил давж, худалдаа наймаа өргөнөөр хийдэг. Бараг сая орчим орос хүн Балтийн боомт хотод амьдардаг.
Өнгөрсөн долоо хоногт Литвийн эрх баригчид Европын холбооны тавьсан хоригт багтсан бараа бүтээгдэхүүнүүдийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан Калининград руу тээвэрлэх явдлыг зогсооно гэдгээ мэдэгдсэн ба Литвийн Гадаад харилцааны сайдын мэдээлснээр энэ нь Европын холбооны хориг арга хэмжээ энэ сарын 17-ноос хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой аж.
Европын холбоо Литвийн Гадаад харилцааны сайдын мэдэгдлийг бататгаж, Литва улс Европын холбооны ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлж буй төдий гэдгийг онцолжээ.
Хориотой бараа бүтээгдэхүүнд нүүрс, металл, барилгын материалууд болон технологийн сэлбэг тоног төхөөрөмж зэрэг багтжээ.
АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Нэд Прайс Вашингтон НАТО-гийн аль нэг гишүүн орон руу халдсан улсыг НАТО-гийн бүх гишүүн орнууд руу халдсан гэж үзэх байр сууриндаа бат зогсоно гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.