Пукет арлынхныг эхэлж дархлаажуулснаар Тайланд 6.5 сая жуулчин хүлээж авна гэлээ

Twitter Print
2021 оны 04-р сар 06-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Пукет арлынхныг КОВИД-19 эсрэг дархлаажуулалтанд хамгийн түрүүнд хамруулж эхэлжээ. Тайландын эрх баригчид тус улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд жуулчдын хамгийн ихээр очдог Пукет арлынхныг коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажлыг эхлүүлжээ.

Ингэснээр Пукет арлынхан Тайландад бүх нийтийг коронавирусын эсрэг дархлаажуулах аян эхлэхээс 2 сарын өмнө коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж эхэлж байгаа аж. Тайландын эрх баригчид 7 сарын 1-ээс өмнө Пхукет арлын 460 мянган оршин суугчдыг коронавирусын эсрэг вакцинд хамруулахаар зорьж байна.

Пукет арал нь өөрийн гэсэн олон улсын нисэх онгоцны буудалтай учраас жуулчид Тайландын бусад хэсэгт коронавирусын халдвар тараах эрсдэлгүйгээр арлаар чөлөөтэй зорчих боломжтой юм. Пукет арлын захирагчийн орлогч Пияапон Чувон Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, "Бид Пхукет арлын хүн амын 70-80 хувьд нь коронавирусын эсрэг дархлаа тогтоож чадвал коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан гадаадын жуулчдын тусгаарлалтгүйгээр хүлээж авах боломжтой болно." хэмээн онцолжээ.

Тайландад коронавирусын эсрэг дархлаажуулалтын аяны хүрээнд хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарын ажилтнууд, өндөр настнуудыг коронавирусын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн ч тус улсын эрх баригчид нэн түрүүнд аялал жуулчлалын салбараа сэргээх нь зүйтэй гэж үзжээ.

Коронавирусын цар тахлаас өмнө гадаадын жуулчдын Тайланд улсад оруулсан орлого тус улсын ДНБ-ий 11-12 хувийг эзэлж байсан юм. Коронавирусын цар тахлын улмаас Тайландын аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан 1.5 сая хүн ажлын байргүй болоод байгаа аж. 2019 онд Тайланд улс 40 сая жуулчин хүлээн авч, Тайландын аялал жуулчлалын салбарт 61 тэрбум ам. долларын орлого орж байсан бол 2020 онд Тайландыг зорьсон жуулчдын тоо 6.7 сая, оруулсан орлого нь 11 тэрбум ам. доллар болтлоо буурчээ.

Тайландын засгийн газар 2021 оны 3-р улиралд Пукет арлыг зорих жуулчдын тоог багадаа 100 мянга хүрэх байх гэж найдаж байгаа ба улс орнуудад коронавирусын эсрэг дархлаажуулалтын аян явагдсанаар энэ оны 4-р улиралд Тайландыг зорих жуулчдын тоо өсч, жилийн эцэс гэхэд нийт 6.5 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөж байгаа аж.

Тайландын Аялал жуулчлалын яамнаас хийсэн судалгаагаар Европын орнууд, Арабын Нэгдсэн Эмират улс, АНУ-ын жуулчид Тайландыг хамгийн түрүүнд зорих гэнэ. Гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлаж байсны ачаар Тайланд дахь коронавирусын халдварын тархалт буурсан ч энэ нь жуулчдын хувьд төвөгтэй, чирэгдэл ихтэй байсан юм.

Ийм ч учраас Тайландын эрх баригчид энэ сарын 1-нээс эхлэн гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах хугацааг 10 хоног, коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийн тусгаарлах хугацааг 7 хоног болгосон юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Орчуулсан:

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.