АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг баривчлахаар төлөвлөж буйг эсэргүүцэн жагсахыг уриаллаа

Twitter Print
2023 оны 03-р сар 19-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

Экс Ерөнхийлөгч Д. Трамп дэмжигчдээ жагсахыг уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээгээр дамжуулан прокурорын газраас түүнийг насанд хүрэгчдийн кино жүжигчин Сторми Дэниэлсд мөнгө төлсөн хэргээр энэ сарын 21-нд баривчлахаар төлөвлөж буй талаар бичжээ.

Тэрээр дэмжигчиддээ хандан эсэргүүцлийн жагсаал цуглаанд нэгдэхийг уриалсан байна. Д. Трамп өөрийг нь барихаар төлөвлөж буй тухай "авлигад идэгдсэн, улс төрийн холбоо сүлбээ ихтэй Манхэттэны прокурорын газар"-ын эх сурвалжаас сонссон хэмээн мэдэгдэхийн сацуу өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Нөгөө талаас Д. Трампын өмгөөлөгч Сьюзен Нешель СиБиЭс Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа хууль сахиулагчдын зүгээс түүнтэй холбогдоогүй гэдгийг онцолж, "Улс төрийн зорилготой үүсгэсэн хэрэг учраас ерөнхийлөгч асан Д. Трампын өмгөөлөгчидтэй харьцахын оронд прокурор хэргийн материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулж эхэлсэн." хэмээн ярьжээ.

Экс Ерөнхийлөгч Доналд Трамп болон Сторми Дэниэлс нарын хэргийг прокурорын газраас 5 дахь жилээ шалгаж байгаа ба 2018 онд Манхэттэний прокурорын алба 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д. Трампын өмгөөлөгч Майкл Коэн насанд хүрэгчдэд зориулсан киноны жүжигчин Сторми Дэниэлсд 130 мянган ам. доллар өгсөн болохыг олж илрүүлжээ.

Сторми Дэниэлс тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Д. Трамптай дотно харьцаанд орж байсан тухайгаа ярина хэмээн зарлаж байсан ба Д. Трампын зүгээс түүнээс энэ тухай ярихгүй байхыг хүсэж нууцаар мөнгө өгсөн нь тогтоогджээ.

Прокурор Д. Трампын өмгөөлөгчийн Сторми Дэниэлсд өгсөн мөнгийг Д. Трамп сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мөнгөнөөс гаргасан нь хууль зөрчсөн явдал хэмээн үзсэн аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.