Хүүхэд товчин зай залгихад үзүүлэх яаралтай тусламж

Twitter Print
2020 оны 07-р сар 14-нд 18:32 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед хүүхдүүд маань томчууд бидний хайхрамж болгоомжгүйгээс түлэгдэх, цахилгаанд цохиулах, өндрөөс унах, усанд живэх зэргээр амь нас, эрүүл мэндээ алдах нь тохиолдож биднийг анхаарал халамжаа эрс сайжруулах, анхны тусламж үзүүлдэг чадвартай байхыг шаардаж байна. Иймд өнөөдөр гадны биет залгисан үед үзүүлэх тусламжийн талаар зөвлөгөө хүргэж байна.

Томчууд дийлэнхидээ гадны биетийг санаатайгаар залгидаг бол (бурханаар бөөлждөг бүсгүй) хүүхэд санамсаргүй залгидаг. 6 сартайгаас 3 нас хүртэл хүүхдэд гадны биет залгих нь ховор биш тохиолддог. Хэдийгээр дийлэнх тохиолдолд (80-90%) залгисан биет хоол боловсруулах замыг саадгүй туулж өөрөө ямар нэг хүндрэлгүй гардаг ч ховор тохиолдолд нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг.

Түүнчлэн зарим нэг гадны биет хүүхдийн амь нас, өсөлт хөгжил, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах нь бий. Ийм зүйлийн хамгийн аюултай нь товчин зай юм. Товчин зай залгисан тохиолдолд шинж тэмдэг илэрч буй эсэхээс үл хамааран түүнийг яаралтай авах заалттай. Учир нь товчин зай хоол боловсруулах замд ороод хайлж түүнээс сулрах гидроксид (маш хүчтэй хүчил) нь салстыг түлэхээс гадна товчин зай өөрөө цахилгааны түлэгдэл үүсгэдэг. Энэ аюултай гэмтэл ердөө 2 - 4 цагийн дотор л үүсдэг гэдгийг анхаараарай. Товчин зайны диамерт хэдий чинээ их байна, үүсгэх гэмтэл нь төдий чинээ их. Мөн товчин зайг авахгүй удах тусам үүсгэх гэмтэл нь нэмэгдэнэ (түлэгдэж шархалсан хэсэг цоорох). Иймд ийм зай залгисан тохиолдолд 2 цагийн дотор дуран хийж авах заалтыг анагаах ухаан баримтлаж байна.

Монголчууд бид “гай газар доороос” гэдэг. Хэрвээ хүүхэд товчин зай залгивал маш яаралтай Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвийн (ЭХЭМҮТ) Яаралтай Тусламжийн тасагт хандах ёстой. Замдаа 10 минут тутам 10 мл зөгийн бал уулгаад яваарай. Нийт 6 удаа уулгаж болно. Энэ нь эхний 2 цагт үүсэх хүндрэлээс сэргийлнэ. Бөөлжүүлж гаргах оролдлого хийхийг хориглодог гэдгийг мэддэг байх нь чухал.

Түүнчлэн хурц үзүүртэй зүйл (загасны яг, зүү, шүдний чигчлүүр) залгисан бол маш яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Хэрвээ хүүхэд дээрхээс бусад гадны биет (товч, тоглоомны жижиг хуванцар/төмөр эд анги, зоос, жимсний үр) залгисан бол

1. Шуугиантай амьсгалах/амьсгалахад бэрхшээлтэй болох

2. Байнга шүлсээ гоожуулах

3. Залгихад бэрхшээлтэй болох/горойх

4. Бөөлжих

5. Цустай эсвэл хараар баах

6. Хоолой, цээж эсвэл хэвлийгээр өвдөх шинж тэмдгүүдийг ажиглана. Хэрвээ эдгээрийн аль нэг илэрвэл ЭХЭМҮТ-д яаралтай хандана. Харин аль нь ч илрэхгүй бол хүүхдийнхээ баасыг сайтар шинжилнэ. Дийлэнхидээ гадны биет залгиснаас хойш 48 цагийн дотор (дээд тал нь 5 хоног). Эцэг, эхчүүдээ та яг одоо гэртээ байгаа зүйлс, ойр орчныхоо эд юмсыг сайн ажиглан шинжилж хүүхэд залгиж болзошгүйг нь түүний гар хүрэхгүй газарт тавиарай.

Хүүхдийн эмч Т.Навчаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.