
Өнгөрсөн ням гарагийн өглөө ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн сар гаруй хугацааны дараа анх удаа Украины нийслэл Киевийг бөмбөгдсөн байна. ОХУ-ын агаарын зэвсэгт хүчний Ту-95 бөмбөгдөгч онгоцноос хөөргөсөн 5 пуужингийн нэгийг Украины пуужин устгах систем замаас нь устгаж чадсан ч үлдсэн пуужингууд Киев хотын захын Днепровск болон Дарницк дүүрэгт унасан байна. Оросын агаарын цохилтын улмаас нэг хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн хэмээн Киев хотын дарга В. Кличко мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Россия-1 сувагт өгсөн ярилцлагадаа барууны орнууд Украинд холын зайн тусгалт пуужин нийлүүлбэл Москва өмнө нь цохилтонд огт өртөөгүй Украины бүс нутгуудад цохилт үзүүлнэ хэмээн анхааруулсан байна.
Украины зэвсэгт хүчнийхэн Украины зүүн хязгаарын Северодонецк хотын 50 хувийг хяналтандаа эргүүлэн авч чаджээ. Луганск мужийн захирагч Сергей Гайдайн мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Северодонецк хотын 70 хувийг эзэлсэн байсан ч өнгөрсөн 2 өдөрт Оросын арми ухрахад хүрсэн гэжээ. Америкийн Study of War судалгааны институт Украины зэвсэгт хүчин Донбасс дахь Оросын давшилтыг амжилттай удаашруулж, Северодонецк хотод Оросын армийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаж байгааг онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн ням гарагт Украины зүүн хязгаарын Донецк болон Луганск муж, зүүн өмнөд зүгийн Запорожье муж дахь Украины армийн фронтоор айлчилж, нөхцөл байдалтай танилцжээ.
Эх сурвалж: The Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn