
(Бага ангийнханд илүү тохиромжтой)
Бага ангийн хүүхэд хичээнгүйлэн хийсэн ажлаа эерэгээр үнэлүүлэх юм бол цаашид улам сайн хийхийн төлөө чармайдаг. Харин хоосон магтаалаар урамшуулдаг бол хийсэн зүйл нь амжилтгүй болох төдийд л урам хугарч гутардаг.
Илүү тодруулбал, хүүхдийн амжилтыг өөрийнх нь ахицаар үнэлж дэмжих нь хамгийн зөв. Түүнээс өнөөдрийн авсан дүн, өрсөлдөөнд ялсан байдалд ач холбогдол өгөх нь чухал биш шүү. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн дэмжих вэ?
1. Өсөлт хөгжлийнх нь түвшинд таарсан зорилго тавих
Хүүхэд бүрт өөр өөрийн гэсэн авьяас чадвар бий гэдгийг хүлээн зөвшөөрч, хүүхдийнхээ онцлог, өсөлт хөгжлийн түвшинд таарсан, биелүүлэх боломжтой, бодит зорилгыг тавих хэрэгтэй. Хүүхдэд хүндэдсэн зорилго тэднийг залхааж шантрамхай болгоно шүү.
2. Зөв урамшуулах
Багахан ч гэсэн хийсэн зүйлийнхээ үр дүнг амсан баяр баясгаланг мэдэрдэг болгохын тулд урамшууллын үгийг тохируулан хэлж байгаарай. Тухайлбал, "Өчигдөр чадахгүй байсан тоогоо өнөөдөр нэгхэн алдаад л зөв хийчихлээ", "Бичгийн хэв нь илүү сайжраад байна уу даа", "Номоо өөрөө уншиж байгааг чинь харах бахархмаар байна", "Сая найзтөйгаа эелдэг харилцахыг хараад ээж нь үнэхээр талархлаа" гэх мэт.
3. Үгээр шахахаас илүүтэй өдөөж идэвхжүүлэх
"Чи өдөр бүр шинэ зүйл мэдэж ирээд л үнэхээр гоё юм аа", "Өнөөдөр ч гэсэн сонирхолтой хичээл хийх үү ?", "Миний хүүгийн сайн хийдэг тоог хамтдаа бодоцгооё", "Сурсан зүйлээсээ ээж дүү хоёртоо жоохон зааж өгөөч"гэх мэтээр хөгжилтэйгөөр хичээлээ эхлүүлж байгаарай. Зориудаар "Хөгжилтэйгээр хичээл хийх" гэсэн илэрхийлэмж хэрэглэн "Хичээл нь хөгжилтэй зүйл" гэсэн мэдрэмжийг бий болгож байгаа хэрэг юм.
4. Эерэг хандлагаар дасгах
Хүүхдийн нийгэмших, дасан зохицох, бусдын оронд өөрийгөө тавих чанар бага ангийн эхний үеүдэд төлөвшин бий болдоггүйг ойлгож та тэвчээртэй хандах хэрэгтэй. Хүүхдийн дэргэд сургууль, багш, ангийн бусад найзын талаар сөрөг зүйл дурдахгүйг хичээх. Түүний оронд багшийн тухай мөн нөхөрлөлийн талаар хөгжилтэй, аз жаргалтай дурсамжуудаа хуваалцаж байгаарай.
5. Би үүнийг сайн хийдэг хэмээн итгүүлэх
Хүүхэд хэд хэдэн удаа бодлогоо хурдан бодоход "- Хөөх, алдаагүй хэрнээ хурдан боджээ, яаж бодсоноо ээждээ заагаад өг" г.м-ээр урамшуулаад байхаар хүүхэд "би тооны хичээлийг сайн хийдэг" хэмээх өөртөө итгэх итгэл бий болж түүндээ улам илүү сонирхолтой болно. Энд анхаарах зүйл нь эхний хэд хэдэн удаа хүүхдийн хангалттай хийж чадах хүнд биш бодлогуудыг сонгоно шүү. Юун түрүүн "Би сайн хийдэг" хэмээх мэдрэмжийг мэдрэхэд нь туслах юм.
Ээж: Миний хүү тоогоо нэг ч алдаагүй хэрнээ, ямар хурдан бодчихов оо. Гайхалтай юм аа, ээждээ заагаад өгөөч.
Хүү: Би юу?
Хүүгийн мэдрэмж: Би тоогоо сайн хийдэг, ээжээс ч илүү сайн хийдэг.
Би сайн хийдэг хэмээх бодол бий болж эхэлбэл өөрөө хичээлээ хийх гэж хичээдэг болно. Хүүхэд бүрийн гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе.
Г.Төмөрзаяа
“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.