Оросын уран гулгагч 15 настай Камила Валиевагийн допингийн шинжилгээнээс триметазидин илэрснийг ITA албан ёсоор мэдэгдлээ

Twitter Print
2022 оны 02-р сар 11-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

КАМИЛА ВАЛИЕВАГИЙН ХУВЬ ЗАЯАГ CAS ШИЙДНЭ

Оросын уран гулгагч 15 настай Камила Валиевагийн өнгөрөгч оны 12 сарын 25-нд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр өгсөн допингийн шинжилгээний дээжнээс WADA (Дэлхийн допингийн эсрэг агентлаг)-ын хориглосон жагсаалтад багтдаг триметазидин илэрснийг ITA (International Testing Agency буюу Олон улсын шинжилгээний агентлаг) албан ёсоор мэдэгдлээ.

Шведийн Стокхольм дахь WADA-ийн итгэмжлэгдсэн лаботари 2022 оны хоёрдугаар сарын найманд ("Бээжин-2022" олимпийн уран гулгалтын багийн тэмцээн дууссаны маргааш. Энэ төрөлд Оросын олимпийн хорооны баг түрүүлсэн) энэ тухай мэдээлсэн байна.

Ингээд уран гулгалтын багийн тэмцээний медаль гардуулах ёслолын ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон, одоо ч хэзээ гардуулах нь тодорхойгүй, Оросын багийн медаль хүчинтэй эсэхийг хэлэхэд эрт байна.

Үүнээс хойш Англи, Америк тэргүүтэй барууны болон Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн цуурхал, таамаглал ёстой л "сэвж" өгсөн. Харин ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлаг байгууллагууд албан ёсны мэдээлэл огт өгсөнгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Хоёрдугаар сарын 9-нд Оросын допингийн эсрэг агентлаг РУСАДА Камила Валиевагийн эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан ч тамирчин шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан тул мөн өдрөө шийдвэрээ цуцалсан юм. Өөрөөр хэлбэл Камилад ямар нэг хориг тавьсан, бэлтгэл хийх, тэмцээнээ үргэлжлүүлэхийг хориглоогүй гэсэн үг.

Харин ОУОХ болон Олон улсын тэшүүрийн холбооноос CAS (Court of Arbitration of Sport) буюу Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан бөгөөд "Бээжин-2022" олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн эхлэхээс өмнө буюу хоёрдугаар сарын 15-наас өмнө Бээжинд ажиллаж буй CAS-ын ажлын хэсэг энэ асуудлыг эцэслэн шийдэх ажээ.

Одоогийн байдлаар Камила Валиева бэлтгэлээ үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд өнөөдөр (хоёрдугаар сарын 11) өглөөний болон өдрийн бэлтгэлдээ хамрагдсан. Мэдээж 15-хан настай жаахан охин сэтгэл зүйн маш хүнд дарамтанд байгаа нь ойлгомжтой. Бэлтгэл дээрээ дөрвөлсөн тулуп гүйцэтгэхдээ хоёр удаа, гурвалсан флипээс нэг удаа, нийтдээ гурван удаа унаж.

Бэлтгэлийн дараа сэтгүүлчдийн хажуугаар өнгөрөхдөө юүдэнтэй цамцаараа нүүрээ хааж гарчээ.

Английн Daily mail өдөр тутмын сонины увайгүй, ёс зүйгүй сурвалжлагч Камилагаас допинг хэрэглэсэн эсэхийг хүртэл асууж.

Одоо бүх зүйл CAS-ын шийдвэрээс шалтгаалах нь тодорхой.

Гэхдээ ямар ч шийдвэр гарсан Камилад буруу байхгүй. 15 -хан настай охин энэ хариуцлагыг хүлээх ёсгүй.

Олимп, дэлхийн аварга Катарина Виттээс эхлээд маш олон хүн авьяаслаг жаахан охиныг дэмжиж, хамгаалж байгаа. Тэгэх ч ёстой!

Энд бас эргэлзээтэй асуудлууд олон байгаа. Тухайлбал 12 сарын 25-нд өгсөн шинжилгээний хариу яагаад ийм их удав? Хэн нэгэн дуулиан, шуугиан үүсгэхээр олимп хүртэл дарсан уу?

WADA-ийн дүрмээр 16 нас хүрээгүй буюу тамирчны шинжилгээний үр дүнг нийтэд зарлах ёсгүй гэж байдаг мөртлөө хэн, хаашаа мэдээллийг ямар зорилгоор дамжуулж, нийтэд задруулав? Энэ нь эргээд хариуцлага, шийтгэл хүлээх үү гэх мэт...

Жич: Камилагийн Олимпийн өмнө болон Олимпийн үеэр Бээжинд өгсөн шинжилгээнүүд бүгд сөрөг гарсан.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Photo : Reuturs/ Evgenia Novozhenina

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.