НАТО Хятадын зэвсэгт хүчнийг аюултай гэж үзжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 15-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Брюссельд уулзаж буй НАТО-гийн удирдагчид БНХАУ-ын зэвсэгт хүчний үйл ажиллагаа нь НАТО-гийн гишүүн орнуудад аюул заналхийлж байна гэж үзжээ.

Бээжингийн цөмийн зэвсгийн нөөц хурдацтайгаар нэмэгдэж, тус улс батлан хамгаалахын салбарт ОХУ-тай нягт хамтран ажиллаж, зэвсэгт хүчнийх нь үйл ажиллагааны тухай мэдээ мэдээлэл ил тод бус байгаа нь НАТО-гийн гишүүн орнуудыг түгшээж байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн анхааруулснаар Бээжин зэвсэгт хүчнийхээ хүчин чадал, технологийн ахиц дэвшлээрээ НАТО-гийн түвшинд хүрэхэд ойрхон байгаа аж.

Гэхдээ үүгээрээ НАТО Бээжинтэй Хүйтэн дайн эхлүүлэх зорилго агуулаагүй гэдгийг тэрээр онцолсон ч Бээжингийн арми хүчирхэгжиж байгаа нь НАТО-гийн аюулгүй байдалд заналхийлж буйг хүлээн зөвшөөрч, арга хэмжээ авах ёстой гэжээ.

БНХАУ нь эдийн засаг болон зэвсэгт хүчнийхээ хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгч улс орнуудын нэг бөгөөд тус улсын коммунист нам нь улс төр, нийгэм, иргэдийнхээ өдөр тутмын амьдралыг хянадаг билээ.

Хятадын зэвсэгт хүчинд 2 сая гаруй цэрэг алба хааж байгаа ба Хятадын арми албан хаагчдынхаа тоогоор өнөөдрийн байдлаар дэлхийд тэргүүлж байна. НАТО-гийн гишүүн орнууд Хятадын зэвсэгт хүчний хүчин чадал нэмэгдэж буй нь НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдал, ардчилалд аюул заналхийлж байна гэж үзэж байгаа аж.

Түүнээс гадна Бээжин сүүлийн жилүүдэд Африкийн улс орнуудад цэргийн баазуудаа байршуулж буй явдал мөн НАТО-гийн анхаарлыг татаад байгаа юм. Европын холбооны болон Хойд Америкийн 30 улсаас бүрдэх улс төр, зэвсэгт хүчний эвсэл болох НАТО нь Дэлхийн 2-р дайны дараа байгуулагдсан билээ. Сүүлийн жилүүдэд тус эвсэл олон нийтийн шүүмжлэлд өртөж, удирдагчид нь НАТО-гийн зорилго болон санхүүжилтэн дээр зөрчилдөж эхэлсэн юм.

Тухайлбал, Доналд Трамп АНУ-ын Төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байхдаа АНУ НАТО-г санхүүжүүлэхэд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа гэдгийг удаа дараа сануулж, Европын улс орнуудыг хамгаалах тал дээр эргэлзэж буйгаа илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.