Ганга мөрөнд орсон хэдэн зуун мөргөлчид коронавирусын халдвар авчээ

Twitter Print
2021 оны 04-р сар 15-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Харидвар хотод Кумб Мела шашны баярт оролцсон хэдэн зуун сүсэгтэн коронавирусын халдвар авчээ. Өнгөрсөн мягмар гарагийн байдлаар Ганга мөрөнд 3 сая гаруй сүсэгтэн оржээ. Кумб М"ла шашны баярын үеэр энэтхэгчүүд Ганга мөрний усыг ариун хэмээн итгэж, өөрсдийн гэм нүглээ цайруулахын тулд Ганга мөрний усанд ордог аж.

Лхагва гарагт мөн л хэдэн зуун мянган хүн Ганга мөрөнд орох төлөвтэй байна. Өнгөрсөн мягмар гарагт Энэтхэгт коронавирусын халдварын 184 372 тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусын цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Иргэд коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаа үед Энэтхэгийн засгийн газар Кумб Мела шашны баярыг зохион байгуулахыг зөвшөөрсөн явдалд шүүмжлэлтэй хандаж байна. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Кумб Мела баярыг цуцлахыг шаардсан ч Энэтхэгийн эрх баригчид баярын үеэр халдвар хамгааллын журмыг баримталж, коронавирусын халдваргүй болохоо шинжилгээгээр нотлосон иргэдийг л баярт оролцуулж, иргэд хооронд зай бариулах болно хэмээн амлажээ.

Бодит байдал дээр коронавирусын шинжилгээ хийлгээгүй олон тооны хүмүүст баярт оролцож, хүмүүс халдвар хамгааллын журмыг зөрчиж, нэг дор бөөнөөрөө цугларч байгаа талаар ажиглагчид онцолж байна. Уттараханд мужид цагдаагийн албан хаагчид хүмүүсийн бөөгнөрлөөс болж халдвар хамгааллын дэглэм бариулахад хүндрэлтэй байгаа тухай мэдэгджээ. Түүнчлэн Кумб Мела шашны баярыг хариуцан ажиллаж байгаа эрүүл мэндийн мэргэжилтний мэдэгдсэнээр шашны 9 тэргүүн коронавирусын халдвар авчээ. Коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаанд өртөөд буй Энэтхэгт эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй болж, амин чухал эм бэлдмэл, хүчилтөрөгчийн хомсдол үүсээд байна.

Коронавирусын цар тахалд хамгийн ихээр өртөөд буй Махараштра мужид хатуу хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд тус мужид коронавирусын 60 мянган тохиолдол бүртгэгджээ. 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.