Ким Жон Ун Восточный космодром сансрын буудалд айлчилж, В.Путинтэй уулзана

Twitter Print
2023 оны 09-р сар 13-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хуягт галт тэргээр ОХУ-д хүрэлцэн иржээ. Пхеньянаас хөдөлсөн хуягт галт тэрэг энэ сарын 12-ны өглөө ОХУ-ын Приморский мужид хүрэлцэн ирсэн тухай оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт чухам хаана, хэзээ болох нь тодорхойгүй байгаа бол  Кремлийн зүгээс уулзалт ирэх өдрүүдэд болно хэмээн мэдэгдсэн байна.

Ким Жон Уны галт тэрэг хоёр улсын хил дээрх Хасан өртөөн дээр зогссон ба  Хойд Солонгосын удирдагч галт тэрэгнээсээ гарч, түүнийг угтан авч буй Оросын албан тушаалтнуудтай мэндчилсэн байна.

Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч ОХУ-ын Байгалийн нөөцийн сайд Александр Козловтой уулзжээ. Приморский мужийн амбан захирагч Олег Кожемякогийн мэдэгдсэнээр энэхүү уулзалтын үеэр талууд аялал жуулчлал, гакар тариалангийн төслүүд дээр хамтран ажиллах тухай ярилцжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин алс дорнодод байрлах Восточный космодром сансрын буудалд айлчилна хэмээн ярьж байсантай холбоотойгоор  Ким Жон Ун болон В. Путины уулзалт тус сансрын буудалд болж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Д. Песков хоёр орны төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийж, хамт үдийн зоог барина гэдгийг онцолжээ.

Барууны орнууд Ким Жон Ун, В. Путин нар ОХУ-ыг зэр зэвсгээр хангах асуудлыг хөндөнө гэж таамаглаж байгаа ба Москва Пхеньянаас Украинд явуулж буй дайндаа хэрэглэх зэр зэвсэг нийлүүлэхийг хүсэж байгаа бол Пхеньян зэр зэвсэг нийлүүлснийхээ хариуд хүнс болон эрчим хүчний түүхий эд авах хүсэлтэй гэжээ.

Өнгөрсөн 7-р сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн Пхеньянд хийсэн айлчлалын үеэр хоёр улсын гэрээ хэлэлцээрийн бэлтгэл ажил явагдсан хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Вашингтоны зүгээс Пхеньян Москвад зэр зэвсэг нийлүүлбэл Пхеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.