Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шалгуулахаар нэр бүхий иргэд, хуульчдын баг АТГ-т өгчээ

Twitter Print
2020 оны 12-р сар 03-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шалгуулахаар нэр бүхий иргэд, хуульчдын баг АТГ-т өгчээ.

Үндэслэл нь:

1.Х.Нямбаатар нь өөрийн эзэмшлийн компаниудаа нуун дарагдуулсан байж болзошгүй.

Х.Нямбаатар төрсөн дүү Х.Нямаатайгаа хамтарч 2008-2011 онд “Бестдрилинг”, “Хамагмонгол” компаниудыг байгуулжээ. “Бестдрилинг” ХХК -ийн захирлаар нь дүү Хишгээгийн Нямбаяр, хувь эзэмшигчээр нь Х.Нямбаатарын эхнэр Ишбалдангийн Баярмаа бүртгэлтэй байна.

Х.Нямбаатар 2010-11-08-нд “Хамаг монгол групп” компанийг үүсгэн байгуулсан. 2017-04-21-нээс эхнэр И.Баярмаадаа шилжүүлсэн. 2015 онд “Хамаг монгол групп” нь СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд үйлчилгээ, орон сууцны 2 орцтой 156 айлын 16 давхар барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулжээ.

Уг газрыг Х.Нямбаатар СХД-т Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байх хугацаандаа авсан гэдэг. Барьсан 16 давхар барилгын урд талд нь 2015 онд 63 айлын 2 орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Гэтэл Х.Нямбаатар 2015, 2016 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хамаг монгол групп” компаниа мэдүүлээгүй. Насаараа төрийн байгууллагад ажилласан Х.Нямбаатар эдгээр орон сууцыг барих хөрөнгийг хаанаас гаргасныг шалгаж тогтоож өгнө үү?

2.Улс төрийн хамтрагч Д.Сумьяабазарыг Уул уурхайн сайд болонгуут Х.Нямбаатарын хамааралтай компаниуд уул уурхайн чиглэлийнх болж, хөрөнгө нь огцом өсчээ.

СХД-ээс Х.Нямбаатартай хамт сонгогдсон Д.Сумъяабазар нь 2017-10-19-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон. Түүнээс хойш 2017.11.09-д Х.Нямбаатарын эхнэр И.Баярмаагийн дүү Ишбалдангийн Баярбалын нэр дээр ” Ариун бүрэн” ХХК -ийг байгуулж, Дорнод аймгийн Матад сумын Газрын тосны 21-р талбайд үйл ажиллагаа явуулах болжээ. Мөн 2018.05.29-д Х.Нямбаатарын эхнэр И. Баярмаагийн удирддаг “Старкатеринг” ХХК уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ, барилгын засварын чиглэлтэй болж өөрчлөгджээ.

3.ЖДҮ сангаас хамаарал бүхий хүмүүсээрээ зээл авахуулсныг шалгуулах

2018 оны 06 дугаар сард Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан “Өгөөдэй Ази” ХХК- ийн барьцаа хөрөнгөнд Х.Нямбаатарын эзэмшлийн Хан-Уул дүүргийн “Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байр, эхнэр И.Баярмаагийн дүү И. Баярбалын орон сууц, дүү Хишгээгийн Нямаагийн орон сууц зэргийг 973,080,150 төгрөгөөр үнэлж тавьсан байна. Уг 950 сая төгрөгийг юунд зарцуулсан, зээлийн эргэн төлөлт нь төлөгдсөн эсэх, ямар дансаар гүйлгээ нь хийгдсэн шалгаж өгнө үү?

4.Х.Нямбаатарын хөрөнгө УИХ-ын гишүүн болсноос нь хойш огцом нэмэгджээ.

4.Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө гэр бүлийнхээ хамт 30 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай байсан бол 2017, 2018, 2019 орлого нь огцом нэмэгдэж 182 сая төгрөгийн өртөгтэй Land 200, Lexus 570 болж 100 хувь эзэмшдэг “Бест дриллинг”, “Старкатеринг”, “Хамаг Монгол групп” ХХК-иудтай болсон байдаг

Эдгээр болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь албаны эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгохын тулд урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн хэв шинжийг агуулсан үйлдлүүдийг нь шалган тогтоох өгнө үү хэмээн АТГ-т гомдол гаргасан байна.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.