
Би нэгэн удаа хэвлэлээс “Нийслэл хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунай өндөр өртөгтэй 28 орон сууц хувьдаа завшчээ” гэснийг уншаад гэнэт зэвүү хүрээд явчихав. Учир нь жирийн нэгэн төрийн албан хаагч миний бие аль 1991 онд нийслэл хотын Засаг дарга Энэбишд өргөдөл өгч орон сууцны дараалалд ороод 2002 онд ашиглалтад орсон төрийн албан хаагчдын 200 айлын орон сууцны дараалалын 45 дугаарт байсан миний орон сууцны хуваарийг огт өгөхгүй хулхидсан хүн яахын аргагүй энэ Бадамжунай мөн гэдгийг санаад бүр ч дургүй хүрэв.
Ер нь би орон сууцны гачигдалд аль эрт орсон хүн л дээ. Монголын төрд би олон жил зүтгэхдээ ердөө ганц л хүсэлт тавьдаг байсан. Тэр нь орон сууцны хүсэлт л дээ. Одооноос дөчин жилийн тэртээ би Зөвлөлт Холбоот Улсад их сургууль төгсөж төр эрхээр мэргэшсэн хуульч мэргэжил эзэмшээд Хэнтий нутагтаа хуваарилагдаж 22 настай цэл залуухан боловсон хүчин аймгийн гүйцэтгэх захиргааны ажилтан болов.Эхний таван жил нутагтаа сэтгэл өөдрөг ажиллаж байсан боловч сүүлдээ бараантаад ирэв. Тэнд ажиллаж байхдаа аймгийн гүйцэтгэх захиргааны даргад хандаж орон сууц хүссэн өргөдөл бараг жил бүр бичиж өгдөг байв.Тэрхүү наяад онуудад бүтэн арван хоёр жилийн турш орон сууцны өргөдөл бичдэг байж билээ. Аймгийн орон сууцны асуудлыг тэр үед хоёр дарга л голлон шийдвэрлэдэг байлаа.Тэдний надад өгдөг хариу нь ямар өрөвдөлтэй байсан гээч. Аймгийн дарга Насан-Очир миний өргөдлийн хариу өгөхдөө: “Сүхбаатар аа. Чамд орон сууц өгөхгүй. Чи амьдрал үзэх хэрэгтэй. Чи эсгий гэрт амьдарч сурах хэрэгтэй” хэмээн сургамжилна. Тэхлээр би нэг настайгаасаа эхлээд гучин хоёр жил эсгий гэрт амьдраад одоо дахин олон жил эсгий гэрт амьдарч сурах юм гэнэ.
Аймгийн дарга нарыг архидан согтуурч, авгай эргүүлж, ан гөрөөс буудан хөнөөж байхад аймгийн захиргааны ажилтан залуус бид аймгийнхаа бүхий л ажилд тусалж хадлан хадаж, хашаа барьж, цемент зуурч зам тавьж, газар ухаж мод тарьж, талын түймэр унтрааж, түлээ мод бэлтгэхээр хөвчид ажиллаж, төл бойжуулахаар малчдын суурин дээр очиж тавь хоног мал хариулж усанд ч орох боломжгүй нөхцөлд хуурсандаа хүртэл баригдаж байлаа. Үүнийг амьдрал үзсэн гэхгүй юү гэх юм. Нөгөө нь аймгийн гүйцэтгэх захиргааны барилга хариуцсан орлогч дарга, орон сууцны комиссын дарга Зундуй миний өргөдлийн хариуг огт өгдөггүй байв. Би Зундуй даргаас “Миний орон сууц хүссэн өргөдлийн хариу яасан бэ, надад орон сууц өгөхгүй юм уу?” гэхэд намайг нэг муухай ширвэж харчихаад юү ч дуугарахгүй, ямар ч хариу өгдөггүй байв. Бодвол энэ тавьтаргүй архичин дарга миний арван хоёр жилийн турш бичсэн өргөдлийг хогийн сав руу хаячихдаг байсан биз. Жирийн албан хаагч биднийг ямар хүн гэж үзэх биш. Хамгийн заваан зүйл бол аймгийн гүйцэтгэх захиргааны хуралдаан дээр аймгийн гүйцэтгэх захиргааны гишүүн гэсэн сэтэртэй, хоёр нүүртэй зусарч дарга нар орон сууцыг өөрсөддөө болон зөвхөн албан тушаал, мяндагтай дарга нар болон өөрсдийн ах дүү, амраг садан нартаа хуваарилж өгдөг байв.Үүнийг хараад би ихэд ой гутдаг байлаа. Учир нь би тэр үед аймгийн гүйцэтгэх захиргааны хуралдааны протоколыг нь хөтөлдөг байсан юм. Тэдний булхайг сайн мэднэ л дээ. Тэр хурал дээр нэг иймэрхүү л яриа болдог байлаа. Аймгийн дарга Насан-Очир орон сууцны комиссын дарга Зундуйд дараах үүрэг өгч байгаа юм.
Аймгийн дарга: “Аймгийн тийм, тийм дарга нарт орон сууц олгоё... гэснээ гэнэт “саяхан нийслэл хотын МАХН-ын Лантуу дарга надтай утсаар холбогдож ярилаа. Лантуу даргын хүү энэ зун Зөвлөлт Холбоот Улсад хуулийн дээд сургууль төгсөөд манай аймгийн нийгмийн аюулаас хамгаалах хэлтэст хуваарилагдаж ирэх гэж байгаа юм байна. Манай аймагт ирэх гэж байгаа тэр залууд орон сууц олгож өг. Мөн аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Жанчивын охин нь манай аймгийн эмнэлэгт сувилагч хийдэг юм байна. Жанчив даргын тэр сувилагч охинд орон сууц олгож өг. Зундуй дарга, эдгээр хүмүүст нэн яаралтай орон сууц гаргаж өгөөд миний өгсөн үүргийн биелэлтийг надад өөрийн биеэр илтгээрэй” хэмээхэд Зундуй дарга “За мэдлээ, дарга аа. Эдгээр хүмүүст нэн яаралтай орон сууц гаргаж өгье “ хэмээн толгой дохин бөхөлздөг байв. Энэ мэтчилэн тэд хэн нэгэн дарга юм уу, дарга нарын нэрийг нь мэдэхгүй хэн нэгэн хүүхдэд нь, нэрийг нь мэдэхгүй хэн нэгэн хамаатан саданд нь орон сууц олгож, орон сууцны өргөдөл өгсөн, олон жил улсад ажилласан жирийн албан хаагч, мэргэжилтнүүдийг хүн гэж үзэхгүй гадуурхдаг байлаа. Орон сууцыг ямар ч оочер дугааргүйгээр зөвхөн дарга нарт шууд олгоно. Ядаж байхад Өндөрхаан хотод бүтэн хоёр жил болж байж 24 айлын орон сууц ганцыг ашиглалтад өгдөг байлаа.
Тэрхүү хорин дөрвөн айлын сууцнаас хоёрхон сууцыг л аймгийн гүйцэтгэх захиргааны 13 хэлтсийн 110 ажилтнуудаас хоёрхон даргад л хуваарилж өгнө. Орон сууц ховрыг хэлэх үү, олиггүй дарга нар олныг хэлэх үү. Аймгийн МАХН-ын дарга нар, аймгийн гүйцэтгэх захиргааны дарга нар, албан байгууллагуудын дарга нар гээд зуу гаруй эвэртэн туурайтнууд дээр тэдний ах дүү, амраг садан, үр хүүхэд гээд өчнөөн амьтад гараад ирнэ. Эдний дараа би орон сууц хүртэнэ гэвэл миний нас хүрэхгүй юм шиг санагдана. “Би өөрийн төрж өссөн Хэнтий нутагтаа ажиллаад бүтэн арван хоёр жил боллоо. Аав ээж, гэр бүл, үр хүүхдээ орон сууцтай болгож чадсангүй өдий хүрчихлээ. Аав маань ч миний орон сууцтай болохыг үзэлгүй нас барчихлаа.Энэ харгис бүдүүлэг, архичин дарга нарын царайг дахин олон жил харж, “бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгчээр орон сууцгүй хоосон хоцрох гэж үү. Өндөрхаан хотын энэ гэр хорооллын шавар шалбааг болсон гудамжинд бүх насаа эсгий гэрт өнгөрөөх гэж үү. Хорьдугаар зуун дуусах дөхөж байхад би урьдын адил гэр хороололд нүүрс, түлээтэйгээ зууралдаж, худгаас усаа тэрэг түрж зөөсөөр байх уу? Одоо гучин хоёр нас хүрчихлээ. Хоёр хүүхэд маань балчир байна. Орох орон ч алга, олигтой орлого ч алга, анх тогтоосон цалин 550 төгрөг хэвээр, аймгийн захиргаанд хуулийн хэлтэст байгуулагдахад надад мэргэжлийн ажил ч өгсөнгүй” гэсэн гутарсан бодол толгойд эргэлдэнэ. Ингээд би 1991 оны зун машин дээр ганц эсгий гэрээ ачаад настай ээж, гэр бүл, хүүхдээ дагуулан нутгаа орхин нийслэл хот руу нүүв. Нийслэл хотод орон сууц олдож магадгүй хэмээн ихэд найдаж байлаа. Гэвч нийслэл хотод орон сууцны гачлан их байв. Надад хувийн байшин авах мөнгө байсангүй. Ээж минь өглөгч хүн байсан тул аймагт байсан манай хашаа,газар, зуны байшинг маань нутгийн хүмүүст зүгээр өгөөд бэлэглэчихсэн байлаа.Намайг хотод очдог жил Монголд социализм нуран унаж улаантны далан жилийн боолчлол мөхөж монголын нийгэм үүрээ хөндүүлсэн шоргоолж мэт үймэлдэж байв. Социализмын үед улаантны харгис төр ард түмний амин зуулга болсон хувийн хамаг мал сүргийг нь хуу хаман дээрэмдэж ганц эсгий гэрийг нь л үлдээсэн байлаа.
Манай эмээ, ээж нар маань өөрсдийн өсгөсөн 1000 гаруй бог мал, 200 гаруй бод малаа улсад хураалгачихсан байлаа. Намайг нийслэлд очих үед Монголд шинэ ардчилсан нийгэм төрж , иргэдийг хувийн өмчтэй болохыг хуулиар зөвшөөрч байлаа. Одоо л Монгол маань ардчилал, зах зээлийн замд орсноор бүх юм сайхан болно доо хэмээн найдаж байв. Гэхдээ шинээр мэндэлсэн ардчилсан нийгэм маань адаг сүүлдээ авилгачдын нийгэм болж хувирна гэдгийг би яахин мэдэх. 1991 оны намар би нийслэл хотын дарга Л.Энэбиштэй уулзаж орон сууц хүссэн өргөдлөө өглөө. Л.Энэбиш дарга: За, таны өргөдлийг орон сууцны дараалалд хүлээн авлаа. Та нийслэл хотын даргад хандаж бичсэн орон сууцны өргөдлийн дарааллын 845 дугаарт орлоо шүү” гээд орон сууцны дараалалд оруулав гэсэн албан бичиг өгч байв.Гэвч орон сууц нийслэлд олдохгүй хэцүү л байв. Өвөл зунгүй барьсан эсгий гэрийн маань бүрээс ялзраад унаж байв. 2000 онд Сангийн сайд Ч.Улаан телевизээр “ Азийн хөгжлийн банкнаас ирсэн хүү багатай, урт хугацаатай орон сууцны зээлийг арилжааны банкаар дамжуулан төрийн албан хаагчдад олгоно” хэмээн телевизээр мэдэгдэв. Би ч баярлаж нэн даруй бүх баримт бичгээ бүрдүүлээд орон сууцны зээл авах гэж нийслэл хотын “Голомт” банкинд очлоо.Энэ банк баримт, өргөдлийг минь хүлээн авлаа. Гэтэл сарын дараа энэ банк ямар хариу өгсөн гээч. ”Таны орлого хүрэхгүй тул танд орон сууцны зээл олгохгүй” гэдэг байгаа.
Би гайхаж: “Манай гэр бүл бүгд төрийн албан хаагч, өөрийн гэсэн орлого цалинтай. Яахаараа манай гэр бүлийн орлого хүрэхгүй гэж байгаа юм” хэмээн ихэд ундууцав.Банкны ажилтан: Бид зээлийн өргөдлийг нэг удаа л хэлэлцээд дахин хэлэлцэхгүй” гэдэг байгаа.Тэгвэл та нар хэдэн төрийн албан хаагчдад, ямар орлоготой төрийн албан хаагчид энэ зээлийг олгосон юм бэ” гэхэд тэд ямар ч хариу өгсөнгүй таг дуугүй болов. Би тэр даруй зээл хариуцсан газар дээр очиж өөрийн баримт орлогыг үзүүлтэл тэд “Та орон сууцны зээл авах санхүүгийн боломжтой юм байна” гэв. Гэвч Голомт банк зээл өгсөнгүй. Бодвол тэрхүү хөнгөлөлттэй зээлийг банкныхан болон дарга нар авчихсан биз. Би “энэ банкны байж байгаа царайг ” хэмээн ихэд эгдүүцэж энэхүү хууль бус явдлын талаар тэр үеийн Ерөнхий сайд Намбарын Энхбаяр болон Сангийн сайд Ч.Улаанд хандаж уртын урт захидал өргөдөл бичлээ. Ямар ч хариу байдаггүй шүү. Тэр үед л би эх орноо, гэр бүлээ, өөрийгөө ихэд өрөвдөж билээ. “Улс орныг маань хэдхэн эрх мэдэлтэн, луйварчид гартаа оруулсан гэж үү. Төрийн жирийн албан хаагч надад орох орон ч олддоггүй, авах зээл ч олддоггүй. Энэ Монгол миний эх орон биш, би харийн хүн юм уу” гэсэн бодол зурсхийж билээ. 2002 онд билүү дээ, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар төрийн албан хаагч болон өндөр настанд нийслэл хотод 200 айлын орон сууц барьж өгнө хэмээн эрх баригчид телевизээр мэдэгдэв.Энэ орон сууцыг “Наран Туул” захын хажууд барьж эхэлсэн бөгөөд төрөөс иргэдэд үнэгүй хуваарилж олгох сүүлчийн орон сууц байлаа. Би ч бүх баримтаа бүрдүүлж өмнө нь орон сууцны дараалалд орсон тухай аль 1991 оны Энэбиш даргын гарын үсэгтэй албан бичгээ хавсаргаж нийслэлийн орон сууц хариуцсан ажилтан Эрдэнэсувд хэмээх бүсгүйд өгөв.Би өдий болтол орон сууц авч чадаагүй бүх түүхээ үлгэр мэт давтан ярьж бичиг баримтаа түүнд хүлээлгэн өглөө. Хэдэн сарын дараа би дахин түүнтэй уулзаж “Орон сууц юү болж байна вэ. Би одоо орон сууцны дарааллын хэддүгээрт байна вэ?” гэхэд Эрдэнэсувд: “Та энэ орон сууцны дарааллын 45 дугаарт байгаа.Таны орон сууцны асуудал шийдэгдэнэ” гэв.
Би ч учиргүй баярлаж гэртээ ирэв. Зуны нэгэн өдөр “өнөөх 200 айлын орон сууц ашиглалтад орчихсон гэнэ, хүмүүс байрандаа орчихсон гэнэ ээ” хэмээн дуулдав. Би ч яаран нийслэлийн өндөр цэнхэр байранд очиж өнөөх Эрдэнэсувдаа хайлаа. Гэтэл үүдэнд нь баахан авгай хүүхнүүд, өвгөд хөгшид бужигналдаж “Иргэд бидэнд өргөдлийн дагуу энэхүү хоёр зуун айлыг сууцнаас ганцыг ч хуваариалан өгсөнгүй. Бадамжунай,Эрдэнэсувд хоёр зөвхөн дарга нар, өөрсдийнхөө хамсаатнууддаа орон сууцнуудаа хуваарилаад өгчихсөн байна. Орон сууцтай байсан олон дарга нар дахин энэ орон сууцнаас өөрсдөдөө авчээ” хэмээн шуугилдаж байв. Олон жил орон сууц хүлээсэн тэдгээр авгайчууд, өвгөд, хөгшид нар “Бид ч ингээд өнгөрлөө. Энэ орон сууцыг хүлээсэн өндөр настан долоо, найман хүн орон сууцаа авч чадалгүй хулхидуулж нас барлаа даа” гэцгээж байв. Би тэднээс “Нөгөө орон сууц хариуцсан Эрдэнэсувд байна уу? Ямар хүмүүс орон сууц авсан юм бол доо?” гэхэд нөгөө авгайчууд: “Тэр Бадамжунай, Эрдэнэсувд хоёрын өрөөнд зарим хүмүүс орон сууц хуваарилахын өмнөх өдрүүдэд тортой юм, цүнхтэй юм барьж орж гараад л байсан. Бадамжунай, Эрдэнэсувд хоёр авилга өгсөн тэр хүмүүстээ л орон сууц хуваарилж өгчээ. Бадамжунай хэдэн байр өөртөө хуваарилж авсныг бид мэдэхгүй. Харин тэр Эрдэнэсувд гэдэг хүүхэн чинь өөртөө гурван өрөө байр хуваарилуулж аваад бас цоо шинэ “Ланд Круйзер ” жип автомашин худалдаж аваад ажлаасаа гарч Америк руу яваад алга болсон” гэв. Үүнийг сонсоод ёстой дотор муухайраад явчихлаа.
Эдгээр төрийн луйварчин хулгайчдыг бүгдийг нь ”АК”-аадаад хаячихмаар ч юм шиг. Эрдэнэсувдын өрөөнд орлоо. Огт танихгүй нэгэн охин сууж байх юм. Орон сууц хариуцсан ажлаа дөнгөж саяхан аваад байгаа юм гэнэ.Орон сууц иргэдэд олгодоггүй орон сууц хариуцсан дарга, ажилтнаар төр яадаг байна аа. Би болсон явдлыг ярьж өнөөх орон сууцны улигт түүхээ давтаж “Танай нийслэл хотын дарга, ажилтнууд төрийн албан хаагч байж даанч яав даа. Иргэдийнхээ итгэлийг алдаж ийм ч юм хийх гэж дээ. Одоо танай Бадамжунайтай уулзах хэрэгтэй байна” гэв. Өнөөх шинэ охин миний орон сууцны өргөдлийн талаар, оочер дугаарын талаар огт юу ч мэдэхгүй байв. Бодвол тэр зугтсан хүүхэн миний бүх орон сууцны баримтыг устгаад алга болсон биз. Нөгөө шинэ ажилтан “Бадамжунай дарга хурал ихтэй завгүй байгаа, хүн хүлээж авахгүй гэсэн” гэнэ. Би нийслэлийн хотын захиргаа дээр очиж энэ балай явдлын талаар нийслэлийн Засаг дарга М.Энхболдтой уулзахаар шийдэв.Гэвч Энхболдын туслах “Энхболд дарга хүн хүлээж авахгүй гэсэн” гэв. Энэ бүх байдлыг хараад миний төрд зүтгэсэн он жилүүд, итгэл найдвар, тэвчээр, хүлээлт... энэ бүгд утгагүй юм шиг санагдлаа.Хоёрхон авилгач дарга, ажилтан нар хоёр зуун орон сууцыг ард иргэдээс хээв нэг булаан авчихаад ямар ч гэм зэмгүй өнгөрөх нь даанч харамсалтай.Тэр үед нийслэлд авилгал цэцэглэж, “Энхболд - Бадамжунай” гэсэн мафийн бүлэглэл ид хүчээ авч, нийслэлийн хамаг ашигтай газар, хамаг сайн орон сууц, хаусыг хуу хаман авч байсан юм билээ.
“Ардын засгийн үед ард түмний хамаг мал, хөрөнгийг нь улаантны харгис төр булаагаад авсан түүхтэй. Ардчилсан засгийн үед эдүгээ ард түмний хамаг баялаг, боломжийг нь авилгач төр бас булаагаад авчихлаа даа. Хайран эх орон, хайран ард олон” гэсэн харуусал өөрийн эрхгүй төрнө. Хоёр зуун айлын орон сууцнаас хоосон хоцорсон ахмадууд, албан хаагчид, иргэд ийнхүү төрдөө гомдолтой, сэтгэлдээ сэвтэй үлдсэн дээ, хөөрхий. Хаашаа л харна авилгал, арын хаалга, эрх мэдэл, эд хөрөнгөөрөө далайлгасан дарга, даамлууд. Хэвлэл дээр гарсан Бадамжунайн өөртөө завшин авсан орон сууцны хэргийн талаар мэдсэний дараа би энэ худал чухал царайлсан, авилгач Бадамжунай гэгч этгээд хэн юм бэ? гэдгийг интернетээр жаахан судлаад үзсэн чинь, еэ базарваань, монголын мафийн хамгийн том мангасуудын нэг байсан ажээ. Намайг байтугай бүхэл бүтэн Монголыг хуураад хумслаад хулгайлаад авчихсан луйварчин байжээ.
”Зууны мэдээ” сонинд мэдээлснээр: Түнжингийн Бадамжунай 1956 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Эдүгээ 2020 онд 64 нас хүрч байгаа. 1975 онд Төмөр замын техникумыг техникч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Политехникийн дээд сургууль (ШУТИС)-ийг тээвэр инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа авто тээврийн салбараас эхэлсэн. Ачаа тээврийн удирдах газарт диспетчер, тус газрын хэлтсийн дарга, нэгдүгээр баазад намын хорооны дарга, “Монгол Дизель” комбинатын дарга, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан. 1996-2000 онд “Меркури” группын дэд ерөнхийлөгч байсан. 2000 оноос 2004 он хүртэл Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажилласан. 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2008 онд дахин Их Хуралд сонгогдсон. ХХААХҮ-ийн сайдын албыг хавсран хийж 2012 оныг хүртэл ажиллажээ. М.Энхболдыг МАН-ын дарга байхад албан бусаар тус намын санхүүг хариуцдаг байжээ. Бадамжунай дараах хугацаанд төрийн өндөр албанд байхдаа л хэт их баяжжээ.
Эхний үе: 2000-2004 онд М.Энхболдыг нийслэлийн Засаг дарга байхад нийслэл хотын ерөнхий менежерээр ажилласан үе. Энэ үед тэр бээр нийслэл хотын “А” зэрэглэлийн чухал үнэтэй газрыг зарж ихэд баяжжээ. Удаах үе: 2008-2012 онд Хүнс ХАА, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан үе. Энэ үедээ тендерийг ашиглан авилга авч хэт их баяжиж байжээ. Түүний тухай намынх нь нөхдүүд ийнхүү ярьдаг байв. 2000 онд Улаанбаатар хотын дарга байсан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Л.Энэбиш агсан: “Т.Бадамжунайг хэрхэвч нам руу ойртуулж болохгүй хүн шүү. Ялангуяа нийслэл хотын ерөнхий менежер болгож хэрхэвч болохгүй шүү” гэдэг байв. Даанч МАХН-ын удирдах нөхдүүд туршлагатай, шударга Л.Энэбиш даргынхаа үгэнд орсонгүй. 2013 оны МАН-ын генсек болох шахсан тус намын залуу хуульч Ж.Сүхбаатар: “Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлолыг амссаар байх болно” хэмээн цахим сүлжээнд бичсэн нь ихээхэн шуугиан тарьж байжээ. Т.Бадамжунайгийн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, хаусууд нь голдуу Зайсан, Туул голын хөвөө дагасан, эсхүл нийслэл хотын төвийн “А” зэрэглэлийн байршилд байдаг аж. Т.Бадамжунай болон түүний гэр бүлийнхэн болох эхнэр, гурван охин, хоёр хүргэний нэр дээр давхардсан тоогоор нийтдээ одоогоор мэдэгдэж байгаагаар бол 28 орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй ажээ. Нийслэл хотын “А” зэрэглэлийн бүсээс эхлээд сүүлийн үеийн өндөр зэрэглэлийн орон сууцны барилга, хаус, үйлдвэрлэлийн барилга зэрэг өндөр үнэтэй үл хөдлөх өчнөөн олон хөрөнгийг өөртөө завшжээ. Авилгач луйварчин, төрөөс төрсөн тэрбумтан Бадамжунайн хууль бусаар өөртөө завшсан үл хөдлөх хөрөнгөнүүдийг тооцвол:
Т.Бадамжунайгийн нэр дээр: 1. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 8-р байр, 19 тоот орон сууц,
2.Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 86 тоот орон сууц,
3.Баянгол дүргийн 12-р хороо, 27-р байр, 13 тоот орон сууц,
Т.Бадамжунайгийн эхнэр Ц.Сарантуяагийн нэр дээр:
4. Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 8-р байр, 19 тоот орон сууц,
5.Баянгол дүүргийн 12-р хороо, 27-р байр, 13 тоот орон сууц, Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэгийн нэр дээр:
6.Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 8-р байр, 20 тоот орорн сууц,
7.Чингэлтэй дүүргийн 3-р хороо,18-р байр, 11 тоот орон сууц,
8.Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, 18-р байр, 0 тоот орон сууц,
9.Баянзүрх дүүргийн 11-р хороо, Бага тэнгэрийн ам /13314/, Дүнжингаравын гудамж, 449 тоот орон сууц,
10.Баянгол дүүргийн 12-р хороо, 27-р байр, 13 тоот орон сууц,
Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нөхөр Энхбатын Анарын нэр дээр:
11. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, 13 тоот орон сууц,
12.Чингэлтэй дүүргийн 3-р хороо,18-р байр, 11 тоот орорн сууц,
13.Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 13-р байр, 56 тоот орорн сууц,
14.Дархан хотод Дархан сум, 5-р баг, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн бүхэл бүтэн цогцолбор,
15.Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, 2 тоот орорн сууц,
16.Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, зоорийн давхрын 1 тоот орон сууц,
Т.Бадамжунайгийн охин Б.Гаваагийн нэр дээр:
17.Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Сөүл гудамж, 902 тоот, Оффис үйлчилгээний зориулалттай байгууламж,
18.Баянгол дүүргийн 12-р хороо, 27-р байр, 13 тоот орорн сууц,
19.Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, 42-р байр, 0 тоот орон сууц,
20.Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 113-р байр, 504 тоот орон сууц,
Т.Бадамжунайгийн охин Гаваагийн нөхөр Энхсайханы Жаргалсайханы нэр дээр:
21.Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Бага тойруу гудамж, 23-р байр, 27 тоот орон сууц,
22.Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол /14230/ Нарны зам гудамж, 62 дугаартай барилгын В блок, 401 тоот орон сууц,
23.Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24а байр, 37 тоот орон сууц,
24.Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, 42-р байр, 0 тоот орон сууц, Бадамжунайн охин Б.Давагийн нэр дээр:
25.Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40, 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 18-р байр, 12 тоот орон сууц,
26.Баянгол дүүргийн 12-р хороо, 27-р байр, 13 тоот орон сууц,
27.Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, 40-р байр, 0 тоот орон сууц,
28.Хан-Уул дүүргийн 1-р хороо, Зайсан гудамж 6, Зоорийн давхрын 3, 4 тоот зэрэг орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүдийг өөртөө завшжээ. Эдгээр 26 орон сууц, 2 үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж бол зөвхөн одоогоор мэдэгдэж байгаа үл хөдлөх хөрөнгө нь юм. Цаана нь хичнээн орон сууц, барилга байгууламж нууцаар авч үлдсэнийг хэн ч үл мэднэ.
Эдгээр 2 үйлдвэр үйлчилгээний байгууламж, 26 орон сууцны үнийг хамгийн багаар тэр үеийн ханшаар барагцаалж бодвол 5 тэрбум шахам төгрөгний үнэтэй болж байна. Төрөөс төрсөн тэрбумтан ганц луйварчин авилгач ийм их хэмжээний хөрөнгө хувьдаа завшжээ. Хорин нэгдүгээр зуун гарч хорин жил болчихоод байхад эх орны минь хэдэн зуун мянган иргэдэд маань тохилог орон сууц, хөнгөлөлттэй зээл олдохгүй, өмхий модон жорлонтой хашаанд эсгий гэрт өнөө маргаашаа арайхийн өнгөрөөж зутруухан амьдарч байхад бирдийн шуналтай ганцхан луйварчин төрийн түшээ хувьдаа гуч шахам орон сууц, хаус үнэгүй завшчихаад гэмгүй царайлаад сууж байгаа нь юутай гутамшиг. Бадамжунайн балаг үүгээр дууссангүй. Бадамжунай бас өөрийн болон эхнэр, охин, хүргэнийхээ нэр дээр 31 компани байгуулжээ. Энэ олон компаниараа дамжуулж хичнээн хөрөнгө мөнгө завшсаныг хэн ч үл мэднэ. Бадамжунайн нэг хүүхэд АНУ-ын дээд сургуульд 32 000 ам доллар буюу 90.0 сая төгрөгийн улсын тэтгэлгээр сурдаг аж. Ардын хүүхдэд бол тэтгэлэг олддоггүй, авилгачин Жунайн хүүхдэд бол олддог аж. Т.Бадамжунай өөртөө тус бүр нь 800 мянган ам.долларын үнэтэй хоёр ширхэг цагийг нийт 1 сая 600 мянган ам доллар буюу 4 тэрбум 480 сая төгрөгөөр Швейцарийн алдарт “Ulysse Nardin” компаниар хийлгэхээр захиалж байжээ. Т.Бадамжунай солонгосчуудад 330 мянган га газар заржээ.
Т.Бадамжунайд тариалангийн асар том газрууд байдаг аж. Булган аймагт 2000 гаруй га тариалангийн талбайтай, Сэлэнгэ аймагт үүнээс ч илүү том тариалангийн талбайтай аж. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа Т.Бадамжунай ул¬сын төсвөөс 500 сая төгрөг завшсан гэгдэж байсан боловч ямар ч хэрэг үүсгээгүй таг чиг өнгөрчээ. Төрийн сайд Т.Бадамжунай, төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга нар Хүнс, хөдөө аж ахуйн яамыг удирдаж байх үед нь тендерчдийн дунд “Тэдэнд зуун сая юу ч биш, ердөө л гар цайлгах мөнгө” гэдэг хэлц үг хүртэл гарч байжээ. 2000 оны үеэс эхлэн Бадамжунай нийслэл хотын ерөнхий менежер болсон үед хотын албан газрууд шинэ жилийн баяраар нийслэлийн Сүхбаатарын төв талбайд түрээс мөнгө төлж мөсөн хотхон, мөсөн баримал хийж уралддаг байсан бөгөөд Бадамжунай тэр үед тэрхүү талбайн татвар, түрээсийн мөнгийг хурааж авдаг байжээ.
Бадамжунайн баяжих сэдэл үүнээс эхэлж Сүхбаатарын талбайд хэдэн өдөр зай талбай түрээслэх жижигхэн бизнес санаа нь сүүлдээ нийслэл хотын “А” зэрэглэлийн чухал үнэтэй газрыг зарах болтлоо өргөжиж хагартлаа баяжсан гэдэг . Түүний хамтрагч М.Энхболд мэтийн дарга нар энэ бизнесийг нь гал дээр тос хийсэнтэй адил өөгшүүлж, Т.Бадамжунай ч барагдашгүй шуналдаа хөтлөгдөж нийслэл хоттой холбоотой бүх бизнесээс ихээхэн ашиг олсон тухай олон нийт шуугиад л өнгөрсөн аж. Улаанбаатарын хамаг л өөдтэй өнгөтэй, ашигтай бүх газрууд Энхболд, Бадамжунай хоёрын гараар дамжиж нийслэл хотод өдгөө юун автомашин байршуулах бүү хэл, явган хүн алхах гишгэх ч газаргүй болж, шахцалдсан өндөр байшингуудын цуглуулга болжээ. Тэр үед “Бадарчин явсан газар балагтай, Бадамжунайн явсан газар барцадтай” гэсэн хэлц үг хүртэл олны дунд гарчээ. Бадамжунай УИХ-ын гишүүн байхдаа “Хадгаламж” банкнаас сох дутсан 14 тэрбум төгрөгний хэрэгт нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамт шалгагджээ.
Гэвч тэр уснаас хуурай гарчээ. Бадамжунай төрийн сайд байхдаа ч бас л балаг тарьж байв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгатай хамтран тендерийн будилаан хийж авилга авч ихээхэн мөнгө завшиж байсан тухай хэвлэлээр гарч байв. Үр хадгалах сав, малын чипний тендерийг ашиглан авилга авч өөртөө үлэмж их мөнгө олсон ажээ. Атрын аян эхлүүлэх нэрээр тариалангийн газруудыг хувьдаа авчээ. Малын вакцины наймааны хар мөр ч тэндээс эхэлсэн тухай шүлхий өвчний үеэр зарим хэвлэл дурдаж байв. Бадамжунай бас алтан бурхан цуглуулдаг хоббитой ажээ. Ачаа тээврийн жижигхэн диспетчерээс эхлээд авилгалын хамгийн том мангас болсон Бадамжунайн балагтай түүх товчдоо ийм л байна. Төрийн парламентад хоёр удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, төрийн сайд, нийслэл хотын ерөнхий менежер, насаараа монголын төрийн өндөр алба хашиж байсан Бадамжунай гэгч ийм л адгийн авилгач, луйварчин гэмтэн байжээ. Ийм гэмтэнийг орогнуулж төрийн өндөр албан тушаалд 18 жилийн турш томилж байсан монгол төрийн хайран нэр хүнд, хохирч үлдсэн хайран ард иргэд. Бодвол Бадамжунай гэдэг нэрийг эцэг, эх нь түүнд өгөхдөө Бадамжунай бурхан мэт асрал, энэрэлтэй, эрдэмтэй, буянтай сайн хүн болоосой хэмээн билэгдсэн биз. Бадамжунай гэгээнтэн багш 1300 жилийн өмнө төрийн түшмэл нарт айлдахдаа: “Албатуудынхаа аж байдал, амин зуулгыг халамжлан энэрч үйлд. Асрахуй, энэрэхүйн нүүр гаргаж сайн, муугийн утгыг мэдэхтүн. Төрийн сайн муу нь түшмэлийн сайн муугаас болмой. Сайн зөв үзэл гаргаж төр улсаа тэтгэгтүн” хэмээжээ. Гэвч монголын төрийн түшээ Бадамжунай шударга түшмэлийн замаар явсангүй, шуналт бирдийн замаар явж, төрийн албан хаагчийн тангарагаа уландаа гишгэжээ. Одоо авилгач луйварчин Бадамжунай хаана толгой хоргодож байна вэ? Авилгадаж авсан олон орон сууцандаа тэр лав харагдахгүй байна. Албан бус эх сурвалжуудын мэдээллээр эдүгээ Т.Бадамжунай Монголд байхгүй, гадаад орон руу зугтаасан ажээ. Түүнийг 2018 оны сүүлчээр ЖДҮ-гийн хэрэг ид мандаж эхлэх үед монголын өмнөд хил Замын-Үүдээр “УАЗ-469” машинд суугаад зүсээ хувирган зугтаасан гэсэн мэдээлэл байдаг.
Эдүгээ Бадамжунай зүүн өмнөд азийн Сингапур хотод нуугдаж байгаа гэсэн мэдээлэл ч хэвлэлээр гарч байв. Ямартай ч монголын хамгийн том авилгачдын нэг Т.Бадамжунай хууль хяналтын байгууллагаас зугтааж гадаадад амьдарч байгаа нь үнэн ажээ. Монголд шударга ёс, хууль ёс, төр засаг гэж байдаг юм бол энэ авилгачин луйварчныг нэн даруй гадаадаас баривчилж олж ирээд хууль бусаар олсон бүх үл хөдлөх хөрөнгийг нь үтэр түргэн хурааж, гэм буруутайг нь шүүхээр тогтоолгож, ялыг нь ногдуулж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй л дээ.Өмнөх социалист нийгмийн үед улсын 20 000 төгрөг завшсан хүн шууд цаазаар авхуулах ял авч буудуулдаг байлаа. Эзэн Богд Чингис хаан: ”Гэмтэнийг гэсгээхтүн, гавьяатныг шагнахтун. Ингэвээс түмэн олон амар жаргамой “ хэмээн зарлигласан. Монголын төр засаг энэ сургаалийг хэрэгжүүлэх цаг болжээ.
Өнгөрсөн гучаад жилд төрд шургалсан улс төр бизнесийн мафийн бүлэглэлүүд төрийн өндөр албан тушаалаас эхлээд монголын хамаг баялаг, ашигт малтмалын лиценз, ашигтай газар,орон сууц, хауснууд, үйлдвэр үйлчилгээний барилга байгууламж, гадаадын олон зуун сая долларын зээл, тусламж, банкны хөнгөлөлттэй зээл, тендер, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, газар тариалан, хөдөө аж ахуйг дэмжих, боловсрол, төсвийн тогтворжуулалт, ирээдүйн өв сан зэрэг засгийн газрын тусгай 29 сангийн олон зуун тэрбум төгрөг... энэ бүгдийг хуу хаман булаан авч гэмтэй хүнийг гэмгүй болгож, гэмгүй хүний гэмтэй болгож, ард түмэнд ажил орлого, амьдрах сууц, алд дэлэм газар, хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, амьдрах орон зай өчүүхэн ч үлдсэнгүй. Монголын Засгийн газарт 1991-2017 онуудад гадаад улс, олон улсын байгууллагуудаас олгосон 2 тэрбум 620 сая ам.долларын буцалтгүй тусламж, 4 тэрбум 380 сая ам.долларын гадаадын зээл хаашаа алга болсон бэ? Хамгийн сүүлд гадаадаас авсан Чингис бондын 1.5 тэрбум ам доллар, Самурай бондын 30 тэрбум иен, Мазаалай бондын 500 сая ам доллар, евро бондын 600 сая ам доллар, Хуралдай бондын 600 сая ам доллар, Дим Сам бондын 1 тэрбум юанийг хэн авсан бэ? Гадаадын зээл тусламжийн үр дүн нь юү болсон бэ? Ард иргэдэд наалдсан юм байна уу? Аж үйлдвэр, төмөр зам, цахилгаан станц, дулааны станцаа барихгүй яасан юм бэ?
Төгсгөлд нь өгүүлэхэд миний орон сууцны гачлан нийслэл хотод 2011 оны 6-р сарын 6-ны өдөр орон сууцны ордер авснаар дуусгавар болов. Орон сууцны асуудлыг шийдэхэд хоёр хүн надад тус болсныг мартаж болохгүй. Миний ажилладаг байгууллага болох Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин надад ипотекийн зээл авах байгууллагын зөвшөөрөл өгөв. Би ипотекийн зээл авах гээд “орон сууцны корпораци” дээр очоод бүх баримт бичгээ зээл хариуцсан залууд өгөхөд тэр залуу: “Та 15 жилийн хугацаатай орон сууцны ипотекийн зээл хүсчээ. Та тэтгэвэрт гарахад найман жил дутуу байгаа юм байна. Та зээлээ төлж чадах юм уу?” хэмээн үл итгэсэн харцаар над руу харж хэлэхэд олон жилийн өмнөөс эхлэн бүтэлгүй төрд нухлуулж гомдсон сэтгэл минь дахин сэдэрч,сэтгэлийн гүнд зэвүүцлийн оч маналзаж билээ. Тас хар үстэй цэл залуухан албан хаагч байхад минь аймаг,нийслэлийн төрийн байгууллага, банкнууд орон сууц, зээл олгоогүй атлаа эдүгээ санчигны үс нь бууралтсан ахмад албан хаагч болчихоод олон жилийн дараа нөгөө ганц хүсэлтээ тавихад нөгөө л бүтэлгүй хариугаа сонсох гэж үү хэмээн бодож их л гутруу царайлж билээ. Гэхдээ яах вэ, орон сууцны корпораци нилээд тунирхан байж төрд гучин жил зүтгэсэн төрийн ахмад ажилтан надад ипотекийн зээл өгч миний магнай тэнийсэн дээ. Үүнээс хоёр, гуравхан жилийн дараа С.Энхтүвшин дарга цаг уурын агентлагийнхаа ажилчид, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 200 айлын орон сууц барих ажлыг нийслэл хотод шуурхай зохион байгуулж, манай цаг уурын бараг бүх ажилчин, албан хаагчид, тэр бүү хэл, улсад ганц хоёрхон жил ажилласан залуус хүртэл орон сууцтай болж байлаа. Энхтүвшин дарга тэрхүү 200 айлын орон сууцнаас өөртөө ганц ч орон сууц аваагүй бөгөөд орон сууц барихад дутсан мөнгийг нь хүртэл хувиасаа гаргаж орон сууц барьж байсан тухайн компанид өгч байв. Хамт олныхоо төлөө ингэж зүтгэдэг ийм сайн дарга Монголд хуруу дарам цөөхөн байх шүү. Ингэж цаг уурын агентлагийнхаа бүх ажилтны орон сууцны асуудлыг ганц том далайлтаар шийдэж чадсан төрийн бусад байгууллага, яам,тамгын газар бараг л байхгүй болов уу.
Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч асан С.Ганбаатарын “ипотекийн зээлээр орон сууц худалдан авах журам”-д хийсэн өөрчлөлт хүмүүст их тус болов.Тэрхүү журамд “улсад анх удаа орон сууц худалдан авах гэж байгаа, улсад хамгийн олон жил ажилласан албан хаагчийг эхний ээлжинд орон сууцны ипотекийн зээлд хамруулна ” гэсэн заалт нь надад яг тохирч, би ипотекийн зээл анх удаа авах боломжтой болсон доо. С.Ганбаатарыг би танихгүй ч гэсэн түүний ард олныхоо төлөө олигархиудтай хийсэн тэмцэл жирийн хүмүүст ямар тус нэмэр болсныг би сайтар санаж явдаг юм. С.Ганбаатар ипотекийн зээлийн хүү 14.0 хувь байсныг нь тэмцсээр байгаад 8.0 хувь болтол нь бууруулж чадсан нь ард олны ачааг хөнгөлсөн сайн үйл болов. Эцэст нь хэлэхэд ард олон маань ажил орлоготой, амьдрах орон сууцтай болохыг л хүсдэг. Ердөө ард олны энэ хоёрхон хүслийг нь төр засаг минь дэмжээд хэрэгжүүлээд өгвөл ард олны маань магнай тэнийнэ дээ. Монголд минь авилга, луйвар, хулгай мөхөж, хууль хэрэгжиж, шударга ёс тогтоосой.
Доржийн СҮХБААТАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(77.37.225.98) 2020-11-04 14:0590 оноос хойшхи үеийн Бадамжунай, Сүхбаатар 2 ын амьдралаар өнөөгийн нийгмийн дүр зургийг тод томруун харуулсан баримтат өгүүлэг болж. Хавар 4 сарын 1 нд уран уншигчид уншихад гарцаагүй шагнал авнаа.
Хариулах
Ахмад настан
(66.181.161.29) 2020-11-04 09:02Бадамжунай Миеэ 2 УБ хотын түгжрэл яалтчүгүй энэ 2 новштой шууд холбоотой хөдөөнөөс хот руу шилжилт хөдөлгөөнийг замбараагүй болгож хотын хойд талд салхинд айлуудыг замбараагүй буулгасан одоогийн энэ түгжрэл ч 2 новштой бас шууд холбоотой хотын иргэд өндөр татвар төлж хотод ирдэг энэ 2 новш ямарч хяналтгүй болгосон өөрсдөө баяжаад нийслэл хотыг утааны голомт болгосон бадамжунай хулгайчийг олж ирээч хөдөагийн хот болгосон 2 новш
Хариулах